Улсын онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр боллоо.
Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Баян-Өлгий аймагт ажилласан ажлын тайлан, Баян-Өлгий аймагт тохиолдсон үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хүргэх, хуваарилах үйл ажиллагааны явц, тохиолдож байгаа гамшгийн нөхцөл байдал, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцлээ.
2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас 160 гаруй өрхийн 700 орчим иргэн орох оронгүй болж, их хэмжээний хохирол учирлаа гэж Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцууллаа.
Эрүүл мэндийн яамны удирдлагууд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй цахим хурал хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, ялангуяа сэтгэл зүйн тусламж үзүүлэх, халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх, тандалт судалгааг эрчимжүүлэх талаар чиглэл зөвлөмж өгсөн байна.
Нэрвэгдсэн өрх тус бүрээр бохир усны халилт, хөрсний бохирдолтын судалгаа гарган, халдваргүйжүүлэх арга хэмжээ авчээ.
Одоогоор 26,000 ам метр талбайг 7.7 тонн бодис хэрэглэн халдваргүйжүүлжээ. Хүн амыг баталгаатай зөөврийн ундны усаар хангах эхэлсэн байна.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт гэнэтийн хүчтэй салхи, шуурга дэгдэх, аянга буух, усархаг бороо олон хоногоор үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэж болзошгүй тул малчид, ард иргэдийг гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, үерийн аманд буусан айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!