Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ-ын онцлох 12 САЙН МЭДЭЭ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан Монголчуудад ирэх үр өгөөж юу байв. 

АСЕМ зохион байгуулах эрх авсан 2014 оноос хойш энэ том давааг давж чадах болов уу гэсэн хүлээлт үүсгээд байсан ч бид амжилттай давж чадлаа. 

Харин эх орондоо энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын ач холбогдол, үр өгөөж нь юу байв. Улс орны тэргүүнүүдийн хооронд хийсэн уулзалтуудаас үр дүнгээ өгч эхэлсэн 12 сайн мэдээг онцолж байна. 

Сингапур руу 30 хоног визгүй зорчих болно 

 

НЭГ. АСЕМ-ын хүндтэй зочдоос хамгийн түрүүнд манай улсад саатсан хүн бол Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүү юм. Тус улсын Засгийн газрын тэргүүн манай улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ энэхүү айлчлал онцлогтой. Энэхүү айлчлалын хамгийн сайн мэдээ нь иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломж нээгдэв

Хугацаа хэтэрсэн 38 тэрбум төгрөгийн зээлийг бүрэн чөлөөлөв

 

ХОЁР. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран  ажиллахад зориулж 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдэв. 

ГУРАВ. БНХАУ-д төлөх Монгол Улсын хугацаа хэтэрсэн 38 тэрбум төгрөгийн өрийг бүрэн чөлөөлөв. Тодруулбал,  Монгол Улс БНХАУ-аас 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онд авч ашигласан зээлийн үндсэн төлбөр болох нийт 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлсөн хэлэлцээрийг байгуулав.

ДӨРӨВ. Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газарт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг буцалтгүй тусламжаар байгуулж өгөх хүсэлт гаргаад байсан билээ. Уг хүсэлтийг Хятадын тал нааштайгаар хүлээн авснаар, 30 сая ам.долларын санхүүлжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийг байгуулах болов

ТАВ. Мөн  Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны гэргий Ченг Хонгоос буцалтгүй тусламж үзүүлж, 28 хүний суудалтай хүүхдийн автобус болон компьютер, хувилах машин, цүнх, тоглоом зэрэг нэг сая юанийн хөрөнгө оруулалттай эд зүйлийг хандивлалаа.

Мальта улс руу зорчиж буй дипломат болон албан паспорт эзэмшигчийг визээс чөлөөлнө 

 

ЗУРГАА. “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн яамны сайд Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Мальта Улсын Гадаад хэргийн сайд Жорж Велла нар “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс харилцан чөлөөлөх тухай” хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Дашрамд дурдахад Мальта Улс 2017 оны нэгдүгээр сараас Европын Холбоог даргалах юм. 

"Хэрэв Байгаль нуурт сөрөг биш гэвэл бас бодолцож үзнэ"

 

ДОЛОО. АСЕМ-ийн уулзалтад оролцсон хүндэт зочдын нэг нь ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Эгийн голын УЦС-ын талаар ярилцав. Энэ үеэр Д.Медведев “Эгийн голын УЦС-ын асуудлыг орхихгүй. Эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн санал бодлыг сайтар сонсоно. Хэрэв Байгал нуурт сөрөг биш гэвэл бас бодолцож үзнэ” гэж байлаа.

Байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Засгийн газарт 200 мянган ам.долларын хандив өгнө гэв 

 

НАЙМ. Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхий сайд Карим Масимов Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Улаанбаатар-Астанагийн чиглэлд шууд нислэг үйлдэх асуудлыг шийдэх боломжийн талаар хөндөж байлаа. Мөн Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Засгийн газарт 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хандив өгөхөө илэрхийллээ.

БНСУ-ын буцалтгүй тусламжаар байгалийн түүхийн музейн барилгыг барихаар болов

 

ЕС. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ АСЕМ-д оролцохоос гадна албан ёсны айлчлал хийхээр манай улсад ирсэн билээ. Айлчлалын хүрээнд  БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн 19.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

АРАВ. БНСУ-ын EDCF сангийн 25 сая ам.долларын зээлээр “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хоёрдугаар шатны зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улс хот хоорондын тээвэрт зориулж том оврын 200 автобус авч ашиглах юм. 

АРВАННЭГ. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо Байгалийн түүхийн музейн барилга барих, Мэдээлэл технологийн хамтарсан коллеж байгуулах, цаашид инженер техникийн мэргэжилтнүүдийг БНСУ-д тодорхой үе шаттайгаар бэлтгэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирлоо.

Вьетнамчууд Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад туслана

 

АРВАНХОЁР. Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын талаас Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажилд хамтрахаа мэдэгдсэн.