Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Хуучин орон сууц ямар үнэтэй байна вэ?

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Бид 2016 оны байдлаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хороолол бүрээр санамсаргүй түүврийн аргаар 95 хувийн итгэх магадлалтайгаар нийт 760 хуучин орон сууцыг хамруулан Улаанбаатар хотын хуучин орон сууцны зах зээлийг судаллаа. 

Нийслэл хот дахь 2000 оноос өмнөх хуучин орон сууцны дундаж үнэ, хоёр өрөө байрны хувьд сүүлийн зургаан сард тогтвортой байна. Харин 1, 3, 4-өөс дээш өрөөтэй байрнуудын үнэ буурсан хандлагатай байна

Судалгаанд хамрагдсан хуучин орон сууцны түүврийн тоо

 

Судалгааны түүвэрт 2000 оноос хойших барилга нь нийт хуучин орон сууцны 63 хувийг эзэлж байна. Үүний дотор зах зээл дээр борлуулагдаж буй хуучин орон сууцны хувьд  ашиглалтад ороод удаагүй 2013 оноос хойших барилга 31 хувийг эзэлж байгаа юм. 

Зах зээлд дахин борлуулагдаж буй хуучин орон сууцны хувьд 2000 оноос өмнө баригдсан барилгуудын 5 болон 9 давхрын сууцнууд хамгийн ихээр худалдаалагдаж байгаа бол 2000 оноос хойш баригдсан барилгуудын 5, 9 болон 12-р давхрын сууцнууд хамгийн өндөр хувьтай худалдаалагдаж байгааг харж болно. 

2016 оны дөрөвдүгээр сарын байдлаар УБ хотын хуучин орон сууцны 1м.кв-ын дундаж үнийг өрөөний тоотой харьцуулан судлахад дараах байдалтай байна. 

Хуучин орон сууцны м2-ийн үнэлгээ, өрөөний тоогоор

 

Хуучин орон сууцны дүүргүүд дэх нийт дундаж үнэ 1м.кв-1.8 сая төгрөг байна. Үнийг дүүргүүдээр харьцуулан үзэхэд СХД-т хамгийн хямд буюу 1.3-1.4 сая төгрөг байна. Хамгийн өндөр үнэтэй нь СБД-т 2.1-2.4 сая төгрөг байна. 

 Хуучин орон сууцны м2-ийн дундаж үнэ, сая.төг, дүүргээр

 

 Хуучин орон сууцны үнийн өөрчлөлт 

2016 оны гуравдугаар сарын байдлаар төвийн зургаан дүүргийн хуучин орон сууцны үнийг урьд оны гуравдугаар улирлын үетэй харьцуулан үнийн өөрчлөлтийг дүүрэг тус бүрээр судлан авч үзлээ. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хуучин орон сууцны үнэ ерөнхийдөө буурсан байна.

ЧД болон ХУД-ийн нэг өрөө хуучин байрны үнэ хамгийн өндөр буюу 22-25 хувиар буурчээ. Хоёр өрөө байрны хувьд ЧД болон БГД-ийн хуучин орон сууцны үнэ 16-17 хувиар буурсан бол гурван өрөө байрны хувьд СХД болон БЗД-т байрлалтай хуучин орон сууцны үнэ 10-14 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Харин СБД-т байрлалтай гурван өрөө хуучин байрны дундаж үнэ өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 10 хувь, ХУД-т байрлалтай гурван өрөө байрны дундаж үнэ нэг хувиар тус тус өсчээ. 

Орон сууцны дундаж үнийг дүүрэг тус бүрээр харахад ЧД-т нэг өрөө байр 62.1 сая буюу бусад дүүргээс өндөр, хоёр өрөө байр СБД-т 115.0 сая төгрөг буюу бусад дүүргээс өндөр, гурван өрөө байр ЧД-т 164.8 сая буюу бусад дүүргээс өндөр үзүүлэлтүүдтэй байна.  



Эх сурвалж: “Барилга үл хөдлөх хөрөнгийн судалгааны тайлан 2016”