Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмчийн харилцааны газрын дарга нар Хятадуудад хууль бусаар газар олгож байв уу?

С.Уул, Өглөөний сонин
2016 оны 7 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын албаны дарга Б нь БНХАУ-ын иргэнээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарчээ. 

Тэрбээр тус дүүргийн "Их цуурайтын ам"-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн Л-д олгосны шан хэмээн дээрх их хэмжээний мөнгийг авсан аж. Нэгэн иргэний өгсөн мэдээллийн дагуу ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид түүнийг үйлдэл дээр нь саатуулж, цагдан хорьсон аж.

Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ иргэн Ч, П нартай үгсэн тохирч, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан аж.

Иймд БЗД-ийн Өмчийн харилцааны газрын албаны дарга Б-г баривчлан бэлэн мөнгө болон нотлох баримтыг хураан авч, улмаар АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 "Амгалан" дулааны станцыг барихын тулд Баянзүрх дүүргийн нутаг, "Ус-15" орчмын 11.6 га газрыг чөлөөлөхөөр болсон. 

Ямартай ч илэрсэн нь энэ л болохоос биш Өмчийн харилцааны газрын дарга даамлууд энэ мэтээр маш олон газар зарж хөлждөгийг бүгд мэднэ. 

Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн дарга асан Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтуяа, Г.Түмэнжаргал нар албан тушаал эрх мэдлээ ашиглан, ажил мэргэжлээ ашиг хонжоо харах хэрэгсэл болгосны улмаас иргэд болон төрийн дансанд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллаж байсан юм. 

Тодруулбал, "Амгалан" дулааны станцыг барихын тулд Баянзүрх дүүргийн нутаг, "Ус-15" орчмын 11.6 га газрыг чөлөөлөхөөр болсон. Улмаар нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, тухайн бүсэд оршин сууж байсан өрх, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлсөн иргэдтэй тохиролцон газрыг нь үнэлэн төлбөр олгосон юм.

Гэтэл энэ ажлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр тэднийг буруутгажээ. Энэ мэтчилэн дурдаад байвал Өмчийн харилцааны газартай холбоотой маш олон авлига, албан тушаалын гэмт хэргүүд гарч ирэх бололтой. 

Хэрвээ хууль хяналтынхан дээрх хэргийг нарийвчлан шалгаж үзвэл ихэнх дүүргийн газар, хэлтсийн дарга нар иймэрхүү аргаар мөнгө олж, иргэдэд олгогдох ёстой 0.5 га газрыг хятадуудад өгсөн хэрэг сөхөгдөнө. Ямартай ч авлига, албан тушаалын хэргийн ялыг чангаруулна гэсэн төрийн бодлого хэрэгжих цаг нь иржээ.

 

Зураг