• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Бууз хил давна

Ц.Эрдэнэцэцэг, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 28
Өдрийн шуудан
Зураг зураг

Манай улсын гадагшаа экспортлох бүтээгдэхүүн нэгээр нэмэгдэж байна. Тэр бүтээгдэхүүн нь амттай бууз гэнэ.

“БНХАУ-руу бууз экспортлохоор болжээ” гэх мэдээ сонсоход л сонирхол татлаа. Мэдээллийн мөрөөр судалж үзэхэд манай бууз үйлдвэрлэгчид буузаа БНХАУ-руу экспортод гаргахаар жил гаруйн өмнөөс санал нэгдэж, энэ тухайгаа Худалдаа аж үйлдвэрийн танхимаар дамжуулан Засгийн газарт оруулжээ.

Засгийн газраас ч нааштай хандаж, өнгөрсөн хавар бууз экспортлох санамж бичигт хоёр улсын холбогдох яамдын сайд нар гарын үсгээ зуржээ. Эдүгээ бууз экспортлохтой холбогдон үүсэх асуудлуудыг зохицуулж, шийдвэрлэх яриа хэлцэл хоёр улсын хооронд болж байгаа аж.

Бууз үйлдвэрлэгчид монгол буузаар Хөх хот, Эрээнийг хангах боломжтой гэсэн тооцоо гаргажээ.

Монгол буузаа БНХАУ-руу экспортлох яриа хөөрөө бүр хоёр жилийн өмнөөс эхтэй ч тус улсад манайхаас хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн гаргах боломжгүй байснаар энэ асуудал удааширчээ.

Гэвч манай бууз үйлдвэрлэгчдийн идэвхтэй санаачилга, хөөцөлдлөгөөний үр дүнд монгол бууз хил давахаар болсон байна. Ингэхэд буузаа яагаад экспортлохоор болов гэвэл хоёр жилийн өмнө Эрээн хотод болсон үзэсгэлэн худал¬даанд манай улсын бууз үйлдвэрлэгч компаниуд бууз, баншны төрлөөр оролцож, амталгаат худалдаа явуулахад бөөн оочер дугаар үүсч, 4.2 тонн буузыг маш богино хугацаанд төвөггүй, борлуулчихжээ.

Тиймээс бууз үйлдвэрлэгчид монгол буузаа экспортод гаргая гэсэн санаачилга гаргаж, Хятадад зах зээл байна уу гэдгийг ч судалжээ. Хятадуудын өөрсдийнх нь хийдэг буузны 20-25 хувь нь мах байдаг бол манай монгол бууз 100 хувь мах орсон гэдгээрээ урд хөршийнхний сонирхлыг ихэд татжээ. Бас дээр нь манай малын махны амт, чанар сайн байсан нь урд хөршийн иргэдийг монгол бууз руу хошуурахад хүргэсэн юм билээ.

Бууз үйлдвэрлэгчид монгол буузаар Хятадын том зах зээлийг хангаж дийлэхгүй нь тодорхой ч Хөх хот, Эрээнийг бол хангах боломжтой гэсэн тооцоо гаргасан гэсэн.

Бууз экспортлох тухай яриа хөөрөө яагаад ийм урт настай байв гэвэл хоёр улсын Засгийн газрын хэмжээнд зөвшөөрөөгүй бол ямар ч төрлийн бараа, бүтээгдэхүүнийг заавал Хятад улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм байна.

Хэрвээ Хятадын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл явуулбал тэндээс мах гурилаа авна гэсэн үг болно. Үүнээс зайлсхийж, Замын-Үүдэд үйлдвэрлэлээ явуулаад цаашаа гаргах боломжийг компаниуд судалжээ.

Ийм боломж ч байгаа юм байна. Гагцхүү хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгээд Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудлыг хүлээж байгаа гэх.

Бууз экспортлоно гэсэн энэ мэдээлэлд иргэд хоёр талтай хандаж байна. Мэдээж бууз экспортлоход манай улсад валют орж ирэх сайн талтай гэх нэг хэсэг байхад их хэмжээгээр үйлдвэрлэж, өндөр үнээр гаргавал Монголд мах ховордож, махны үнэ нэмэгдэнэ гэсэн эмзэглэл тээж буй хэсэг ч байгаа юм.

Эдийн засагчид өртөг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн экспортод гаргах хэрэгтэй байна гэдэг. Тэгвэл бууз хамгийн сайн өртөг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн юм.

Энэ бэлэн бүтээгдэхүүнээ урд гэлтгүй хойд хөршдөө ч гаргах боломжтой. Амжилттай хэрэгжүүлбэл манай улсын эдийн засагт хувь нэмрээ өгнө. Гэхдээ дотооддоо махны үнэ нэмэгдэх гэх мэт сөрөг нөхцөл байдал үүсэхээс л сэргийлж чадвал шүү дээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг