Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ялгагдахгүй үзэл баримтлалтай, хэмжигдэхгүй зорилготой, хариуцлага тооцдоггүй дүрэмтэй намууд нийгмээ шинэчлэлд хөтөлж чадах уу

ikon.mn
2016 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Энэ сонгуульд Ардчилсан нам ялагдав. Сонгууль бүрийн дараа гардаг гайхсан, баярлаж дэвхцсэн,  гутарсан, буруутныг эрсэн нийтлэг дүр төрх. Гэхдээ энэ удаагийнх зарим талаараа нэлээд өөр харагдаж байна.  Ардчилсан Нам ард түмний хайртай хүү нь байсныг би сонгуулийн дараах үйл явцаас харж, мэдэрч байна. Хүү нь эцгийнхээ нэрийг барьж хүнээс мөнгө зээлж, аавынхаа гэрийг засаж, өнгө оруулж сайхан мөрөөдөл, өөдрөг тэмүүллийнхээ төлөө зүтгэж бас зарим алдаа гаргаж жаахан дэггүйтснийх нь төлөө аав нь алгадчихлаа. Өөртөө нэр олох гэж, өөдөсхөн ч хамаагүй ашиг хийх гэж яваагүйг аав нь мэдэж байгаа ч бухимдалдаа алгадчихлаа. Харин дараа нь муу хүүгээ арай л хэтрүүлчихвүү хэмээн бодож суугаа эцэг мэт. 

Би бас энэ сонгуульд өрсөлдлөө, “ялагдлаа”. Энэ том намыг төлөөлж, хамгийн хүнд гэгддэг тойрог руу өвөр дүүрэн итгэл тээж очлоо. Ямар өөдрөг төсөөллөөр маргаашаа харж тэмүүлж байснаа, хэрхэн бэлтгэж, хэтийн ирээдүйг нь өөрчлөх төлөвлөгөө барьж очсноо, маргаашийн тухай түй ч бодуулалгүйгээр өнөөдрөөр нь ард түмнийг хуураад сурчихсан асар том сүлжээний эсрэг зогссон тухайгаа дараа бичих боломж олдох биз. 

Харин одоо  АН ямар сорилтын өмнө тулаад байгаа, цаашид яах ёстой вэ? гэдэгт өөрийн бодлоо хуваалцая. 

Ялагдсан гэдэг мэдээ улс даяар ч бүрэн тарж амжаагүй байхад, яахаа ч мэдэхгүй болсон хүмүүс хаашаа харах, юу хэлэхээ бодож амжаагүй байхад яг одоо АН-ыг шинэчлэх цаг болсон, хоногийн дотор ажлаа өг гэх зэргээр олон хүн зэрэг шахам орилж байгаа нь муухай л харагдана.

Үе үеийн удирдлагууд маань эх орныхоо төлөө, намынхаа төлөө сэтгэлээ чилээж байсан, ялалт байгуулвал эрхээ эдэлж чадах, ялагдвал хариуцлагаа үүрчих хэмжээний лидерүүд байсаар ирсэн. Энэ чинь Ардчилсан нам шүү дээ. Сайн ажиглаарай даа, аягүй бол хамгийн их шинэчлэл ярьж байгаа нөхдүүд энэ сонгуульд намын төлөө, нэр дэвшигчийнхээ төлөө яваагүй л байгаа даа. Гэхдээ энэ ч яахав. Нам ялагдсан нь үнэн, хариуцлагаа ч хүлээх ёстой. Өмнө нь бас ялагдаж үзэж байсан, дараа нь шинэчлэнэ ээ л гэдэг. Явсаар дарга солиод л дуусдаг. Харин энэ удаа арай өөр түвшний шинэчлэлийг хийх нийгмийн захиалга үүсчээ. Ямар шинэчлэл гэж.

Монголчууд бид чинь төрөө дээдэлдэг, төрийн сонгуулиа өгөхдөө торгон дээлээ өмсөөд тарган морио унаад баяр баясгалантай ирдэг байсан ард түмэн. Харин одоогийн сонгууль хэн нэгэн аврагчийг хүлээсэн, Оюутолгой, Тавантолгойд найдсан, бурууг бусдаас эрж хайсан, сайхан маргаашийн төлөөх санаа бодлын уралдаан бус, өчигдрийн дурсамжаар амьдардаг өөртөө итгэлгүй нэгний горьдлогын гарын үсэг зуралт болж байна. Буруутан нь хэн бэ. Бид бүгдээрээ, түүн дотроо ардчилсан хүчний өнгөрсөн 25 жилийн хэт амжилтын сүүдэртэй тал нь гэж хэлэх байна. Улс төрийн ардчилсан систем, эдийн засгийн капиталист тогтолцоо хоёр маань араа шүд болж хамтдаа эргэж чадахгүй байгааг бид харж байна. Улс төр нь чөлөөт эдийн засгаа боомилдог, сүүлдээ чөлөөтэй эдийн засаг нь улс төрдөө нөлөөлдөг, ард түмэн нь сонголтын гарын үсгээ худалдахад бэлэн үнэлэмжийн доройтолд орлоо. Яг одоо үүнийг таслан зогсоохгүй бол, үндэснийхээ өөртөө итгэх итгэлийг сэргээхгүй бол оройтох гэж байна. Энийг хэн хийх вэ, хэзээ хийх вэ.
    
Энэ бүх үүргийг итгэл найдварыг Монголд ганцхан нам, улс төрийн хүчин хийж чадна. Энэ бол Ардчилсан нам. Тэд 25 жилийн өмнө ард түмэндээ эрх чөлөөнд тулгуурласан итгэл найдварын галыг авч ирсэн юм.  Харин энэ итгэл найдварыг өөртөө  итгэх, өөрөө бүтэж сэргэн мандах үндэсний хөдөлгөөн болгох чадавхи нөөц Ардчилсан намд бий гэж би итгэж байна. Ардчилсан нам шинэчлэгдээд зөвхөн 2020 онд ялах зорилго бишээ, үндэснийхээ дараагийн 25 жилийн сэргэлтийг авч ирэх зорилго тавих ёстой. 

Ингэхийн тулд хэн, ямар хүмүүс энэ шинэчлэлийг хийх юм, юуг нь яаж шинэчлэх юм, зорилго нь юу вэ гэх олон асуулт гарна. 

Шинэчилнэ гэдгийг бид том том зүйл ярьж эхлээд дарга солих төдийгээр л дуусгах нь бий.  Хүссэн ч, эс хүссэн ч шинэчлэлийн нэг хэсэгт удирдлагын өөрчлөлт  багтдаг. Хэн энэ өөрчлөлтийг хийж чадах вэ. Маргаашийн тухай сайхан төсөөлөлтэй, өчигдрийн тухай ой санамжтай, олон түмнээ үйл ажиллагаандаа татан оролцуулж манлайлж итгэл төрүүлж чадах хүмүүс шинэчлэлийг хийх ёстой. Хуучин ямар байсан тэр замаар шинэ хүн гүйхийг бас шинэчлэгдлээ гэхгүй.

Нам уг нь нийгмийг оюун санаа, үзэл суртлын хувьд залдаг байгууллага. Үүний тулд үнэт эрхэмлэдэг зүйлтэй тэр нь бусдаас ялгардаг байх ёстой. Харин одоо Ардчилсан нам, Ардын нам хоёрт үзэл баримтлалын ямар ялгаа байгаа вэ.  М үсэгнээс өөр ямар ялгаа байгааг олон нийт битгий хэл бусад нь мэдэхээ тоохоо больсон. 

Нам бодлого гаргадаг, түүнээ хэрэгжүүлдэг боловсон хүчнээ төрдөө илгээх ёстой улс төрийн байгууллага. Харин өнөөгийн намууд төрийн боловсон хүчний бодлогыг шинэчлэх нь байтугай өөрийнхөө гишүүнчлэл, удирдах байгууллагын гишүүдийн сонголт, сэлгэлт, бэлтгэлт, дэвшүүлэлт, хариуцлагын тогтолцоо байхгүй шахуу болж хувирсан.

Үзэл баримтлалтай түүндээ итгэдэг шигшигдсэн боловсон хүчинтэй намаас маргаашийн тодорхой зорилго гарах нь дамжиггүй. Хэмжигдэхүйц зорилгын төлөө хүн тэмцэж, үр дүнгээ үзэж шагнал хариуцлагынхаа нэгийг хүртэх нь хамгийн шударга. Үзэл баримтлал, үнэт зүйлдээ тулгуурласан тодорхой бодлого, зорилго тавихгүй болоод удлаа. 

Ардчиллын үнэт зүйл, үзэл суртал уг нь их ирмүүн, нандин байсныг бид ч, олон нийт ч мартаж. Анхнаасаа ардчиллын тулгуур үнэт зүйл эрх чөлөө байсныг өнөөдрийн гучтангууд хүртэл мэдэхгүй байна. Яг адилхан хоёр нам зэрэг байгуулагдаж, ижил замналаар явж ирсэн мэтээр ирээдүй хойч төсөөлдөг, боддог болжээ. Энэ бүдгэрсэн ялгаагаа улам тордох, өнгөлөн зүлгэх шаардлагатай болжээ.  

Ялгагдахгүй үзэл баримтлалтай, хэмжигдэхгүй зорилготой, хариуцлага тооцдоггүй дүрэмтэй намууд нийгмээ шинэчлэлд хөтөлж чадах уу. Иймд Ардчилсан намын энэ удаагийн шинэчлэлийн зорилго 2020 онд ялж, алдагдсан эрх мэдэл албан тушаалаа эргүүлэн авах биш ээ. Харин үндэстэн өөртөө найдаж, өөрөө сэргэн мандах их итгэлэээ олж эрх чөлөөгөө жинхэнээсээ эдлэх боломжийг авч ирэх явдал гэж итгэнэм.

Увс аймгийн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл /2016.07.08/