Манай улс БНХАУ-тай Ялтан шилжүүлэх гэрээг хоёр жилийн өмнө баталгаажуулж гарын үсэг зурсан билээ. Гэрээний хүрээнд анхны ялтныг өнгөрсөн сард шилжүүлж авчээ. Түүнийг О гэдэг. Тэрээр найз охинтойгоо aнх 2007 онд БНХАУ-аас Монгол Улс руу хар тамхи нэвтрүүлэх үедээ баригдаж, тус улсын шүүхэд 15 жилийн ял сонссон байна. Түүний ах Т.Төмөрбаатартай ярилцлаа.
-Таны дүү О БНХАУ-д хар тамхины хэргээр есөн жил ял эдэлсэн байна. Хэрэг явдал яаж болсон талаар ярьж болох уу?
-Дүүгээ анх 2007 оны дөрөвдүгээр сард Хятадад баригдчихлаа гэж сонссон. Хар тамхи зөөвөрлөж байгаад найз охинтойгоо баригдсан байсан.
Түүнээс хойш хэл ам авалцаж чадахгүй байсаар анх 2010 онд Хөх хотод очиж хорих анги дээр нь уулзсан. Саяхныг хүртэл улиралд нэг удаа очиж уулздаг, байнгын холбоотой байсан.
-Шүүх хуралд нь оролцоогүй хэрэг үү?
-Холбоо барьж чадахгүй байсаар шүүх хурлыг нь мэдээгүй. 2007 оноос хойш холбогдох бүх газраар явсны эцэст л тэгж уулзсан хэрэг.
-Хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан гэсэн үү?
-Монгол руу орж ирэх гэж байтал Хятадын хил дээр ахимаг насны хоёр хүн юм дайсан гэсэн. Тэр хоёр нь өвөрмонгол эхнэр, нөхөр. Дайсан зүйл нь хар тамхи байж таарсан. Манай дүү юу ч мэдээгүй, шоконд орсон гэсэн.
Хүнд туслах гэсэн биш дүү маань 10 гаруй жилийн амьдралаараа, залуу насаараа хохироод байна даа.
Гэхдээ маш бага хэмжээний байсан тулдаа, бас анхны үйлдэл байсандаа л 15 жилийн ял сонссон. Тэр хэрэгт тав, зургуулаа холбогдсон. Бусад хүмүүс нь цаазаар авахуулсан. Хүнд туслах гэсэн биш дүү маань 10 гаруй жилийн амьдралаараа, залуу насаараа хохироод байна даа.
-Найз охин нь яасан бэ?
-Ял сонссон. Одоо гурван жил үлдсэн. Өөр газар хоригдож байгаа. Дүү маань дуу дуулж, сагс тоглох авьяастай болохоор тэмцээн, уралдаанд оролцсоныхоо шанд найз охинтойгоо уулздаг байсан гэсэн.
-Хар тамхи зөөвөрлөж байгаагаа мэдээгүй байсан байх нь ээ. Тэр үед дүү тань ямар ажлаар явж байсан юм бэ?
-Манайх ах дүүгээрээ 1990-ээд оноос эхлээд наймаа хийж эхэлсэн хүмүүс. Дүү маань тухайн үед тусдаа гараагүй, найз охинтойгоо ээжтэй хамт амьдардаг. Дүүгээ ч гэсэн наймааны дөртэй болгохоор урагшаа явуулдаг байлаа.
Хэн нэгэн, настай хүмүүс ч тэр юм дайвал битгий аваарай гэж. Нөгөөх чинь алдчихсан шүү, түүнийг давтчих вий дээ гээд бүр тархинд хоногшчихдог юм билээ. Хөгшин хүмүүс гэлтгүй аймаар болчихсон байдаг юм билээ, ийм төрлийн хэрэгт. Манайхан аз туршаад л амьдралаа орвонгоор нь эргүүлчихдэг.
-Дүүгээ Монголд ирснээс хойш уулзсан уу?
-Гурван удаа уулзсан. Нисэх онгоцны буудалд анх бууж байхад харгалзаж явсан хүмүүс нь бидэнтэй яриулсан. Харийн шоронд 10 гаруй жил байсан дүү маань “Монголын агаар ямар гоё юм бэ” гээд уйлж байсан. Ирснээс нь хойш гурван удаа уулзсан.
Тэр бүрт “Дүү нь Монголд ирсэн чинь эрх чөлөөтэй болсноос өөрцгүй боллоо. Хоригдлууд нарлаганд гарахаар би хамгийн сульдаа нь байна” гэж байсан.
Хүний нутагт байгаа иргэндээ анхаарал тавьж, хууль эрхзүйн бүхий л боломжоор нь хангаж чаддаг юм байна.
Хятадын шоронд байцааны усан шөл өгдөг. Үхрийн мах амсуулах төдий өгдөг байснаа Хятадын хямралаас болж өгөхөө больсон гэсэн. Одоо бол царай зүс нь сайжраад өнгө орчихсон. Манай ээж өндөр настай хөгшин бий. Бие нь тааруу байсан.
Хүүгээ Монголд ирснээс хойш бие нь сайжраад маш сайн байгаа. Энэ дашрамд дүүг маань эх оронд нь авчрахад бүхий л боломжоор хангасан Хууль зүйн яамны хамт олонд маш их баярлаж байна. Хүний нутагт байгаа иргэндээ анхаарал тавьж, хууль эрхзүйн бүхий л боломжоор нь хангаж чаддаг юм байна.
-Та бүхэн Монгол руу дүүгээ шилжүүлэх боломжтой гэдгийг яаж олж мэдсэн бэ. Хэр хугацаанд хөөцөлдөв?
-Зурагтаар ялтан шилжүүлэх талаар Монгол, Хятад хоёр улсын байгуулсан гэрээний талаар анх үзсэн. Түүнээс хойш байнга мэдээлэл сонсч, Хууль зүйн яамныхантай холбогдож асууж лавлан, өргөдөл бичиж байсан. Ерөнхийлөгч рүү гэхэд дөрвөн удаа өргөдөл бичсэн. Яаманд ч мөн адил. Хятадын шоронд байгаа монгол хоригдлуудын ар гэрийнхнээс хамгийн их хөөцөлдсөн нь бид байсан.
Манай дүүг өнгөрсөн жилээс эхлээд нааш татна гэж яригдаж эхэлсэн. Мэдээж улс хоорондын асуудал, дээр нь хүнд төрлийн гэмт хэрэг учраас хугацаа их шаарддаг юм билээ. Түүний хүчинд дүү маань эх орондоо ирж, бидний элгийг дэвтээлээ. Энд ирчихээр бидний хувьд ч амар байна. Санхүүгийн хувьд ч тэр.
-Манай залуус хар тамхи зөөж, хэрэглэх тохиолдол нэмэгдэж байгаа. Тэдний хүлээж буй ирээдүйг танай дүү өөрийн биеэр мэдэрчээ. Залууст хандаж юу хэлэх вэ?
-Жаахан хүүхдүүд голдуу хилээр гарахдаа хүнд туслах гэж байгаад алддаг. Тиймээс болгоомжтой байгаарай гэж хэлье. Ганц хүнд тусаллаа гээд хайран сайхан залуу насаа үрж мэднэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!