Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын шинэ гишүүд ажилдаа орж, НИТХ-ын төлөөлөгчид хуралдаанаа хийж, АСЕМ-ын хурлууд үргэлжиллээ. АН, МАХН-ын дарга нар хамтран анхдугаар чуулганыг хуралдуулахыг эсэргүүцэж буйгаа мэдэгдэн, Ерөнхийлөгчтэй уулзахыг хүссэн ч хамгаалагч нар нэвтрүүлээгүй юм.
Харин Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг даргалж, сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан УИХ-ын даргаараа намын дарга М.Энхболдыг дэмжиж, УИХ дахь АН, МАН-ын бүлэг байгуулагдсаныг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулснаар эрх үүрэг нь хэрэгжиж эхэллээ.
Мөн Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг “сойж”, Бага хурлаараа хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгчид мөн хуралдаж, даргаараа Ц.Сандуйг сонгосон бол нийслэлийн Засаг даргаар УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг дэмжсэн юм. Ингээд өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан зарим хүний ярьсныг “Хэн юу хэлэв” булангаараа онцлон хүргэж байна.
/УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн/
-УИХ-ын долоо дахь удаагийн анхдугаар чуулган эхэлж, гишүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс асуулт асууж байх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үгээ хэлж, асуулт асуусан. Тэрбээр “Засаглах онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлсэн ард түмэндээ баярлаж сууна. Намайг сонгосон 56 дугаар тойргийн сонгогч нартаа баярлалаа.
2004 онд будилаан, маргаан гарсан. 2008 онд бас маргаан гарсан. 2012 онд юу болсон билээ. Харин энэ удаад ард түмэн хаан шийдвэрээ гаргаж тайван сонгууль боллоо. Энэ сонгуулийг хуучин эрх барьж байсан хүмүүс удирдсан болохоор маргаан гарахгүй л болов уу.
Сонгуулийг амжилттай зохион байгуулсан СЕХ-ны нөхдүүдэд баярласнаа илэрхийлье.
Сүүлийн жилүүдэд байхгүй тайван сонгууль болж өндөрлөлөө.
Сүүлийн жилүүдэд байхгүй тайван сонгууль болж өндөрлөлөө. Түүнээс гадна би нэг зүйлийг хэлмээр байна.
Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгийг аль ч үеийн парламентынхан битгий мартаарай. Мөн 65 суудал авсан намынхаа нөхдөд зориуд захиж хэлмээр байна. Эрх баригчид хууль битгий зөрчөөрэй, алдаа битгий гаргаарай гэдгийг ч сануулж хэлмээр байна” хэмээсэн нь олны анхаарлыг татсан.
/УИХ-ын дарга/
-Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм.
Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцож зөв мэргэн сонголт хийсэн туурга тусгаар Монгол орныхоо бүрэн эрхт ард түмэндээ гүн талархал илэрхийлье.
УИХ-ын сонгууль хуульд заасан журмын дагуу зохих ёсоор зохион байгуулагдсан гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын анхдугаар чуулганыг зарлан хуралдууллаа.
2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөлөл батлагдаагүй.
УИХ-ын ээлжит сонгуульд сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж, төрийн сүлдэндээ сүслэн гишүүний тангараг өргөсөн УИХ-ын эрхэм гишүүддээ баяр хүргэе.
Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, гишүүд тангаргаа өргөснөөр төрийн эрх барих дээд байгууллага УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүтэн бүрэлдэхүүнтэй боллоо. УИХ-ын даргын өндөр хүндтэй албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн МАН, сонгож батламжилсан УИХ-ын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.
УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн энэ мөчид УИХ-аас нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх асуудлууд байгаад та бүхний анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзлээ. Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна.
Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцөлийг хангана. Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах хэрэгтэй. Хуулийн хугацаанд батлах ёстой зарим асуудал өмнөх УИХ-ын үед шийдвэрлэгдэж чадалгүй үлдсэн байна.
Тухайлбал, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөлөл батлагдаагүй. Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага ч тулгарч байна. Наадмын дараа намар гэдэг.
Шинээр байгуулагдах Засгийн газар, улс орны өвөлжилтийн бэлтгэлийг хангах Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулах, даян дэлхийн энх тайван найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадамд оролцох багийн бэлтгэлийг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонх байх болно. Бид намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ. Сөхөрсөн эдийн засгаа хөл дээр нь босгож, дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж, айл өрх бүрийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан хичээнгүйлэн зүтгэх болно” хэмээсэн юм.
/Нийслэлийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч/
-НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, нийслэлийн ИТХ-ын даргаар нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг сонгосон юм. НИТХ-ын даргыг сонгохын өмнө иргэдийн төлөөлөгчид НИТХ-ын даргад нэр дэвшигч Ц.Сандуйгаас 60 тэрбумыг босгох тухай буюу нийтэд тарсан бичлэгийн талаар асууж байв. Энэ асуултад тэрбээр "Энэ бол сонгуулийн гүтгэлэг байсан.
Би хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан. Хэрэв миний буруутай үйлдэл хэмээн тогтоогдвол хариуцлага хүлээхэд бэлэн" хэмээн хариулсан. Харин АН-ын төлөөлөгчид энэ асуудлыг ингээд орхихгүй. Шүүх, цагдаагийн байгууллагаар шалгуулах болно гэдгийг сануулж байлаа.
Үүний дараа санал хураахын өмнө НИТХ-ын дарга Т.Баттулга үг хэлэхдээ Ц.Сандуйгийн 60 тэрбумыг босгох тухай асуудал түүнийг дарга болбол байнга яригдах болно. Бид шалгуулах болно гэдгээ дуулгасан. Үүний дараа буюу санал хураахын өмнө нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Та нартай юу ч булаацалдаагүй.
Би дахиад хэлье. Эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах арга, нэр хүнд болоод туршлагыг гартаа атгачихсан хүмүүс гудамжинд гарчихсан байгаа шүү. Тиймээс битгий ингэж аархуу загнаарай. Би та нарын сайн сайхны төлөө, нийгмийн болоод ардчиллын аюулгүй байдал, эрх ашгийн төлөө хэлж байна.
Би сонгуулийн дараа зориуд тайван замаар засгийн эрх шилждэг, энэ ардчиллын гайхамшгийг үзүүлсэн сонгууль боллоо гэдгийг санамсаргүй хэлээгүй. Түүнчлэн энэ НИТХ бол өнөөдөр нийслэлдээ нэр хүндээрээ парламенттайгаа өрсөлдсөн хурал болж чадсан. Өөрөөр хэлбэл, УИХ-тайгаа өрсөдөхүйц хурал болсон.
Алан хядагч шиг нүүрээ нуугаад бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг хүмүүсийг би лалар гэж хэлсэн.
Тэгэхээр ийм хурлын нэр төрийн асуудал гэж байдаг юм. Гэтэл одоо анхнаасаа л нэр төр нь асуудалд орж, нэр төр нь эргэлзээнд орно гэдэг бол аюул байдаг. Та нар үнэмлэхүй олонхи. Тиймээс хэнийг сонгох нь бүрэн эрхийн асуудал. Гэхдээ иргэдийн хурал гэж нэрлэсэн учрыг сайн бод. ИРГЭД-ийн хурал гэдэг юм шүү. Тиймээс ИТХ-ын нэр төрийн асуудал маш чухлаар тавигдах учиртай.
Анхнаасаа л ард түмэнд итгэл найдвар төрүүлсэн буюу онцгүй зүйлийн гай болчихооргүй иргэдийн хурал байх ёстой. Гэхдээ нэгэнт л үнэмлэхүй ялсан та бүхэн шийдвэрээ гарга. Тухайн шийдвэрийн дагуу л явна. Уучлаарай би бол эсрэг санал өгөх нь ойлгомжтой. Яагаад гэвэл иргэдийн хурлын нэр төрийг унагах хүнийг дэмжихгүй.
Т.Баттулгын хэлдэг үнэн. Ц.Сандуйгийн 60 тэрбумыг босгох тухай асуудал олон түмний анхааралд орчихсон ноцтой асуудал. Тиймээс энэ асуудал нь түүнийг дарга болсон ч салахгүй. Тиймээс та бүхэн жаахан даруухан байгаарай. Би хэлж байсан. Алан хядагч шиг нүүрээ нуугаад бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг хүмүүсийг би лалар гэж хэлсэн. Харин тэр нь хэн байсныг одоо олж харлаа” хэмээн хатуухан үг чулуудаад амжсан юм.
/УИХ-ын гишүүн/
-УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар хэлэлцсэн хамгийн эхний асуудал бол УИХ-ын даргыг сонгох тухай асуудал байсан. УИХ-ын гишүүдийн дийлэнхийн саналаар УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга болсон юм.
Үүний дараа УИХ-ын даргад хандаж гишүүд байр сууриа илэрхийлж, баяр хүргэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Шинээр сонгогдсон, тангаргаа өргөсөн бүх хүмүүст баяр хүргэе.
Ачааны хүнд Монгол Улсын Засгийн газарт ирнэ. Сонгуулийн амлалтыг Монгол Улсын Засгийн газар, тэргүүн нь хариуцна.
Мөн амласан амлалтаасаа ухарч болохгүй шүү гэдгийг намынхаа нөхдөд хэлмээр байна. Нэг үгтэй, нэг нүүртэй байх ёстой шүү. Сонгуулийн өмнө нэг зүйл яриад дараа нь өөр юм ярьдаг байж болохгүй” хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!