Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ханшийн өсөлтийн "шок" үүсгэх эрсдэл

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 7 сарын 8
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 2,007.44 төгрөгтэй тэнцлээ. Уян хатан ханшийн дэглэмтэй манайх шиг орнуудад хэлбэлзэл өндөр байдаг. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш энэ cap гарсаар үргэлжлэн өсөж байна. 

Ам.долларын ханш ийнхүү эргэн өссөнөөр төгрөгийн нэрлэсэн ханш суларч эхлэв. Төвбанкны хувьд энэ байдлыг зүгээр хараад суусангүй. Мягмар гарагт болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудад 2,006 төгрөгийн ханшаар 22.7 сая ам.доллар нийлүүлээдэхэв.

Монголбанкны зүгээс ам.долларын ханшийг тогтворжуулах, төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор валютын дуудлага худалдаанд оролцдог.

Долоодугаар cap гарсаар гадаад валютын дуудлага худалдаанд төв банк алгасахгүй оролцож, зах зээлд ам.доллар гар таталгүй нийлүүлж байна.

Манай улсын гадаад валютын хадгаламж импортын 7.7 сарын хэрэгцээг хангахаар байгаа юм. 

Гэвч ноён "ногоон"-ы ханш өссөөр хоёр сарын өмнөх түвшиндээ ирлээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахтай зэрэг төгрөгийн ханш суларч эхэлсэн график зурагдсан. Энэ зүй тогтол зах зээлд маш тод ажиглагдах болов.

Манай улсын гадаад валютын хадгаламж импортын 7.7 сарын хэрэгцээг хангахаар байгаа юм. Энэ нь өмнөх оноос 2.5 сараар сайжирсан үзүүлэлт. Арилжааны банкууд Лхагва гарагт ам.долларыг 1,995-2,000 төгрөгөөр худалдан авч, 2,012-2,013 төгрөгөөр зарж байсан.

Мөн өдөр “Найман шарга” валютын арилжааны төвд 1,998-2,005 төгрөгөөр ам.доллар худалдан авч, 2,015-аар арилжаалж байв. Ийнхүү ам.долларын ханш буурч асан өдрүүд ард хоцорч, өсөлтийн талаар өнөөдөр хаа сайгүй ярьж байна. Шинээр байгуулагдах Засгийн газарт тулгарах сорилтын нэг нь энэ сэдэв байх дамжиггүй. Үүнийг богино хугацаанд шийдвэрлэх гарц нь гадаадын шууд хөрөнгө оруулалт болж байна.

УИХ-ын сонгуулийн өмнө тогтвортой буурч байсан ханш энэ cap гарсаар даруй 69 төгрөгөөр чангарлаа. Долоо хоногийн дотор бүр 69 төгрөгөөр өснө гэдэг зах зээлд маш том сөрөг “шок” үүсгэх эрсдэл. Үүнийг огцом өсөлт ч гэж тайлбарладаг.

Гадаад, дотоод эдийн засгийн тааламжгүй нөхцөл байдал хадгалагдсан хэвээр байгаа нь валютын ханш өсөх суурь шалтгаан болж байна. Ам.долларын ханш өнгөрсөн сард хөдлөхөд ноолуурын экспортын өсөлт, Засгийн газрын гадаад зээллэг түлхүү нөлөөлсөн болохыг эдийн засагч Ч.Хашчулуун тодотгосон юм.

Манай улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 оноос хойш огцом буурсаар байгаа. Энэ нь эдийн засгийн төлөв байдлыг улам эмзэг болгож буй. Гэхдээ ханш тогтвортой байх гол найдвар нь “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт болж буй. Энэ ажил хэвийн үргэлжлэх төлөвтэй тул дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх хүлээлт өндөр байна.

Хөрөнгө оруулалт нэмэгдвэл ханш тогтворжино гэсэн үг. Гэхдээ ам.долларын ханш богино хугацаанд тогтворжих магадлал улам хумигдсаар. “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-д “Гадаад валютын тогтвортой орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийг ашигтай байлгах арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн тэмдэглэжээ.

Төлбөрийн тэнцлийг сайжруулахын тулд валютын төлбөртэй экспортыг нэмэгдүүлэх, гадаадын шууд болон багцын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, нүүрс болон зэс зэрэг валют авчрах ашигт малтмалаа их хэмжээгээр экспортлох, өртөг зардлаа бууруулахыг шууд бусаар тулгах боллоо. Энэ нь зах зээлийн шаардлага аж.

2008 оноос хойш өндөр алдагдалтай явж ирсэн төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал эдийн засаг зөөлөн газардсантай уялдан 2015 онд өмнөх оноос гурав дахин буурсан. Урсгал тэнцлийн алдагдал эрс буурсан нь гадаад худалдаа тэнцвэржиж буйтай холбоотой. Энэ нь гадаад валютын улсын нөөцөд ирэх дарамт, ачаалал төдий хэмжээгээр буурч байгааг илэрхийлнэ.

Гэхдээ энэ байдлаар “ногоон”-ы ханш өсөөд байвал төлбөрийн тэнцлийн дарамт цаашид нэмэгдэнэ гэсэн үг.

Төсвийн алдагдал өндөр, гадаадын өрийн дарамт нэмэгдэж байгаа нь төгрөгийн ханшийг сулруулсан хэвээр. 

Валютын ханш гэдэг тухайн улсын мөнгөн тэмдэгтийн өөр улсын мөнгөн тэмдэгтээр худалдах, худалдан авах үнэ.

Манай улсын хувьд үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр бусад орныхыг худалдан авахад энэхүү үнийн өсөлт хүндрэл үүсгэж байна. Албаны хэллэгээр бол удирдлагатай хөвөгч ханшийн дэглэмтэй орны хувьд валютын ханш эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж ирсэн. Валютын захад ханшийн огцом хэлбэлзэл бий болсон үед төв банк уг хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор интервенц хийдэг.

Дээрх дэглэм нь гадаад валютын нөөц хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлдэггүй сөрөг талтай. Энэ утгаараа дуудлага худалдаанд Монголбанк тогтмол оролцох нь дундарч байгаа валютын нөөцөө барах эрсдэлтэй юм.

Харин зах зээлийн ханшийн өөрчлөлтөд дасан зохицох, хүлээлтээ удирдах боломжийг олгосноор аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тогтвортой удирдан явуулах боломжийг бүрдүүлдэг онцлогтой. Мөн эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах давуу талтайг зарим эдийн засагч онцолдог.

Манай улсын хувьд хөрөнгийн чөлөөтэй урсгалтай буюу гаднаас орж гарах валютад ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Төв банк нь инфляцийг зорилт болгосон байдаг тул валютын ханшийг тогтмол барих боломжгүй юм. Тиймээс ам.долларын ханшийг зах зээлд даатгах нь их. Төсвийн алдагдал өндөр, гадаадын өрийн дарамт нэмэгдэж байгаа нь төгрөгийн ханшийг сулруулсан хэвээр. Хэдий гадаад худалдаа ашигтай гарч, инфляци нам түвшинд тогтворжиж, импорт буурч, иргэдийн хэрэглээ багассан ч ноён “ногоон”-ы хомсдол эдийн засагт байсаар байна.

Зураг