Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын өнөөдөр, маргааш

Д.Энхтүвшин
2013 оны 10 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг
МАН-ын ээлжит XXVII их хурал хоёр дахь өдрөө үргэлжлэв

Монголын улстөрийн ууган хүчин гэх өнөөдөртөө гоёдсон нэртэй МАН-ын ээлжит ХХVII их хурал хуримт­лагдсан асуудлуудаа нэг тийш болгож, шинэ удирдлагууддаа “харанхуй” горьд­логоор эрх мэдлийг нь атгуулчихаад хаалтын ёслолоо сүр жавхлантай хийх цаг дө­хөж байна. 

Хамгийн сүүлд Ерөнхий­лөгчийн сон­гуульд “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр Дархан аварга Б.Бат-Эрдэнийг зүтгүүлж үзээд “өвдөг шороо­дуулсан”-ыг тооцвол гурван сон­­гуульд ялагдан унаж, ард түмнээ үргээсэн МАН-ын тухайд орших, эс оршихыг нь шийдвэрлэх 1100 хүний бөөгнөрөл чухам юу шийдэж, ямар нэгдсэн ойл­голцолд хүрч, аль хэр эв нэгдэл бай­гуулсан нь тун удахгүй тодорно. 

Өчигдөр сонин буух цаг буюу 20:00 цагаас эхлэн хуралдсан их хурал өдийд гол ажлаа амжуулчихсан л байх учиртай. 

Магадгүй урьдчилан яриг­даж байс­наар УИХ-ын дэд дарга М.Энхболд на­мын дарга болсон бол на­мын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат хоёрын нэг нь Ерөнхий нарийн бичгийн дарга болсон нь гарцаагүй. Тэр талаар түр азнаад, энэ удаагийн их хуралд зарим нэгэн дүгнэлт хийх гээд үзье. 

Юуны өмнө энэ удаагийн их хурал урьд өмнөх их хурлуудын урьдчилан найруулчихдаг дэг жаягаас арай өөрөөр явагдаж байгаа нь бага ч болтугай итгэл төрүүлснийг хэлэх ёстой. Урьд нь уламжлал болсон намын даргын улстөрийн илтгэл энэ удаа жинхэнэ шинэчлэгч илтгэл болсныг цохон тэмдэглэвэл зохино.

Зөвхөн МАН-д хачиг шиг наалдсан 200 олигархиас салах цаг болсныг зориглон хэлсэн, УИХ-д ганц суудал авч ирснээсээ илүү гай, балаг тарьж яваа нөхдийн талаар эхлэн дуугарсаных нь төлөө Ө.Энхтүвшин даргад “Браво” хэмээн чанга дуугаар талархал илэрхийлэх ёстой. 

МАН-д үеэс үед уламжлагдсан гэж хэлж болохоор хамгийн гол алдаа, завхрал нь намынхаа даргыг хөшигний цаана, далд хуйвалдааны аргаар, бүлэглэл хоорондын наймаалцлын маягаар тодруулж ирсний балгаар өнөөдөр ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн лидерийн хомсдолд орсон гэж дүгнэж болно. 

МАН шинэчлэгдье л гэж байгаа бол нам доторх далд бүлэглэлүүдээ ил болгож, намынхаа төлөө хэн нь юу хэлж, юу хийж байгааг шу­дарга өрсөлдөөний аргаар дүгнэдэг болсон цагт л МАН-д лидерүүд олноор тодрон гарах боломжтой.

МАН олон бүлэглэлтэй, боловсон хэлбэл фракц хоорондын нүдэнд үзэг­дэж, гарт баригддаггүй хор­лон­той тэмцэл их хурал болж байгаа Соёлын төв өргөөнд гурав дахь хоногтоо буцалж байгаа. МАН-д зарим үед 3-4 бүлэглэл байсан бол одоо бол хоёр том бүлэглэл болж цөөрсөн нь ХХVII их хурлын төлөөлөгчидтэй уул­заж явахад тун тодор­хой мэдрэгдэж байна лээ. 

Н.Багабандийн үеэс угшилтай С.Баяр, Сү.Бат­болд нарын бүлэглэлийг гол өрсөлдөгч М.Энхболдын толгойлдог “хотын фракц” нь энэ удаа цэвэр ялж байх шиг байна.

Харин нэгэн үе МАН-ын “улаан хамгаалагч” байсан У.Хүрэлсүхийн толгойлдог за­луучуудын бүлэглэл хэд хуваагдсаныхаа горыг ам­саж энэ удаа мөрөөдөж бай­сан амжилтандаа хү­рэл­­­гүй үлдэх бололтой. Гэхдээ тэдний ихэнх нь М.Энхболдыг бараадсан. 

Одоо МАН-д хамгийн гол нь бүлэглэл хоорондын тэнцвэрийг барьж, харь­цангуй “энх тайван” тогтоож чадах хүн хэрэгтэй байгаа. Чухам тэр хүн нь “хотын фракц”-ын тэргүүн М.Энхболд гэдгийг гурав дахь өдөртөө хуралдаж суугаа их хурлын төлөөлөгчдийн ихэнх нь төдийгүй, улстөр жаахан гадарладаг захын хүн нэрлээд байгаа. Тийм ч биз, үгүй ч биз. 

М.Энхболдын тухайд 2005 оны зургаадугаар сард болсон МАХН-ын ХХIV их хурлаар намын даргын төлөө С.Баяртай тун ши­рүүн өрсөлдөж, хурлын төлөөлөгчдийн 50.25 хувь буюу 29 хүний саналаар ялалт байгуулан МАХН -ын даргаар сонгогдож байсан нэгэн. 

Тэрбээр намын даргаар хоёр жил орчим хугацаанд ажиллахдаа МАН-д олон жигүүр хөдөлгөөн, ши­нэч­­лэгч бүлгүүд бий болж, на­мын шинэчлэл, до­тоод ард­чиллын тухай ярьж эхэлсэн. Чухам М.Энх­болдын үед л ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийн тө­лөөл­­­лийг УИХ, намын удирд­­­лагад тэгш эрхтэй оролцуулах, намын анхан шатны байгууллагуудыг хөл дээр нь босгох зэрэг асуудалд шинэчлэл хийсэн гэж дүгнэж болно.

Харин өөрийнх нь өлгийдөн авсан тэдгээр хөдөлгөөнүүдийн ша­­халт шаардлагаар МАХН-ын ээлжит бус XXV их хурал 2007 оны аравдугаар сарын 22-30 ны хооронд болж намын даргын төлөө С.Баяр, М.Энхболд нар дахин өрсөлдөхөд С.Баяр 56.6 хувийн саналаар ялсан нь түүнд ихээхэн сургамж болсон нь дамжиггүй. 

Монголын улстөрийн ууган хүчин МАХН-ын до­тор шинэчлэл өөрчлөлтийн уур амьсгал оруулж, нэг хүнийг дээдлэн захиран тушаах аргаар удирддаг арга барилыг өөрчлөхөөр зо­риглон оролдсон төвөгтэй хэцүү ажил нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан М.Энхболдыг өөрийг нь намын дарга, ул­маар Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцроход хүргэж байсан гашуун түүх бий. 

Өөрийнхөө гараар өсгөж өндийлгөсөн намын доторх жигүүр, хөдөлгөөнүүдийг да­рах газар нь дарж, өндийл­гөх цагт нь өндийл­гөж байх хэрэгтэйг өнгөрсөн зургаан жилийн гашуун ялагдлаар хэзээ ч мартахааргүй ойлго­сон М.Энхболд энэ удаа бүхнийг туйлын хашир эхлэх нь гарцаагүй. 

Өнөөдөр монголын улстөрд ихэнхдээ хөшигний ард орж, сөрөг хүчнийхээ үүргийг сулхан гүйцэтгэж яваа МАН үнэхээр цэгцтэй, бүтээлч сөрөг хүчин болж, ард олны дунд тун базаахгүй болсон нэр хүндээ сайжруулахыг эрмэлзэж л байгаа бол бурууг зөв болгох, хүндрэлийг хямралд хүргэхгүй байх бодлогын уян хатан хувилбаруудыг дэвшүүлэн ажил хэрэг болгохын төлөө шаргуу тэмцэх ёстой. 

Түүнээс биш төр, Зас­гийн аливаа ажилд дэгээ тавьж, хонзогносон байдлаар “Бид сонгуульд ялагдан цөөнх болж Засгийн эрхээс мултарсан. Бодлогоо тодорхойлж, улс эх орон, ард түмний өмнө үүрэг хүлээх нь олонхийн хэрэг” гэж хүйтэн хөндий хандах эрх байхгүй. 

Ямар ч үед эрх баригч хүчинд хяналтаа тавьж, бодлого, сэтгэлгээ, арга барилаараа өрсөлдөх учиртай. МАН-ын ХХVII их хурал ямар ч шийдвэрт хүрч хэн нь ч дарга болсон хамаагүй Монгол Улсын цаашдын хөгжлийн асуудалд онцгой анхаарч, улс орны эдийн засаг, цаашдын тогтвортой хөгжил, тусгаар тогтнолын талаар тодорхой шийдвэр гаргах шаардлагатай. Тэгэх тусмаа, эдийн засгийн хямралын ирмэг дээр тулж зогссон одоогийн нөхцөлд тийм хэрэгцээ, шаардлага амьдралаас урган гарч ирж байгаа юм. 

Гурав дахь хоногтоо үргэлжилж буй МАН-ын ХХVII их хурлын тө­лөө­лөгчид яг одоо намынхаа дүрмэнд оруулах өөрчлөлт, шинэчлэлтийн талаар ид хэлэлцэж байгаа. Тэд мон­голын улстөрийн ууган хүчний өнөөдрийг нуруун­даа үүрч, маргаашийн их итгэл найдварыг чиг­лүүлэх үүрэг хүлээсэн хү­мүүс.

Ха­рин энэ үүргээ хэрхэн гүй­цэлдүүлэхийг тэд­ний оюун ухаан, мэдлэг, чадвар л шийдэх учиртай. 

Зураг