Ард Санхүүгийн Нэгдэл ХК Ард Даатгал ХХК-ийн 83 хувийг эзэмшихээр боллоо
Ард Даатгал ХХК-ийн 55.31 хувийн хувьцаа эзэмшигч Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) ХК нь компанийн бусад хувьцаа эзэмшигчдээс хувьцааг нь худалдан авч, өөрийн эзэмшиж буй хувийг нэмэгдүүлэхээр боллоо.
Ард Холдингсийн ТУЗ-ийн зүгээс эзэмшиж буй хувиа нэмэгдүүлэх шийдвэрийг санал нэгтэй дэмжсэнээр менежментийн баг бусад хувьцаа эзэмшигчидтэй хувьцаа худалдах, худалдан авах хэлэлцээрийг амжилттай явуулж, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энэ тухай гэрээг амжилттай үзэглэлээ.
Компанийн хувьцаа эзэмшигч БлюПланет ХХК болон Д.Чулуунцэцэг нар нь өөрсдийн эзэмшиж буй хувьцаанаас Ард Санхүүгийн Нэгдэлд худалдахаар тохиролцож, урьдчилсан гэрээг байгууллаа. Дээрх арилжааг Санхүүгийн Зохицуулах Хорооноос эцэслэн баталгаажуулснаар хувьцааны шилжилт хөдөлгөөн хийгдэж, албан ёсоор баталгаажих юм.
Энэхүү арилжааны эцэст Ард Санхүүгийн Нэгдэл нь Ард Даатгалын 83.03 орчим хувийг эзэмшиж, компанийн хяналтын багцыг дангаар эзэмших эрх нээгдэх юм.
Ард Даатгал ХХК нь 1994 онд байгуулагдсан анхны хувийн даатгалын компанийн нэг юм. Компани нь 100 орчим ажилтантай Монгол улсын өнцөг булан бүрт өөрийн салбар сүлжээтэй, нийт 370 орчим даатгалын төлөөлөгчтэй тэргүүлэгч даатгалын үйлчилгээ үзүүлэгч юм. Ард Даатгал нь эд хөрөнгө, эрүүл мэнд, хариуцлагын эрсдлийг хамгаалах гэрээний үүргээ биелүүлэхдээ Allianz, Munich Re, Swiss Re, Hannover Re зэрэг дэлхийн томоохон давхар даатгагч болон AON, Marsh, Willis, UIB зэрэг давхар даатгалын брокеруудтай хамтран ажиллаж байна.
Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм.
Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтаж байна. 2016 оны эхээр бид Монгол Шуудан компанийн хувьцаа арилжаанд амжилттай оролцож, нээлттэй зах зээл дээрээс компанийн 17,38 хувийг амжилттай худалдаж авсан. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.
Эх сурвалж: Ард Даатгал ХХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

