Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-нд Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн. Харин зургадугаар сарын 19-нд өндөрлөсөн. Тиймээс боловсролын салбарт өрнөж буй гол үйл явдал нь элсэлтийн ерөнхий шалгалт, элсэгчидтэй холбоотой мэдээлэл байв.
Бид энэ удаа ч бас элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг дуулгахаар бэлтгэлээ. Одоогоор их, дээд сургуулиуд элсэгчдээ цахимаар бүртгэж эхлээд байна. Зарим төрийн өмчийн сургуулиуд элсэгчдээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-наас бүртгэж эхэлсэн. МУИС, МУБИС, ШУТИС гэх мэт төрийн өмчийн томоохон сургуулиудын онлайн бүртгэл энэ сарын сүүлчээр өндөрлөнө.
Харин магадлан итгэмжлэгдсэн, их, дээд сургуулиудын бүртгэл долдугаар сарын 1-ээс эхэлж, 7-8 хоног үргэлжлээд, баяр наадмын өмнө өндөрлөх юм байна.
Шалгалтаа амжилттай өгсөн хүүхдүүд одоо дүн, оноогоо хүлээж суугаа. Мөн шалгалтад ирсэн даалгавраа хэрхэн зөв бөглөсөн эсэхээ шалгалтын түлхүүр буюу элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариунаас харах, өөрийнхөө хариултын хуудастай тулгах боломжтой байдаг.
Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариу хэзээ гарах вэ гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс асуусан юм.
Харин шалгалтын дүн, онооны жагсаалтыг долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn сайтад байршуулан нийтэд зарлах аж.
Тиймээс элсэгчид шалгалтынхаа дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec.mn вебсайт-аас үзэх боломжтой болно.
Шалгалтынхаа дүн, оноотойгоо танилцсан хүүхдүүд батламж хуудсаа гардаж авна. Батламж хуудсаа авсан хүүхдүүд хүссэн сургуульдаа сонирхсон мэргэжлээрээ элсэх эрхтэй болно. Иймд шалгалтын дүн, оноо нийтлэгдэх батламж хуудсыг хэзээнээс тараах тухай мэдээллийг дуулгая.
“Элсэгчдийн батламж хуудсыг ирэх сарын 5-наас өмнө тарааж дуусгана гэдгийг албаныхан хэлж байна. Харин хот, хөдөөгийн элсэгчдийн батламж хуудсыг хаана хэрхэн хуваарилж олгох тухайд “Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтын болон монгол хэл, бичгийн шалгалтын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулиас элсэлт хариуцсан багш, ажилтнаас хүлээн авна.
Батламж хуудсаа авсан хүүхдүүд хүссэн сургуульдаа сонирхсон мэргэжлээрээ элсэх эрхтэй болно.
Харин хөдөө орон нутгийн нийт элсэгчид батламж хуудсаа аймгийн Боловсрол соёлын газрын элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ажилтнаас авна.
Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид батламж хуудсаа Боловсролын үнэлгээний төвийн Олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна” гэж байв. Дээрх хоёр шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жил буюу 30 сарын хугацаанд хүчинтэй. Хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй. Харин БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно” гэв.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр шалгалтын тест задарсан, түүнийг нь зарсан, авсан гэх мэдээлэл цахим орчинд тарж, эцэг, эхчүүдийг болон элсэгчдийг төөрөгдүүлээд байгаа.
Тиймээс зарим элсэгчид шалгалтын дүн, оноотой санал зөрөх явдал гарахыг үгүйсгэхгүй. Иймд БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвд иргэдээс ирсэн элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл, бичгийн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-7 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж байна.
“Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон шалгалтын дэвтэр, хариултын хуудастай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын таван өдөрт багтаан Баянзүрх дүүрэг, VI хороонд байрлах, “Оюуны Ундраа” группийн байранд, БҮТ-д ирүүлэх боломжтой. Өргөдлийг бид хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө” гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!