Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Анагаах увидастай рашаан сувиллууд

Х.Хулан, Өглөөний сонин
2016 оны 6 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг

Урин дулааны цаг ирж, хүмүүс амралт аялалаа төлөвлөж байна. Зуны цагт иргэд, ахмад настнууд болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хүсэлтэй хэн бүхэн амралт сувиллын газрыг зорьдог. Энэ зуны амралт аялалаа төлөвлөж байгаа хүмүүст зориулж монголын томоохон рашаан сувиллын талаарх мэдээллийг бэлтгэлээ. 

Монгол Улсад тогтоогоод байгаа 250 орчим ангаах увидастай нуур, рашаан төст булаг бий. Харин улсын хэмжээнд 16 рашаан сувилал албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүний хоёр нь элсний сувилал, 14 нь рашаан, шаварт түшиглэсэн сувилал юм.

“Оргил”, “Шаргалжуут”, “Хужирт”, “Жанчивлан”, “Аварга тосон” гээд томоохон зургаан сувилалд жилд 40 гаруй мянган хүн эмчлүүлдэг байна.

Монгол Улсад тогтоогоод байгаа 250 орчим ангаах увидастай нуур, рашаан төст булаг бий. 

Нийгмийн халамжийн газраас магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний нийт төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгийг эргүүлэн олгодог байгаа.

Иргэд сувилалд хэвтэн эмчлүүлсэн баталгааны бичгээ үзүүлээд, хөнгөлөлтөө авдаг аж.


Хужирт

“Партизаны сувилал” нэртэйгээр 1939 онд 40 ортой байгуулагдсан тус рашаан сувилал Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газар, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн түвшнээс 1,660 метрийн өндөрт оршдог. Нийслэлээс 390 км, Арвайхээрээс 90 км, Хархориноос 54 км зайтай бөгөөд нийслэл хоттой хатуу хучилттай засмал замаар холбогдсон.

Долоо хоногт гурван удаа (Даваа, Лхагва, Баасан гарагуудад) автобус өглөө 07:00 цагт амралтын төлөөлөгчийн газраас явдаг байна.

Зуны улиралд 800-1,200, өвлийн улиралд 300 амрагч зэрэг хүлээн авах хүчин чадалтай энэ сувилал “Хужиртын хөх сувд” хэмээн алдаршсан халуун рашаан, ”Хужиртын хар сувд” хэмээн алдаршсан эмчилгээний шавар хоёрыг ашиглаж эмчилгээ сувилгаа хийдэг. 

“Хужиртын хөх сувд” хэмээх халуун рашаан нь 120 метрийн гүнээс ундаргатай, химийн найрлагаараа сулавтар радонт, гидрокарбонат, карбонат-натрийн, бага эрдэсжилттэй.

“Хужиртын хар сувд” хэмээх эмчилгээний шавар нь гидрокарбонат-хлорт-натри-калийн сул хүчиллэг орчинтой, дунд зэргийн эрдэсжилттэй, хүхэрт устөрөгчийн сулавтар үнэртэй хөрсний ургамлын үлдэгдэл, ургамлын үлдэгдэл, ургамлын ялзмагийн хольцтой (хүхэрлэг) шавар.

Мөн физик, биеийн тамир, усан иллэг болон эмэгтэйчүүд, зүү төөнө зэрэг эмчилгээний кабинетуудад дотор мэдрэл, уламжлалт анагаах ухааны эмч нар эмчилгээ сувилгаа хийдэг байна. 70 жилийн түүхтэй энэ рашаан 2007 онд Монгол Улсын Үйлдвэр худалдааны яам, Япон улсын Засгийн газраас зохион байгуулсан “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэнгээс “Шилдэг бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ” өргөмжлөл цом хүртжээ.

Өвөр Жанчивлан

Төв аймгийн нутаг Улаанбаатараас зүүн урагш оршдог дархан цаазат Нагалхаан уулын зүүн хойд талд байх "Өвөр Жанчивлан" рашаан сувилал нь Улаанбаатар хотоос шууд замаар 75 километр засмал замаар 105 километр Төв аймгаас 70 километр зайд бий.

"Өвөр Жанчивлан" рашаан нь олон жилийн түүхтэй эрт дээр үеэс ихэс дээдэс , эгэл олон түмэн газар бүрээс ирж анагаах чадвар ариун дагшин байгалд нь шүтэн биширч хэрэглэсээр ирсэн байгалийн хосгүй рашаан билээ. Үүний зэрэгцээ салхины урсгал чиглэлийн өөрчлөлт ихтэй учир агаар эмчилгээнд нэн тохиромжтой юм.

Жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг ч зуны гурван сардаа ачаалал нь эрс ихэсдэг аж. 

Рашаан сувиллын газар 1955 онд байгуулагдсан. Эндхийн рашаан ходоод гэдэсний архаг үрэвслүүд, элэг , цөс, нойр булчирхайн зарим өвчнүүдийг анагаах чадалтай эрдэс бодисоор баялаг болох нь шинжилгээ судалгаа болон олон жилийн практик үйл ажиллагаагаар батлагдсан байдаг. тус сувилал нь гурван давхар өвлийн байртай, төвлөрсөн халаалттай, цэвэр бохир усны системтэй, нэг ээлжид өвөлдөө 200, зуны улиралд 350-400 амрагч сувилуулагч хүлээн авдаг. Долоо хоногийн Даваа, Мягмар гарагт ээлж сольдог. 

Үйлчлүүлэгчдээ долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг ч зуны гурван сардаа ачаалал нь эрс ихэсдэг аж. Захиалгын төвд бүртгүүлж илгээх хуудсаа аваад сувилалд очоод төлбөрөө төлөх боломжтой. Үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаараад нэг хоног 20-30 мянган төгрөг аж. Захиалгын төв нь МҮЭ-ийн Соёлын төв ордны гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байдаг.

Шаргалжуут

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Шаргалжуут голын эрэг дагуу байгалийн үзэсгэлэнт газар байрладаг Шаргалжуутын рашаан эртнээс алдартай. 1690-д оны үед Өндөр гэгээн Занабазар Ламын гэгээн нарын ихэс дээдсүүд нутаг нутгийн эмийн ургамал, эмт бодис, рашаан усыг нээн шинжлэх талаар судалгаа хийж Шаргалжуутын рашаан дээр хэд хэдэн удаа морилон ирж хүн ардыг эмчлэн сувилах аргад ашиглахад анхаарч эхэлжээ.

Хожим ламын гэгээний II дүр Лувсанванчигбалбарын (1707-1788) үед их бага хоёр рашааныг эмчилгээ сувилгаанд өргөн хэрэглэж, Энэтхэг орноос Рихе Азала хэмээх эрдмийн хүнийг урин залсан бөгөөд тэр хүн Шаргалжуутын рашааны дэргэд гурван жил даян хийж судалсан гэдэг. Ингээд “Шаргалжуутын рашаанд орох журам” номыг бичиж түүндээ 64 үндсэн өвчнийг анагаах 108 нэр төрлийн рашаан байна хэмээн тодорхойлсон аж.

Шаргалжуутын рашаанд 19 зууны үед Баруун Монгол, Халх дөрвөн аймгаас хаад ноёдууд жил бүрийн Луу сарын сүүлчээс Тахиа сарыг дуустал, автономитийн үед Хятад, Орос зэрэг гадаад орны хүмүүс зорин ирж эмчилгээ сувилгаа хийж иржээ. Энэ рашааныг зорьж байгаа эмчлүүлэгчид анагаах чанартай байгалийн устөрөгчийн ионы агууламж өндөртэй олон төрлийн рашааныг шив шинээр ууж өвчин үүсгэгч нянг эрэсгүүцдэг термофель бактеритай халуун рашаанд орж замаг, шавар эмчилгээ хийлгэн халуун рашааны уурнаас үүсэх эмчилгээний био уур амьсгал бүхий орчинд 8-12 хоног эмчлүүлж сувилуулан амрах болно.

“Аварга тосон”

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, далайн төвшнөөс дээш 1,250 метрт Улаанбаатар хотоос 203 км-т оршдог. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат –хлорид, натри, калцийн найрлагатай содатай нуур ажээ. “Аварга”-ын рашаан нь дээрх найрлагаас гадна нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.

Энэ нь ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөс, нойр булчирхай, бодисын солилцооны архаг өвчин болон цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой юм байна. “Аварга тосон”-ы сувилал улирлын чанартай буюу зургадугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 16-ны хооронд ажилладаг юм. Нэг ээлжиндээ 60-250 хүн хүлээн авах хүчин чадалтай ажээ. 

“Аварга тосон”-гийн рашаан, сувиллын захиалга авах төв нь Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ойролцоо “Хан-гарьд” төвийн гуравдугаар давхарт байдаг аж. Үнийн хувьд өрөө, байрныхаа тохь тухаас хамаараад өөр, өөр юм. 

Гурван нуурын рашаан

Энэхүү рашаан нь Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно буюу Хэнтийн Дадал сумын нутагт далайн төвшнөөс дээш 1,300 метрт, Улаанбаатараас 540 километрт байдаг ажээ.

Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой юм байна. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй гэнэ.

Энэ рашаан нь дөрөвдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 200-250 хүн авах хүчин чадалтай.

Рашаан сувиллын үнэ хоногийн 8,500 төгрөг /зөвхөн эмчилгээний төлбөр/ гэнэ. Сувилал руу очихын тулд Нарантуул захын дэргэдээс Хэнтий аймгийн Дадал явах унаанд сууж ирэх боломжтой ажээ. 

Оргил

Оргил рашаан сувилал нь Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын Боловсролын Академийн хажууд байрладаг. Нийслэл хотод байдаг цорын ганц рашааны орд. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм.

Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй.

Оргил рашаан сувилал байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг. Жилдээ 10-11 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг. Үүний 60 хувь нь ахмад настан байдаг аж. Дорнын анагаах ухаан болох зүү төөнүүр дээрээ үндэслэн рашаан сувиллаа хийсээр амжилтанд хүрсэн. Сүүлийн жилүүдэд гадаадын хүмүүс сонирхон ирж амардаг болсон. 

Нар-элс бөөрний сувилал

Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрладаг. Халуун элс, ингэний хоормогоор голлон эмчилгээ хийдэг. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Тиймээс энэ төрлийн өвчнүүдийг манхны халуун элс, ингэний хоормог, үзэмний шүүс, физик эмчилгээг хослуулан хийдэг. Гэрт байрлах ба дөрөв, тав, арван ортой гэрүүд бий.

Нийт нэг ээлжиндээ 30 хүн хүлээн авах боломжтой. Жил бүрийн зургаадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 10-ны хооронд сувилал нээгддэг. Энэ саруудад буюу зуны улиралд ажиллаж байгаа нь цаг агаарын байдалтай уялдан элсний халуун чанарын нөлөөллөөс хамаарсан хуваарь юм. 

Отгонтэнгэрийн рашаан

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Улаанбаатар 1,210км алсад, Отгонтэнгэр уулнаас зүүн хойш, бага Отгонтэнгэр уулын ар хормойд, ойн бүсийн дээд хязгаарт, Рашаан голын хөндийд мөнх цаст мөсөн голт сүрлэг уулсын хооронд далайн түвшнээс дээш 2,500 метрт байдаг.

Рашаан сувиллын орчин нь мөнх цаст мөсөн голоос эх авсан цэнгэг уст гол горхи, тагийн болон ойт хээрийн бүсийн ургамал, мод бут холилдсон ойн зурвас вансэмбэрүү, алтангагнуур, бэрээмэг, хонин арц зэрэг нэн ховор ургамлууд, буга, аргаль, янгир, хүдэр, шилүүс, чоно, үнэг, тарвага зэрэг ан араатан амьтад нутгийн шүтээн рашааны могой, төрөл бүрийн шувууд загасаар баян өндөр уулын бичил уур амьсгалтай, жилд 200-300 мм хур тунадас унадаг, агаарын жилийн дундаж температур цельсийн +13-аас -40 хэмийн хэлбэлзэлтэй байгалийн ховор үзэсгэлэнт Монгол Улсын дархан цаазат газар юм.

Отгонтэнгэрийн халуун рашааныг анх нутгийн анчид нээж "Мөнх ус" хэмээн нэрлэж нутгийн ардууд болон ойр орчмын нутаг хошуудаас олон тооны хүмүүс ердийн хөсгөөр ирж орох, уух зэргээр хэрэглэж байсан домог бий.

 1912 оноос нутгийн алдартай оточ маарамбууд эмчилгээнд хэрэглэх журам тогтоон нэр өгсөн байдаг ба 1930-1950-иад он, 1970-1982 онуудад ЗХУ, БНМАУ-ын эрдэмтэд шинжлэх ухааны иж бүрэн судалгаа хийсэн байна.

Отгонтэнгэрийн халуун рашааныг зуны дунд сараас намрын тэргүүн сарыг дуусах хүртэл хугацаанд ашиглаж ирсэн уламжлалд тулгуурлан 1954 онд 50 ортой улсын рашаан сувилал байгуулсан нь эдүгээ хүртэл тасралтгүй ажиллаж байна. 

Отгонтэнгэрийн рашаан нь зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой.

Энд рашаан уух, рашаанд орох, шавар тавих, биеийн тамир, бариа засал, зүү төөнүүр, физик, цахилгаан болон усан эмчилгээ, эмчилгээний гимнастик хийлгэдэг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг байна.

Өөш манхан элсэн сувилал

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт УБ хотоос 420 км зайтай оршдог. Анх 1986 онд байгуулагдсан. Бөөрний бүх төрлийн архаг болон олдмол өвчин эмгэг, бөөрний дутагдлын хам шинж, эмэгтэйчүүдийн өвчин, хүүхдийн сульдаа буюу архитыг эрүүлжүүлэх зорилготой бөгөөд эмчилгээний үр дүн 93-97%-тай байдаг.

Өөш манханы элс нь бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээчихдэг увидастай.

Эмчилгээг хийхдээ байгалийн хүчин зүйл болох нар, агаар, элсийг ашиглан наран шарлага, элсэн хучлага хийх болон ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг хөөж эмчилдэг. 

Сувилуулагчид өөрсдийн хүсэлтээр бариа засал, зүү төөнүүр хийлгэх, бумба тавиулах, тариа дусал хийлгэх зэрэг үйлчилгээг нэмэлт төлбөртэйгөөр хийлгэх боломжтой. Өөш манханы элс нь бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээчихдэг увидастай. Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна.

Монголын бөөр, үе мөчний нэртэй эмч нар хүртэл энэхүү элсний “ид шид”-ийг хүлээн зөвшөөрдөг байна. Өдгөө Тайвань, Япон, Солонгос, Америкаас хүртэл 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байнга ирж үйлчлүүлдэг болжээ.Өөш манханы элс баруунаас зүүн тийш 5 км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ.

Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй. Нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг. 1986-2015 оны хооронд нийт 10 мянга гаруй хүнийг эмчлэн сувилсан аж. 

Зураг