Шувуу, Биокомбинатынхан машины тоосонд дарагддаг цаг ард хоцорлоо
Шувуун Фабрикийн 9 метр өргөнтөй 22,5 км урт авто замын өргөтгөлийн суурь хучилт дуусчээ. Замын ажил дууссан учир уг замыг албан ёсоор нээжээ.
Өмнө нь Нисэхийн товчооноос Био комбинат хүрэх зам нь карьеруудын хүнд даацын машин явснаас эвдэрч, бужигнасан өлөн тоосон дунд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байсан юм.
Э.Бат-Үүл: Шувуун фабрикаас Нисэх хүртэл 30 минутын зайтай гурван автобус 400 төгрөгөөр үйлчилж байна.
Тиймээс өнгөрсөн оны 10 дугаар сард нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүргийн Био комбинат, Шувуун фабрикийн иргэдтэй уулзах үеэр оршин суугчид замыг нэн яаралтай засаж, зассан замаар дахиж карьерын том машинуудыг явуулахгүй байх хүсэлт тавьж, иргэдийн хүсэлтийн дагуу замыг өргөтгөн шинэчилнэ гэдгээ хотын дарга амласан юм.
Зам засах 17 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс шийдвэрлэж, “Тотал Инж” компани гүйцэтгэгчээр шалгаран, энэ оны 4 сараас ажлаа эхэлж, 6 сарын дотор замын суурийн хучилтыг бүрэн хийж дуусчээ.
Урьд нь Шувуун фабрикаас Вокзал хүртэл 2 цагийн зайтай 2 автобус 800 төгрөгөөр иргэдэд үйлчилдэг байсан бол Шувуун фабрикаас Нисэх хүртэл 30 минутын зайтай гурван автобус 400 төгрөгөөр иргэдэд үйлчилж байгааг нээлтийн үеэр Хотын захирагч хэлж байв
Нисэхийн товчооноос Биокамбинат-Шувуун фабрик хүртэлх 22,5 км авто замыг ирэх оны 7 сард өнгө хучилт хийн бүрэн ашиглалтад оруулах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

