Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Сарнай: Би мөрөөдлөөрөө амьдарч байгаа болохоор АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ням гараг бүрийн 20:00 цагт олон хүмүүс "Боловсрол" телевизээр гарч буй "Яг түүн шиг" шоуг үзэж байгаа. Тус шоуны өвөрмөц хоолойтой оролцогч хэмээн олны дунд нэрлэгдэж яваа загвар өмсөгч С.Сарнайтай ярилцлаа.

Тэрбээр 12 жил Япон улсад сурч, ажиллаж байгаад Монголдоо 2011 онд ирсэн түүхтэй. "Яг түүн шиг" шоунд оролцохоос өмнө түүнийг 2014 оны Азийн Стар модел, дуучин Д.Болдын "Үүлэн домог", дуучин М.Мягмартай хамтран дуулсан "Байна уу? Ээжээ" дуугаар нь хүмүүс мэддэг билээ.

Харин түүний багийн хүсэл мөрөөдөл, өдөр тутмын амьдрал, хэтийн зорилгын талаар энэхүү ярилцлагаас минь уншаарай.

- Сайн байна уу. Сүүлийн үед та "Яг түүн шиг" шоунд оролцоод завгүй байгаа байх.

- Тийм шүү. Гэхдээ амраад байх дургүй болохоор завгүй байх нь илүү сайхан байна. Хааяа нэг биеэ гурав хуваамаар ч юм шиг санагддаг шүү.

- Амралтын өдрийг хоногийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-  Ер нь завтай, амраад суугаад байх дургүй. Гэрийн эзэгтэй болсноос хойш хийх ажил мундахгүй шүү дээ. Ажил, модел, гэрийн ажил гэх мэт. 

 

Заримдаа зүүдэнд маань шинэ загвар, түүнийг хэрхэн бүтээхтэй холбоотой санаанууд орж ирдэг. Тэгээд л шөнө босоод бүтээлээ дуусгачихдаг шүү. Одоо бодоход, намайг жаахан байхад манай эмээ ч гэсэн унтаж байснаа шөнө босоод чийдэн асаангаа шүлгээ бичдэг байж билээ. 

- Эмээ гэснээс таны эмээ Яруу найрагч Ш.Дулмаа. Харин та эмээгээсээ бичих авьяасыг нь өвлөж авсан уу?

- Үгүй дээ. Би бичихдээ тийм ч сайн биш ээ.

- С.Сарнай гэдэг хүнийг их даруухан, дуу цөөтэй гэдгээр нь хүмүүс мэддэг. Харин та өөрийгөө ямар хүн гэж боддог вэ?

- С.Сарнай бол шулуун шударга, бодсоноо хэлчихдэг, эмзэг, хийе гэсэн зүйлээ дуустал нь хийдэг энгийн нэг хүн.

Миний хувьд ээж аавдаа ямар мундаг охин төрүүлсэн бэ гэдгийг харуулахын тулд хичээдэг.

Заримдаа бодсоноо шууд хэлдэг зангаасаа болж, хүмүүсийг гомдоочихдог үе бий. Эмзэг гэхэд ширүүн, хурдан уурлаж, хурдан уярдаг гэх үү дээ. Хүмүүс сошиалаар над руу мессэж бичихдээ, "Таныг хариу бичнэ гэж бодсонгүй. Итгэхгүй байна" гэцгээдэг.

Би ер нь амжилтад хүрлээ гээд биеэ тоохыг хүсдэггүй. Угаасаа бусадтай адилхан хоёр гар, хоёр хөлтэй шүү дээ. Харин ч бүх л мэддэг зүйлээ хүмүүст заахыг боддог. Мөн миний хувьд ээж аавдаа ямар мундаг охин төрүүлсэн бэ гэдгийг харуулахын тулд хичээдэг.

"Багаасаа загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, дуучин болмоор байна гэж хүсдэг байсан"

- "Яг түүн шиг" шоуны талаар ярихаас өмнө таны бага насны хүсэл мөрөөдлийн талаар асуумаар санагдлаа.

Би жоохон байхаасаа л загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, дуучин болмоор байна гэж мөрөөдөж, хүсдэг байсан. Гэхдээ дуучин болох хүслийг маань гэрийнхэн хүлээн зөвшөөрдөггүй байсан.

Багадаа барбиндаа уранхай, хэрэггүй болсон хувцасны даавууг ашиглан чамин, секси хувцаснуудыг хийх дуртай хүүхэд байж. Хааяа ээж маань "За миний охин алхаарай" гээд л хэлэхэд нь, тайзан дээр гарсан мэт төсөөлөн, алхдаг хүүхэд байсан даа.

- Яагаад дуучин болохыг зөвшөөрөөгүй юм бол?

Дуулахаараа л солонгорч, орилдог охин байсан болохоор тэр биз. 

- Ингээд харахад, та бага насныхаа хүсэл мөрөөдөлдөө хүрчихсэн байна шүү дээ.

- Харин тийм ээ. Загвар өмсөгч болсон. Дуулаад үзчихлээ. Хувцасны салонтой болчихсон.

Өөрийг их азтай гэж боддог шүү. Багадаа хүсч явсан гурван зүйлээ хийчихсэн. Би мөрөөдлөө биелүүж, амьдарч байгаа болохоор аз жаргалтай байна.

"Би 15 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан"

- Ингэхэд та хэзээнээс эхлэн загвар өмсөв?

- Би 15 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан. Японд 10 жил гаруй загварын агентлагт ажиллаж байгаад, Монголдоо 2011 онд ирсэн.

- Монголд ирээд ямар агентлагт орсон бэ?

- "Монгол модел" агентлагт орсон байгаа.

 

Намайг л ажил голохгүй бол, би ажлыг голохгүй 

- Миний мэдэхээр та 2014 оны "Азийн Стар модел"-оор шалгарч байсан. Өөр ямар амжилттай байсан бэ?

- "Азийн Стар модел"-оос гадна 2014 оны "Miss World Next Top Model" тэмцээнд орж, "Miss Internet" миссээр шалгарсан. Ер нь загварын тэмцээнд орох тийм ч дуртай биш.

- Дахин загвараа өмсөх үү?

Мэдээж өмсөлгүй яахав. Хэзээ ч би загварын тайзаа хаяахгүй. Намайг л ажил голохгүй бол, би ажлыг голохгүй шүү.

"Дуулмаар  л байна"

- Загвар өмсөгч С.Сарнай гэж танигдахаас гадна, дуучин Д.Болдын "Үүлэн домог" клипэнд тоглосон мөн дуучин М.Мягмартай хамтран дуулсан "Байна уу? Ээжээ" дуугаар нь таныг таних хүн ч их бий. Анхны уран бүтээлийнхээ талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахгүй юу?

- Би дуулмаар байна, дуулах юмсан гэж өдөр бүр хэлдэг болохоор нэг өдөр манай үеэл Г.Онон ах маань над руу залгав. Г.Онон ах бол манай ээжийн ах Д.Ганхуяг гээд дуурийн дуучны хүүхэд бөгөөд "Байна уу? ээжээ" дууны аяыг зохиосон юм. Тэгээд л дуудсан газарт нь очиход, Мийгаа ах тэр хоёр намайг хүлээж байлаа. Тэгээд дуутайгаа танилцаад, шууд л хоолой нь бичлэгт орсон түүхтэй дээ. 

Анх дуугаа сонсоод, ээжийгээ их өрөвдөж, ээждээ хэлж байсан үгсээ бодоод шууд л ээж рүүгээ залгаад, "уучлаарай" гэж хэлмээр санагдсан шүү. 

- Олны сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээл болсон шүү. Дахин уран бүтээл гаргах уу?

Мэдээж дуулмаар л байна. Гэхдээ одоохондоо дараагийн уран бүтээл гаргах төлөвлөгөө байхгүй байна.

"Би хүн хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг шоугаар дамжуулан харуулахыг хүссэн"

- Дуулмаар байна гэх хүслийг нь сонсоод, "Яг түүн шиг" шоуны талаар асуухгүй байж чадсангүй. Ингэхэд яагаад энэ шоунд оролцохоор болов?

- "Яг түүн шиг" шоунд оролцох уу гэж "Боловсрол" телевизээс над руу хоёр удаа залгасан. Эхлээд залгахад нь, нөгөө ээжийн үздэг "Один в Один" шоу байна гэж мэдсэн. Хэдий оролцмоор байсан ч хүүхэд маань нялх, бас дөнгөж хувцасны салоноо нээчихсэн байсан болохоор орохгүй гэж хэлсэн.

Ингээд сарын дараа дахин залгахад нь, за яаж ийж байгаад хүүхдийг минь хань, ээж, хадам ээж маань хараад болох байлгүй гэж бодоод, шоунд нь орно гэж хариулж байсан.

- Та чинь гурав дахь дугаарын ялагч шүү дээ. Хэр их тэсвэр, тэвчээр шаардагдав?

- Одоогийн байдлаар дуучин Амараа болон Lana хоёрыг дуурайх хамгийн сайхан байлаа. Дуучин Амараа ахыг дуурайгаад ялагч болсон. Ээж маань намайг шагнал авахыг хараад уйлчихсан. Хүмүүс намайг Shakira, Nicole хоёрыг дуурайсныг хараад энэ С.Сарнай ч бүтэхгүй гэж бодсон байх. Тэгсэн би хэцүү ч гэсэн, хүмүүсийн "Чи муу дууллаа. Тэр үс яагаав" гэх мэт коммент уншаад улам их шар хөдөлсөн. Угаасаа үзэгчид маань хэрхэн бэлдэж, сандарч байж, тайзан дээр гарч байгааг мэдэхгүй шүү дээ. Тиймээс л үйлдлээрээ бусад хүмүүсийг бодлыг өөрчлөхийг хичээсэн.

Амараа ахын үзүүлбэрээр дамжуулан, хүн хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг харуулахыг хүссэн

Амараа ахын шоугаар дамжуулан, хүн хүсвэл юуг ч хийж чадна гэдгийг харуулахыг хүссэн. 

Яг үнэндээ тайзан дээр гарахын өмнө их сандарч, айж байсан. Тэгээд өөртөө "чи хүүхдээ орхин байж, энэ хүртэл бэлдэж, хичээж ирсэн мөртлөө ингэж айж, ичих байсан юм уу" гэж хэлсэн. Яг энэ үед миний ханиас "чи яагаад ичээд байна. Чи хичээсэн. Үзүүлээд өг" гэсэн мессэж ирсэн шүү. Ингээд л би гэдэг хүн зоригжоод, тайзан дээр гарсан. Ялагч болсон.

- Шоуны бэлтгэл гээд завгүй байгаа байх. Хэрхэн амжуулж байна вэ?

- Намайг шоуны бэлтгэлтэй үед хань, ээж, хадам ээжийн аль боломжтой нь хүүг маань хардаг байсан болохоор сэтгэлд амар байлаа. Заримдаа бэлтгэлээ хүүхэдтэйгээ хамт хийх үе ч байсан. Ингээд бодохоор би ганцаараа биш, ар гэрийнхэн минь байгаа учраас ийм амжилттай явж байна.

- Энэ шоу нь таны хувьд ямар үнэ цэнэтэй шоу вэ? 

- Хүмүүс загвар өмсөгч гэхээр тайзан дээр гарч, ордог, мануухай шиг хүмүүс гэж ойлгодог. Эсвэл бүр муугаар ярьдаг. 

Тиймээс би "Яг түүн шиг" шоунд ороод, загвар өмсөгч хүн ганцхан загвар өмсдөггүй, сэтгэлтэй, бусдын адил мэрийдэг, хичээвэл бүжиглэж, дуулж, жүжиглэж чаддаг гэдгийг харуулахыг зорьсон. Энэхүү зорилгодоо ч гэсэн бага ч болтугай хүрсэн гэдэгт итгэлтэй байгаа.

- Одоогийн байдлаар зургаан дугаар гарсан. Таны хувьд хэнийг дуурайхад хамгийн хэцүү байсан бэ?

Madonna-г дуурайхад хэцүү байсан шүү. Яагаад гэхээр бүжгийн хувцастай, цэвэрхэн бүжиглэх, алдахгүй дуулах шаардлагатай болсон учраас тэр.

Би ганцаараа биш, ар гэрийнхэн минь байгаа учраас ийм амжилттай явж байна.

Харин Lana-гийн характер, хоолой нь надтай их төстэй санагдсан. Ямартай ч Амараа ах, Lana-г дуурайсан минь хамгийн сайхан мөч байсан. 

- "Яг түүн шиг" шоунд орсноор таны амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарав уу?

- "Яг түүн шиг" шоу надад бүх талаараа ашигтай байгаа. Тус шоуны ачаар загвар өмсөгч гэхээрээ тайзан дээр чимээгүй гараад, чимээгүй орчихдоггүй. Харин ч дуулж, бүжиглэж, бүх зүйлийг л хийж байна. Ер нь олны өмнө нүүр хагарч сурсан гэх үү дээ.

- Таныг олон хүмүүс сошиал ертөнцөөр дэмжиж байгаа илэрхийлж байсан.

- Тиймээ. Намайг сошиал ертөнц мөн гадуур явж байхад минь маш олон хүн дэмжиж байгаагаа надад хэлсэн. Хамгийн их дэмжиж байгаа нь хүүхдүүд байсан шүү. Саяхан хүртэл гурван хөөрхөн хүүхэд надад ийм гоё захиаг, уруулын будагтай хамт бэлэглэсэн.

 

- Энэ Ням гарагийн дугаараар хэний ямар дууг дуулах вэ?

- Энийг хэлж болох юм болов уу. Ямартай ч дуучин Б.Сарантуяа эгчийн нэгэн сайхан дууг дуулах гээд бэлдэж байна.

- Шоуны хувьд дөрвөн дугаар үлдлээ. Таны хувьд шоуны ялагч болно гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?

- Миний хувьд сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч бүх сэтгэл зүрх, хүчээ гарган хичээх болно.

"Алсын ирээдүйг бодож, Монгол Сарнай буюу "MONROZE" брэндийг бий болгосон"

- Та загвар өмсөхөөс гадна загвар зохион бүтээж, өөрөө оёдог гэсэн. Энэ талаараа бидэнтэй хуваалцахгүй юу?

- Үнэндээ "Яг түүн шиг" шоун дээр өөрийнхөө өмссөн хувцаснуудын загварыг би гаргаж, манай салоны туслах дизайнер маань оёсон.

Миний хувьд 2011 онд Монголдоо ирээд, хүсэл мөрөөдлийнхөө дагуу "Сити" дээд сургуулийг хувцас дизайнер мэргэжлээр суралцаж, өнгөрсөн жил сургуулиа төгссөн.

Мөн  энэ жилийн хоёрдугаар сард "MONROZE" гэх өөрийн брэндийн хувцасны салонтой болсон

- Яагаад "MONROZE" гэсэн нэрийг өгсөн бэ? Та бүтээгдэхүүнүүдээ оёж байгаа юу?

- Тиймээ. Би өөрөө загвараа гаргаж, оёдог. 

Энэхүү "MONROZE" гэх нэрийг миний ээж өгсөн. Ээж маань хэлэхдээ, алсын харааг бодоод МОНГОЛ буюу MON, харин Сарнайгийн бүтээл учраас ROZE гэж бодоод, "MONROZE" нэрийг хайрласан даа.

Уг нь бол MONROSE ч гэсэн өвөрмөц шийдэл, загварыг бодоод MONROZE гэж нэрлэсэн. Харин брэндийнхээ эмблемийг манай нөхөр бид хоёр нийлж гаргасан.

- Ямар загварын хувцаснуудыг бэлтгэн гаргаж байгаа вэ? Хаанаас худалдан авах боломжтой бол?

- Ерөнхийдөө биеийн зарим хэсэг нь ил гарсан буюу секси маягийн загвартай хувцаснуудыг бэлтгэж байгаа. Загвар бүр гурван размертэй, размер бүрээс 1,1 ширхэг бүтээгдэж байна. Хэрвээ та худалдан авахыг хүсвэл Гүмүда дэлгүүр дээр зарагдаж байгаа гэдгийг хэлэх таатай байна.

- Захиалгаар оёж байгаа юу? 

- Хувцас захиалах хүсэлтэй хүмүүс шууд манай брэндийн фэйсбүүк хуудсаар дамжуулан захиалгаа өгч болно. 

- "MONROZE" брэндийн хэтийн зорилго?

- Надад хүсэл мөрөөдөл, зорилго их бий. Ямартай ч цөөхөн тоогоор бүтээгдэхүүн бэлтгэж, хүн болгон авч чадахаар үнэтэй байх, өөрийн гэсэн дэлгүүртэй болоод, дэлхийд нэрээ гаргахыг мөрөөдөж байна даа. Ойрын төлөвлөгөө бол наадмын дараагаас MONROZE брэндийнхээ коллекц гаргах юм.

"Миний хувьд хүүгээ сайн хүн болгохыг хүсдэг"

- Таны ирээдүйн том зорилго юу вэ?

- Нэгдүгээрт, хүүгээ сайн хүн болгохыг хүсдэг. Хоёрдугаарт, брэндээ дэлхийн брэнд болгох явдал юм.

- Эцэст нь уншигчдадаа хандаж?

- Намайг үргэлж дэмжиж явдаг бүх хүмүүстээ баярлалаа. Би та бүхний итгэлийг алдахгүйн тулд сайн хичээх болно.

Мөн хамгаас хайртай эмээ ээж, аав, хань, бяцхан хүүдээ хамгаас илүү хайртай шүү гэж хэлье.

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

- Баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.