Улсаас ахмадуудыг хэд хэдэн төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулдаг. Түүний нэг нь ахмад настныг амралт сувилалд амраах үйлчилгээ юм. Тус үйлчилгээний талаарх зарим зүйлийг Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газрын Ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сугараас тодрууллаа.
-Жил бүр ахмадуудыг амралт, сувилалд амраадаг шүү дээ. Энэ жил хэчнээн амралт, сувиллын газар ахмадуудыг хүлээж авах вэ?
-Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн тавдугаар зүйлд ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн талаар заасан байдаг.
Тухайлбал, ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт хөнгөлөлттэй үнээр амрах тухай зааж, хуулиар зохицуулдаг. Жил бүр ахмадуудыг хүлээж авах амралт сувиллын газруудад тендер зарлан сонгон шалгаруулж авдаг. Энэ жил нийт 51 газар шалгарсан.
-Ямар байгууллагууд шалгарсан бэ. Шалгарсан байгууллагын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ахмадуудыг хүлээж авах амралтын газруудын 27 нь хөдөө орон нутагт байрлаж байгаа.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандманьд, мөн тус аймгийн Борнуур сумын Нарст баг, Булган аймгийн Хангал сум, Завхан аймгийн Улиастай хот, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тавдугаар багийн “Өгөөмөр” сувилал, Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Бигэр шимт элсд” сувилал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багийн “Цанид” гэх зэрэг хөдөө орон нутгийн 27 сувилалд ахмадууд амрах боломжтой.
Ахмадуудыг хүлээж авах амралтын газруудын 27 нь хөдөө орон нутагт байрлаж байгаа.
Харин нийслэлийн есөн дүүрэгт 24 амралт, сувилал бий. Налайх дүүргийн байгалийн цогцолборт газар болох Тэрэлжид байрлах “Мойлтын тохой” сувилалд, Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны Бумбатын рашааны урд “Мана” амралт, Сүхбаатар дүүргийн Санзайн аманд “Бага баян” сувилалд, Баянгол дүүргийн 12-р хорооны Сонгинохайрханы уул өвөрт байрлах “Ногоон булан” зэрэг амралтын газрууд тендерт шалгарч, ахмадуудыг хүлээж авахаар болсон.
Амралттай холбоо барих болон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл харьяа дүүргийнхээ нийгмийн халамжийн үйлчилгээний ажилтанд хандах хэрэгтэй.
-Хөнгөлөлтийн хувьд өөрчлөлт орсон уу. Ахмадууд хэдэн төгрөгийн хөнгөлөлт авах боломжтой вэ?
-Энэ оны хоёрдугаар сарын 8-нд Засгийн газрын 94 тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу ахмадуудын амралт, сувилалд амрах эрхийн бичгийн нэг ор хоногийн нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг 20 мянган төгрөгөөр тооцож олгохоор болсон.
2016 онд шинээр гэрээ хийж, эрх үүсгэсэн байгууллагууд амарсан ахмадуудын хөнгөлөлтийг гуравдугаар сарын 23-аас эхэлж тооцон нэг ор хоногийг 30 мянган төгрөгөөр тооцно. Ингэхдээ халамжийн сангаас 20 мянган төгрөгийг нь гаргана. Харин ахмадуудаас үлдсэн 10 мянган төгрөгийг гаргахаар зохицуулсан. Мөн амьжиргааны төвшин доогуур ахмадуудыг зургаа хоног үнэ төлбөргүйгээр сувилалд амраана.
-Халамжийн хэлтсийн харьяа амралт сувиллын газарт амрах ахмадуудын хөнгөлөлт адилхан гэж ойлгож болох уу?
-Үгүй. Орон нутгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дэргэдэх ахмадын амралт сувилал гэж байдаг. Хэрвээ орон нутгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дэргэдэх сувилалд амрах бол эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээ нь 13 мянган төгрөг байгаа. Харин ахмадуудаас найман мянган төгрөг гарна.
-Сувилалд амрахыг хүссэн ахмадууд хаана хандах вэ. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Хэрвээ амралт, сувилалд явахыг хүссэн ахмадууд байвал харьяа дүүргийнхээ Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандах хэрэгтэй. Бүрдүүлэх бичиг баримтын хувьд гэвэл өргөдөл гаргах ёстой.
Өөрийн оршин суудаг аймаг, сум, дүүргийнхээ хороонд сувиллын газарт амрахыг хүссэн өргөдөл гаргана. Мөн иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгтэй. Үүний дараа харьяа Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээсээ амралтын эрхийн бичгээ авна.
-Хэд хоног амрах вэ?
-10 хоног амарна.
-Амьжиргааны төвшин доогуур ахмадуудыг зургаа хоног амраана гэлээ. Амьжиргааны төвшинг хаанаас тодорхойлох вэ?
-Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2013 онд А/11 тоот тушаал гаргасан. Үүнд ахмад настан өргөдөл, хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст гаргана гэсэн байдаг.
Харин сум, хорооны Засаг дарга нар тухайн ахмад настан нь амьжиргааны төвшнөөс доогуур амьдралтай гэдгийг баталж, цохолт хийж өгөхөөр зохицуулсан.
-Жилд нэг л удаа амрах уу?
-Тийм нэг л удаа амарна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн тавдугаар зүйлд заасны дагуу Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газартай гэрээтэй ажиллаж байгаа амралт, сувиллын газар болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дэргэдэх амралтын газарт хоёуланд нь амарч болохгүй. Зөвхөн аль нэгэнд нь л амрах ёстой. Нэг хүн жилд нэг л удаа амралт, сувиллын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм.
-Амралт сувиллын хөнгөлөлтөө хэзээ авч болох вэ?
-Амралтдаа амраад ирснийх нь дараа нийгмийн халамжийн сангаас хөнгөлөлтийн мөнгө дансанд нь орно. Эхлээд өөрсдөө амралтын мөнгөө тушаах юм. Түүний дараа амралтын эрхийн бичгээ харьяа аймаг, дүүргийнхээ нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст үзүүлээд хөнгөлөлтийн мөнгөө авна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!