Нийслэлд хүүхдийн 19 зуслан үйл ажиллагаа явуулна
Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх 6, хувийн хэвшлийн 16 зуслан байдаг бөгөөд 2013 онд 18,793, 2014 онд 17,404, 2015 онд 17,831 хүүхэд амарчээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг.
Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу хүүхдийн зуслан эхлүүлэхэд болон үйл ажиллагааны явцад 2 удаа шалгалт хийдэг юм.
Хүүхдийн зусланг магадлан шалгах удирдамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажлын хэсгийг ахлан нийслэлийн Онцгой байдлын газар галын аюулгүй байдал, Эрүүл Мэндийн газар хүүхдийн зуслангийн эмнэлэг, эрүүл мэндийн байдал, Улаанбаатар хотын Цагдаагийн газар харуул хамгаалалт, хүүхдийн аюулгүй байдал, Мэргэжлийн хяналтын газар Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл байдал, барилга, эрчим хүч, хоол үйлдвэрлэл хүнсний стандартад, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг тус тус шалган үнэлж, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа.
Мөн эдгээр зусланд “School police” ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
