Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ичинноров: Аль ч улсаас илрээгүй ургамлын үр тоосонцор олдсон

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 30
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Ичинноровтой ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэрээс үлэг гүрвэлийн яс их олддог болсон. Хэчнээн төрлийн үлэг гүрвэлийн олдвор олдоод байгаа вэ?

-Монгол бол үлэг гүрвэлийн олдвороор баялаг орон. Дэлхийн үлэг гүрвэлийн олдвортой газрууд нь АНУ, БНХАУ, Канад, Аргентин, Монгол. Манайх энэ төрлийн олдвороор дэлхийд нэлээд дээгүүр бичигддэг. Сүүлийн үед 80 орчим төрлийн олдвор манай орноос олдоод байна.

-Манай орны үлэг гүрвэлийн олдворууд хэдий үед хамаардаг вэ. Эрдэмтдийн судалгаанд хэр дэвшил гарч байна вэ?

-Геологийн он цаг тооллоор нь Цэрдийн үеийнх гэж үзээд байгаа. Тэгэхээр багадаа 65 сая, цаашлаад 125 сая жилийн өмнөх үед амьдарч байсан гэсэн үг.

Манай ахмад судлаачид үлэг гүрвэл судлалаар дэлхийд танигдсан. Одоо 10 гаруй залуу судлаач бий. Бүгд үлэг гүрвэлийн судалгаа хийж байна. Тухайлбал, улс орнуудаас олдож буй олдворууд өөр өөр байдаг. Энэ тэр улсын олдвор байна гэдгийг судалгаагаар л нарийн тогтоодог шүү дээ. Нөгөө талаар Дэлхийн үлэг гүрвэл судлаачдын холбооны хуралд өнгөрсөн жил Барсболд гуай, Цогтбаатар дарга оролцсон. Мөн манай хүрээлэнгийн захирал н.Цогтбаатар Азийн үлэг гүрвэл судлаачдын холбооны даргаар сонгогдоод байгаа.

-Зөвхөн үлэг гүрвэл гэлтгүй эртний амьтан, ургамал хэр олдож байна вэ?

-Эрт үед далайд амьдарч байсан сээр нуруугүй зөөлөн биетэн олддог. Энэ бол дун хясаатай төстэй амьтад л даа. Мөн 300 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан ургамлын үр тоосонцор өнөө үеийг хүртэл газрын хөрсөнд хадгалагдаж үлдсэн байдаг. Ийм тоосонцор нүдэнд харагддаггүй учраас химийн хүчил шүлтийн тусламжтайгаар тогтоож, судалдаг.

Тавантолгойн нүүрсний ордоос өмнө нь хаанаас ч илэрч байгаагүй ургамлын үр олсон. 

Бид Тавантолгойн нүүрсний ордоос өмнө нь хаанаас ч илэрч байгаагүй ургамлын үр олсон. Энэ ургамлын талаар өгүүлэл бичиж, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн. Дахиад хоёр төрлийн үрийн талаар бичиж хэвлүүлэхээр явуулаад байна. Мөн хаарын замаг гэж ургамлын төрлийн хоёр, гурван зүйлийг нээсэн. Шинэ амьтан, ургамал нээх бүртээ олон улсын сэтгүүлээр дамжуулан танилцуулж, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай байдаг. Яагаад гэвэл бид шинэ олдворыг дураараа тогтоож болохгүй шүү дээ. Олон улсын судлаачдын судалсан зүйлтэй харьцуулаад өмнө нь тогтоогдож байгаагүй бол манай улсын шинэ олдвор гэж хүлээн зөвшөөрүүлдэг. Тавантолгойгоос олдсон шинэ үрийн хоёрыг нь одоогоор зөвшөөрүүлээд байгаа.

-Шинэ олдворыг Монголынх гэж дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадвал манайханд ихээхэн ашиг тустай биз дээ?

-Монгол орноос шинэ амьтан, ургамал олдоно гэдэг шинжлэх ухааны ач холбогдолтой. Хоёрдугаарт, дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд ихээхэн ач холбогдолтой зүйл.

-Палеонтологийн олдворуудаар үзэсгэлэн гаргавал тухайн улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр нэмэр болдог. Манай улс үзэсгэлэнгээс хэр орлого олдог вэ?

-Манай хүрээлэн сүүлийн үед “Хүннү молл”-д үлэг гүрвэлийн үзэсгэлэн гаргаж байгаа. Өнгөрсөн жил л гэхэд улсад чамгүй орлого оруулсан. Ялангуяа гадаадад үзэсгэлэн гаргавал улсын валютын сан өсдөг. Ингэж өсгөж байсан удаа ч бий. Одоо Кувейт, БНСУ-аас үзэсгэлэн гаргаач гэсэн санал ирүүлээд байгаа. Манайх лабораторидоо жижиг үзэсгэлэн гаргасан. Уг нь Байгалийн түүхийн музейн хоёр танхим манай хүрээлэнгийн мэдлийнх. Гэтэл барилгыг акталж, хаачхаад ажиллуулахаа байсан.

Эртний амьтан, ургамлыг судалгаанаас гаргаад л үзэсгэлэнд тавьж олон нийтэд танилцуулах хэрэгтэй. Гэвч одоогоор бүх олдвороороо үзэсгэлэн гаргах боломж хомс байна.

-БНСУ арай ойр болохоор үзэсгэлэн гаргах боломжтой байх. Харин Кувейт рүү тээвэрлэлтийн зардлаас эхлээд амаргүй биз?

-Манай захирал Кувейт явж үзэсгэлэн гаргах боломж хэр байгааг судлаад ирсэн. Намраас болох байх. Эдийн засаг хүнд байхад гадаадад гаргачихвал валютын санд ашигтай. Тээвэрлэлтийн хувьд хэцүү л дээ. Үзэсгэлэн гадаадад гаргасан тохиолдолд нөгөө улс нь тээврийн зардлыг даадаг. Түүнээс бид зардлаа даагаад гаргана гэвэл амаргүй.

Үлэг гүрвэлийн ясыг мэргэжлийн хүмүүс угсардаг учраас заавал явах ёстой байдаг. Тэгэхээр зардал их гарна. Том яснууд тээвэрлэх учраас өчнөөн олон тонн болдог.

-Танай палеонтологийн музей орон сууцны хонгилд байрладаг гэлүү. Ялалтын талбайд байрлах үлэг гүрвэлийн музейд олдворуудаа тавьж болдоггүй юм уу?

-Бид музейтэй болгож өгөөч гэсэн хүсэлт байнга тавьдаг ч шийдэгдэхгүй юм. Үлэг гүрвэлийн музейтэй манайх холбоотой биш л дээ. Ихэвчлэн хууль бусаар гадагшаа гаргасан ясыг оруулж ирж байрлуулдаг учраас БСШУЯ л мэддэг байх. Тэнд мэргэжлийн палеонтологичид байхгүй. Иймд стандартын дагуу арчилж, дордож чаддаг, эсэхийг мэдэхгүй. Манайхаас байнга мэргэжилтэн урьж угсруулдаг. Бас зөвлөгөө авдаг.

-Гаднаас авчирсан олдворуудыг танайхаар судлуулдаг биз дээ?

-Мэдээж мэргэжлийн хүмүүсээр судалгаа хийлгэлгүй яах вэ. Саяхан БНСУ-д Монголынх байж магадгүй үлэг гүрвэлийн яс байна гэж манайх руу мэдэгдсэн.

Саяхан БНСУ-д Монголынх байж магадгүй үлэг гүрвэлийн яс байна гэж манайх руу мэдэгдсэн. 

Аль нэг улсад танилцуулж, олдвор байна гэсэн мэдээлэл хүлээн ирвэл бусад газрын мэргэжлийн шинжээчид очиж үздэг. Олон жил судалгаа хийсэн хүмүүс шинжээд мэдчихдэг. БНСУ-руу хууль бусаар л гаргасан юм билээ.

-Энэ жил хаана хаана матлагаа хийх вэ?

-Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаас ихэвчлэн олдвор олддог. Тиймээс жил бүр л тогтоосон газрууддаа малтлага хийдэг. Говь-Алтай аймгийн Шалдийг гэдэг газраас нисдэг үлэг гүрвэл олсон.

-Нисдэг үлэг гүрвэл хэр элбэг олддог олдвор вэ?

-БНХАУ-ын Өвөр монголын хэсгээс их олддог олдвор л доо. Бид эрэл хайгуул хийсний дүнд хоёр гурван газраас нисдэг үлэг гүрвэл илрүүлээд байгаа.

-Палеонтологийн олдворууд олдсон газруудад нь аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор парк байгуулж болдоггүй юм уу. Үлэг гүрвэлийг байгалийн орчинд нь хадгалж болох уу?

-Парк байгуулж болно. Бид байнга л парк байгуулж хөгжүүлмээр байна гэж ярьдаг. Гэвч хөрөнгө санхүүгийн боломж бүрдэхгүй байна. Шар цав гэж үлэг гүрвэлийн мөрний газар бий. Оюутолгойгоос санхүүжүүлээд тус газрыг хашиж хамгаалсан. Өмнөговь аймгийн сумдтай байнга холбоотой байгаа. Сумынхан парк байгуулах сонирхолтой байдаг. Дэлхийн хаанаас ч олдоогүй олдвор олдвол гадаад руу сурталчилгаа хийдэг. Ийм олдворыг төв музейд байрлуулж болно шүү дээ.

 

-Танай хүрээлэн олдворуудаа стандартын дагуу хадгалж, хамгаалж чаддаг уу?

-Олон сая жилийн настай олдворууд газрын хөрсөнд байхдаа хадгалагдаж байгаад ил гаргаад ирэхээр бутарч, үйрч унадаг. Тиймээс бид химийн бэхжүүлэгч хэрэглэдэг. Сүүлийн үед сан хөмрөгөө баяжуулах талаар их анхаарч байна. Шинэ олдворуудад цаг тухайд нь бүртгэлжүүлдэг. Мөн тухайн газар нутгийнх нь координатын тэмдэглэгээ хийдэг. Ямар нөхцөлд хадгалж байгаа нь нөлөөлдөг учраас аль болох шаардлага хангаж хадгалах хэрэгтэй. Олдворууд хадгалж буй газарт чийг хэмжигч багаж байрлуулсан. Цаашдаа зайлшгүй байр хэрэгтэй байна. Ихэвчлэн хайрцаг саванд л хадгалдаг.

-Сүүлийн үеийн судалгаа шинжилгээний багаж төхөөрөмжүүдийг авч чадаж байгаа юу?

-Манайх хэдэн жилийн өмнө Японы төсөл шалгаруулалтад ороод лабораторийн багаж төхөөрөмж авсан. Мөн 1993 оноос хойш судалгааны ажилд хамтарч ажиллаж байгаа. Японы компани байр барьж өгсөн. Хүний нүдэнд харагдахгүй жижиг амьтан, ургамлын тоосонцрыг харж, дотоод бүтцийг нь судалдаг аппарат авах гээд чадахгүй байна.

-Танай хүрээлэнгийн төсөв хэр хүрэлцээтэй вэ?

-Ер нь академийн хүрээлэнгүүд Шинжлэх ухаан технологийн сангаар дамжуулаад суурь судалгааны төсөл авдаг. Харин манай хүрээлэнгийнхэн гурван жилд нэг удаа том төсөл авсан. Эрдэм шинжилгээний зардал 50 сая байдаг. Гэхдээ энэ мөнгө хүрэлцдэггүй. Бидэнд гаднын төсөл хөтөлбөрүүд л томоохон дэмжлэг болдог. Олон сараар хөдөө явж судалгаа хийдэг хүмүүст бэрхшээл их. Судалгаа хийх хугацаанд хүйтэн, нойтон байсан ч олон хоногоор майханд байрлахаас эхлээд амар ажил биш шүү дээ.

-Залуу судлаачдыг бэлтгэж чадаж байгаа юу?

-Бид 10 гаруй залуу боловсон хүчин бэлтгэж авсан. Тэгэхээр нэг үеэ бодвол боловсон хүчинтэй болоод байгаа. Эрдэмтэн залуусаа чиглэл чиглэлээр нарийн мэргэшүүлж байна. Зарим нь Япон, АНУ- д доктор хамгаалж байгаа. Манай ахмад судлаачид бол дэлхийд хэдийн танигдсан. Өнөөдрийг хүртэл үлдээсэн том өв бол тэдний ач буян. Гэхдээ өөрсдийн гараар бүтээсэн зүйлээ нүднийхээ цөцгий шиг хайрладаг учраас л Үлэг гүрвэлийн музейд олдвороо тавихгүй байгаа юм. Учир нь олдвороо аваачаад тавьчихаар мэргэжлийн бус хүмүүс хайнга хандаад сэвтээчих вий гэж болгоомжилдог. Уг нь мэргэжлийн байгууллагыг нь түшиглэж музейг хөгжүүлбэл зүгээр байгаа юм л даа. Мэргэжлийн байгууллагаас нь салгаад мэргэжлийн бус хүмүүсийн гарт өгч болохгүй. Гаднын улс орнуудын эрдэм шинжилгээний байгууллагууд бүгд л хажуудаа музейтэй.

-“Хүннү молл”-д гаргасан үзэсгэлэнгийнхээ орлогыг танай хүрээлэн авдаг уу?

-Улс аваад тодорхой хувийг нь манай хүрээлэнд өгдөг. “Хүннү молл”-д үзэсгэлэн гаргаснаас хойш олон хүүхэд залуус үзсэн. Зөвхөн хүмүүст үзүүлж ашиг олохоос гадна ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг өгдгөөрөө ач холбогдолтой.

Зураг