Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн ШАВЫГ II эмнэлгийн хашаанд тавилаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд У Сун болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцлоо.

БНСУ-ын 110 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттөй зээлээр баригдах олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж бүхий өндөр хүчин чадалтай 233 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү оношилгоо, эмчилгээний төв хэд хэдэн давуу талтай юм. Нэгдүгээрт, Монгол Улсад анх удаа эмнэлгийн зориулалттай цөмийн шугаман хурдасгуур буюу изотопын бэсрэг үйлдвэрийг энэ төвд байгуулж, оношилгооны FIT ситиг суурилуулна. Ингэснээр иргэд оношилгоогоо баталгаажуулахаар гадаад улсыг зорих шаардлагагүй болно. Хоёрдугаарт, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-д эмнэлгийн мэдээллийн систем суурилуулж, зайн оношилгооны нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөлжсөн мэргэжлийн болон нэгдсэн эмнэлгүүдтэй холбоно.  Гуравдугаарт, зайн оношилгооны тусгай зориулалт бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон  авто машинуудаар алслагдсан сум суурины иргэдэд хурдан шуурхай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Дөрөвдүгээрт, тус төвд ажиллах эмч сувилагч, инженер техникийн ажилтнуудыг Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсад сургалтад хамруулж мэргэшүүлэх аж.

Шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газрын 2012-2016 оны “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” хөтөлбөрийн гол цөм нь Эрүүл мэндийн салбарт техник технологийн шинэчлэл хийх зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өнөөдрийг хүртлэх хугацаанд эмчилгээ оношилгоонд орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд 11 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвд 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий оношилгооны төв байгуулсан гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглэлээ.

 

Мөн Япон улсын 130 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барих Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг саяхан эхлүүлсэн.

Австрийн Засгийн газрын 28 сая еврогийн хөнгөлөлттөй зээлээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Цэргийн нэгдсэн эмнэлгүүдэд хамгийн сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.

Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж Японы менежментээр ажиллах “МЕДИПАС” оношилгооны төв сарын өмнө ашиглалтад орж нээлтээ хийсэн.

Долоо хоногийн өмнө Бельгийн Засгийн газрын хөнгөлөлттөй зээлээр Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 6.5 сая еврогийн тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн баг ажилдаа орлоо. Хувийн хэвшлийн байгууллагуудын санаачилга, хөрөнгө оруулалтаар “Грандмед”, “Интермед” зэрэг томоохон эмнэлгүүд сүндэрлэн бослоо гэдгийг Ерөнхий сайд дурдаад “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын шав тавих ёслолд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

 

Мөн энэхүү бүтээн байгуулалтад олон байгууллага, хамт олны хүч хөдөлмөр шингэх бөгөөд богино хугацааны дотор чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба