Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Канад улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон, Монгол, Канадын хэвлэлийн төлөөлөгчид та бүхний өдрийн амгаланг айлтгая. Миний урилгыг хүлээн авч Монгол Улсад айлчилж байгаа эрхэмсэг ноён Дэвид Жонстонтой сая албан ёсны хэлэлцээ хийлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, уул уурхай, эрүүл мэндийн салбарт Монгол, Канадын хооронд хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар ярилцлаа.
Энэ айлчлал бол Канадын талаас хийж байгаа анхны төрийн айлчлал юм. Мөн Канад-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд болж байгаа чухал айлчлал юм. Бид олон салбарт хамтран ажиллах боломжтой.
Канад улс, Монгол Улсын харилцаа нь ижил үнэт зүйлсээр холбогдож байдаг. Канадын Засгийн газар, төр Монгол Улсыг ардчилсан нийгэмд шилжихэд эхнээс нь дэмжиж ирсэнд бид их талархаж байдаг. Айлчлалын хүрээнд олон баримт бичигт гарын үсэг зурснаас гадна хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, уул уурхай, эрүүл мэндийн салбарт Монгол, Канадын хооронд хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар ярилцлаа.
Монголд төрийн албаны шинэчлэл хийхэд Канад улс маш үнэтэй хувь нэмэр оруулж байгаа, цаашид ч оруулна гэдэгт итгэж байна. Батлан хамгаалах салбарт Канад, Монголын хамтын ажиллагаа эрчимтэй явж байна.
Канад улсын Амбан захирагчийн Монгол Улсад хийж байгаа айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн, үр дүнтэй сайхан айлчлал болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Айлчлалд амжилт хүсье” гэлээ.
Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон “Би өнөөдөр энд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Канад, Монголын нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар ярилцаж байгаадаа туйлын баяртай байна. Юуны өмнө та бүхэнд нийт канадчуудын халуун мэндийг дэвшүүлье.
Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Канад улсын анхны Амбан захирагч болж байгаадаа би сэтгэл хангалуун байна. Миний биеийг гэргий Шэроны хамт урьсанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд талархал илэрхийлье.
Амбан захирагч Дэвид Жонстон: Ялангуяа байгалийн нөөц ашиглалтын салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хөгжихийн зэрэгцээ бидний түншлэл илүү олон талт, өргөн хүрээтэй болж байна.
Энэ айлчлал манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх үеэр болж байгаагаараа онцлог юм. Өнгөрсөн 40 жилд хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж ирснийг тэмдэглэхийн ялдамд Монголын ард түмэн Канадын дотнын анд, сайн түншлэгч байж ирсэнд талархал илэрхийлье.
Бидний харилцаа ардчилал, хүний эрх, эрх зүйт төрийг дээдлэх нийтлэг үнэт зүйлс дээр суурилж байдаг. Бидний эдийн засгийн харилцаа, ялангуяа байгалийн нөөц ашиглалтын салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хөгжихийн зэрэгцээ бидний түншлэл илүү олон талт, өргөн хүрээтэй болж байна. Өнөөдөр бид ардчиллыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, энхийг сахиулах, бүс нутагт болон дэлхийд аюулгүй байдлыг хангах тал дээр түншлэн ажиллаж байна.
Таван жилийн өмнө Улаанбаатар хотноо Канадын ЭСЯ-ыг нээсэн нь бидний холбоо гүнзгийрснийг илтгэсэн томоохон алхам болсон бол одоо бидний харилцаа цэцэглэн өрнөж байна гэж дүгнэх бүрэн боломжтой болоод байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!