- Загварын ертөнцийн Ари Наранчимэг-
2016 оны Vogue Talent-ын зохион байгуулсан REMIX2016 олон улсын үслэг эдлэлийн загварын тэмцээний шилдэг 12-т шалгарсан, мөн Vogue Talent REMIX2016 тэмцээнд АНУ-ыг төлөөлөн оролцохын дизайнерыг сонгох тэмцээний ялагч дизайнер Ари Наранчимэг /Ариундарь/-тэй Монголд амралтаараа ирсэн байхад нь ярилцлаа.
Тэрбээр АНУ-ын Флорида мужийн Орландо хотын Sanford Brown коллежийг Дизайнер&Мерчандайзинг хосолсон мэргэжлээр 2015 оны 12 дугаар сард төгссөн бөгөөд удахгүй Бизнесийн удирдлага мэргэжлээр мастерт суралцахаар Америк руу явах гэж байгаа аж.
- Юуны өмнө Vogue Talent-ын зохион байгуулсан REMIX2016 олон улсын үслэг эдлэлийн загварын тэмцээн шилдэг 12-т багтсанд баяр хүргэе. Эхлээд таныг яагаад дизайнер мэргэжилтэй болсон талаар асуух хэрэгтэй байх.
- Баярлалаа. Миний хувьд Монголд ирээд анх удаа сайтад ярилцлага өгч байна.
Хүүхдүүд онгоцны нисгэгч, үйлчлүүлэгч, загвар зохион бүтээгч болно гэж хүсдэг шиг миний хувьд багаасаа загвар зохион бүтээгч, зураач болохыг хүсч, мөрөөддөг байсан. Хамгийн анх Хатан хаан Сиси киног үзээд жүжигчдийн хувцаснуудад нь дурлаад, дуурайж зурж байсан. Манай гэрийнхэн намайг 5 настайгаасаа зураг зураад эхэлсэн гэдэг.
Ингээд сургуульд ороод сургуулийнхаа зургийн дугуйланд явж эхэлсэн. Одоо бодоход анхнаасаа л би загвар зохион бүтээгч л болох байсан гэж боддог шүү.
Анхнаасаа л би загвар зохион бүтээгч л болох байсан гэж боддог шүү.
- Та 10 жилээ төгсөөд шууд АНУ-ыг зорьсон уу?
- Энэ их сонин түүх. Би 10 жилээ төгсөөд ТИС-ын Архитекторын ангид суралцах эрх авсан ч суралцаагүй. Учир нь Архитектораар сурна гэж БНХАУ-ыг зорьсон. Тэнд хэлний бэлтгэлд сурч байх хугацаандаа диплом нь олон улсад хүчинтэй, Хятададаа хоёрт ордог анагаахын сургуульд элсэн орсон. Анагаахын сургуульдаа хоёр жил гаруй сураад, Америк руу явсан түүхтэй.
- Анагаахын сургуулиа төгсөв үү? Багаасаа дизайнер болох хүсэлтэй хүүхэд яагаад эмч болохоор шийдэв?
- Манай ээж болон ээжийн талынхан бүгд эмнэлгийн хүмүүс. Тэгээд би мэс заслаар сурах сэдэл төрхөд маань нөлөөлсөн байх. Эмч буянтай сайхан мэргэжил шүү дээ.
Анагаахын сургуульд сурч байхад задланд орох, амьд туулайн дээр хагалгаа хийх үед сэтгэл их эмзэглэдэг байлаа. Найз залуу маань энэ байдлыг минь их анзаарсан юм шиг байгаа юм. Надад "Чиний яг хиймээр байгаа зүйл энэ мөн үү. Өдөр болгон хийгээд аз жаргалтай байх зүйлээ хийсэн нь дээр шүү дээ" гэж хэлсэн.
Тэгээд л би нээрээ энд юу хийж байна вэ, юуг хиймээр байгаа билээ гэж бодож, улмаар өөрийнхөө хүссэн мэргэжлээрээ сурахаар шийдсэн. Тухайн үед хичээл уншиж суухдаа хэдэн аяга кофе уусан ч сэргэдэггүй байж билээ. Одоо бол сэргээх юм хэрэглэхгүйгээр шөнөжин суусан ч ядрахгүй шүү.
Энэхүү шийдвэрийн талаар Монголд амралтаараа очоод эмээдээ хэлэхэд "Болж дээ. Миний охин загвар зохион бүтээгч эсвэл зураач болох л охин юм байгаам шүү дээ" гэж хариулсан шүү.
Тэгээд сургуулиа хөөцөлдөж, бэлдэж эхлээд, ямар ч асуудалгүй бүтээд Америк руу явчихсан даа. Хүссэн мэргэжлээрээ сурах гэж байгаа болохоор яг л өлсгөлөн бар шиг сургуульдаа элсэн орсон. Хэзээ ч харамсдаггүй. Хайран хугацаа, Хятадад сургуулиа төгсөх байсан гэж боддоггүй. Хар л даа загвар зохион бүтээгчээр төгсчихсөн байна шүү дээ. Эцсийн дүнд өөрийн дуртай юмаа олоод, хийж байгаа болохоор сайхан байна. Хэрвээ одоо Анагаахаар төгсөөд байсан бол? Юу хийж байгаа бол гэж бодохоор төсөөлшгүй. Энэхүү шийдвэр маань амьдралын том шийдэл минь болсон доо.
Хүссэн мэргэжлээрээ сурах гэж байгаа болохоор яг л өлсгөлөн бар шиг сургуульдаа элсэн орсон.
- Таны хувьд АНУ-д дизайнераар суралцахдаа багагүй амжилт гаргасан. Амжилтуудынхаа талаар хуваалцаач?
- Анх Хятадаас Америкт ирэхэд сургалтын системийн болон орчин өөр байсан учир дасахгүй хэцүү байсан. Гэхдээ дасаад учрыг нь олчихвол орчин үедээ таарсан сайн сургалтын системтэй улс шиг санагдсан.
Ерөнхийдөө аливаа тэмцээн, шоунд оролцохын тулд сургууль доторх тэмцээнд эхний тавт багтаж байж, тухайн шоунд оролцох эрхтэй болдог. Сургууль дотроо өөрийн дизайны сэдэл санаа, онцлог гэх мэтээ танилцуулна гэсэн үг.
Би ч хүүхдээ гэдсэнд байхад ч гэсэн шоунд оролцоод явдаг байсан гээд бод доо.
Суралцах хугацаандаа:
Мэдээж сайн дураараа хийж байгаа учраас ямар ч цалингүй. Шинээр материал авахгүй. Уг онцлог нь EXPO-ын үеэр хэрэггүй болсон хуримын даашинз, даавуу зэргээ хандивладаг хүмүүс бий. Эдгээр хувцсыг нь янзалж, өөрчилснөөр шинэ даашинз бэлэн болно.
Саяхан хүртэл "Чикагод арьс шир, ноолуурын үзэсгэлэн болно. Оролцох уу" гэсэн хүсэлт ирсэн. Мөн ярилцлага авч болох уу гэх хүсэлтүүд ирдэг.
Эхний хоёр жил дээрх гурван шоуны тайзны арын туслахаар ажиллаж, туршлага хуримтлуулж байсан. Ард нь ажиллах ч гэсэн нэр төрийн хэрэг. Ерөнхийдөө жижиг том гэлтгүй Fashion week-д оролцсоноор олон хүмүүст өөрийн нэрээ таниулахаас гадна карьерынхаа хувьд шинэ нэг алхам хийж байна гэсэн үг юм шиг санагддаг.
Америкт бол хэрвээ чи чадаж л байвал хэн байх нь хамаагүй. Хауст амьдрах, гэр хороололд амьдрах нь хамаагүй.
- Америкт гадаад дизайнер шоунд оролцох боломж нээлттэй байдаг уу?
- Америк хүн Америк үндэстэн гэж байхгүй. Харин Монголчууд "гаднынхан, Солонгосчууд, Хятадууд" гэцгээдэг.
Америкт бол хэрвээ чи чадаж л байвал хэн байх нь хамаагүй. Хауст амьдрах, гэр хороололд амьдрах нь хамаагүй. Цаг үетэйгээ нийлсэн коллекцтэй бол чиний хэн байх нь хамаагүй. Сургуульдаа эхний тавд ороод, шоунд оролцож байвал чиний нас, чамайг хүмүүс юу гэж боддог гэх мэт хэнд ч хамаагүй.
- Хамгийн сүүлд орсон шоуны талаар? Vogue Italy дээр таны талаар гарсан байхыг харах сайхан байна шүү.
- Эхлээд Vogue Talent-ын зохион байгуулсан REMIX2016 олон улсын үслэг эдлэлийн загварын тэмцээний талаар ярих нь зөв байх. АНУ-д өнгөрсөн оны есдүгээр сард Vogue Talent REMIX2016 тэмцээнд АНУ-ыг төлөөлөн оролцох дизайнерыг сонгох тэмцээн FICA /Fur Information of Central America/ Хойд Америкийн загварын чиглэлийн сургуулиудын дунд зохион байгуулагдсан.
Миний хувьд таталбар зургаа материал хүлээн авах хамгийн сүүлийн өдөр явуулж байсан. Тус тэмцээнд оролцохын тулд дизайнер мэргэжлээр төгссөн эсвэл суралцдаг гэсэн шаардлага л байсан. Тэмцээний ялагч нь АНУ-г төлөөлөн Vogue Talent-ын зохион байгуулсан REMIX2016 олон улсын үслэг эдлэлийн загварын тэмцээнд материалаа явуулах эрхтэй болох юм. Гэхдээ Vogue Talent-ын зохион байгуулсан REMIX2016 олон улсын үслэг эдлэлийн загварын тэмцээний сүүлийн шатанд оролцох биш, зөвхөн таталбар зургаа явуулах эрхтэй болно л гэсэн үг шүү.
Хэдийн АНУ-ыг төлөөлсөн дизайнер гэж хэлэгдэж байгаа ч миний танилцуулга дээр Монгол Улсад төрж, өссөн Монгол дизайнер гэх мэдээлэл үргэлж байсан гэдгийг хэлмээр байна.
- Тэгвэл таны хувьд АНУ-ын тэмцээнд түрүүлсэн гэсэн үг үү?
- Тийм. АНУ-ын тэмцээний хариу арваннэгдүгээр сард гарсан. Америкийг төлөөлж гурван дизайнер Vogue Talent-ын зохион байгуулсан REMIX2016 олон улсын үслэг эдлэлийн загварын тэмцээнд материалаа илгээх боломжтой болсон. Түүний нэг нь Ари Наранчимэг миний бие байсан.
Ингээд л өөрийн таталбар зургаа олон улсын тэмцээн рүү явуулсан. Тус олон улсын тэмцээний эхний хариу энэ оны хоёрдугаар сард гарсан бөгөөд 40 гаруй улсаас 100 гаруй шилдэг дизайнерууд материалаа явуулснаас шилдэг 12 дизайнер нь Италид гуравдугаар сарын 01-04-ний хооронд шилдэг оролцогч шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон.
Ингээд Ари Наранчимэг нь шилдэг 12-т багтан, Итали улсыг зорьсон.
- Та Vogue Talent Олон Улсын үслэг эдлэлийн REMIX уралдаанд ямар бүтээлээр оролцсон бэ? Бүтээлээ өөрөө бүгдийг нь хийсэн үү?
- Шоуны гол дүрэм нь үслэг эдлэлээр хийсэн бүтээл байх гэж байсан. Монголчууд үслэг эдлэл гэхээр булган шуба боддог шиг надад ч гэсэн тэгж санагдсан.
Тэгээд таталбараа зурахдаа хүмүүсийн зурсныг харах уу байх уу гэж бодсон ч хайрцаглагдах юм шиг санагдаад больсон.
Ер нь үслэг эдлэл өөрөө их үнэтэй. Яагаад хуримын даашинзыг үслэг эдлэлээр хийж болохгүй гэж бодсон доо. Өмнө нь Швейцарын мөсөн буудалд хурим хийж буй дүрслэлийг харж байсан болохоор яагаад үслэг эдлэлээр хийсэн хуримын даашинз өмсөөд, цасан дунд хуримаа хийж болохгүй гэх санаа төрсөн.
Таталбар зургаа хоёр цагийн хугацаанд зурсан. Харин хувцсаа 3-4 долоо хоногийн хугацаанд оёсон. Эцсийн шалгаруулалтад бэлдэх 4 долоо хоногийн хугацаа байсан учраас шаргуу ажиллах хэрэг болсон. Манай гэр бүл, сургуулийнхан, АНУ-ын үслэг эдлэлийн холбоо гээд бүгд маш их тусалсан.
Хэдий ганцхан миний нэр гарч байгаа ч гэсэн бүх хүмүүс миний амжилтад холбоотой шүү.
Хэдий ганцхан миний нэр гарч байгаа ч гэсэн бүх хүмүүс миний амжилтад холбоотой шүү гэдгийг хэлмээр байна.
Миний хувьд загвараа өөрөө гаргаж, өөрөө оёж, бэлэн болгодог. Тухайн үед үслэг эдлэлийг хэдий мэддэг ч анх удаа хийж, оролдож үзсэн болохоор шинэлэг, их олон техник, зүйлсийг сурсан даа. Цаашид ч гэсэн энэ чиглэлээр явах сонирхол, сэдэл төрсөн шүү.
- Эцсийн шалгаруулалтад шалгарсан 12 оролцогчоос та юугаараа онцлог байв?
- Надаас бусад нь өөрийн гэсэн брэндтэй эсвэл мундаг газарт ажилладаг туршлагатай хүмүүс байсан. Хамгийн бага туршлагатайтай, мөн дөнгөж коллежоо төгсөөд оролцож байгаа нь би байв.
Тухайлбал, Хятадын охин хойд АНУ хамгийн том үслэг эдлэлийн холбоонд ажилладаг. Аргентины дизайнер өөрийн гэсэн үслэг эдлэлийн брэндтэй, Японы оролцогч нь Мизүно брэндийн дизайнер байсан.
- Vogue Talent-ын зохион байгуулсан REMIX2016 олон улсын үслэг эдлэлийн загварын тэмцээн таны хувьд ямар ач холбогдолтой байсан бэ?
- Манай шоуны ялагч нь Vogue Italy сэтгүүлийн нүүрэн дээр гарч, өөрийн талаарх нэг сурвалжлага бэлтгүүлэх гэсэн шагналтай байсан. Энэ нь өөрөө дизайнер хүний хувьд маш том хөрөнгө оруулалт шүү дээ. Бид нар чинь хэчнээн юм хийгээд гаргахгүй бол ямар ч нэмэргүй мэргэжилтэй улс.
Миний хувьд Vogue Italy сэтгүүлийн нэг нүүрний талд нь нийтлэгдсэн гэдэг маань сайхан амжилт.
Харин миний хувьд Vogue Italy сэтгүүлийн нэг нүүрний талд нь нийтлэгдсэн гэдэг маань сайхан амжилт. Цаашид олон сайхан боломж гарч ирэх байх.
- Хэтийн төлөвлөгөө юу вэ? 5 жилийн дараах Ари Наранчимэг ямар байх бол?
- Хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл магистераа амжилттай төгсөх. Энэ нь Ари Наранчимэг гэх нэрээ гаргаж ирэхэд маань том тус болох учраас тэр.
Цаашид Ари Наранчимэг нэрээ олонд таниулж, хүмүүст гоо сайхныг мэдрүүлэх, өгөх мөрөөдөлтэй. Монголд төдийгүй дэлхийд ч гэсэн нэрээ дуурсгах хүсэлтэй байгаа. Ойрын таван жил дотроо Монголын хэрэглэгчдэд өөрийн гэсэн "Ари Наранчимэг" брэндийг хүргэх төлөвлөгөөтэй байна.
Тэгээд мэдээж сурсан мэдсэн зүйлсээ дизайнер болохыг хүсдэг залуустаа заахыг ч гэсэн хүсдэг шүү. Тиймээс надтай холбогдмоор байвал миний фэйсбүүк хаягаар холбогдоорой.
- Цаашид ямар чиглэлээр даганаж явах вэ?
- Цаашид энгийн үед эсвэл ёслолын үед ч гэсэн өмсөх боломжтой загвар бүхий "Smart Casual" төрлөөр даганан ажиллах төлөвлөгөөтэй байна.
- Монгол дизайнеруудад гадаадад гарах боломж хэр байгаа бол?
- Монголын дизайнеруудыг би дүгнэж, цэгнэх эрх надад байхгүй. Сүүлийн үед улам мундаг, гоё болж байгаа мэт санагддаг шүү. Миний хувьд Tsooloo Munkh-ийн уран бүтээлүүд хамгийн их таалагддаг.
Ер нь дизайнераар суралцаж буй оюутнуудаа тухайн сургууль нь дэмжих хэрэгтэй юм шиг. Тухайлбал, Vogue Talent-ын зохион байгуулсан REMIX2016 олон улсын үслэг эдлэлийн загварын тэмцээнд тухайн улсынхаа Үслэг эдлэлийн холбоогоор дамжин оролцох боломжтой тэмцээн байсан. Хэдий манайд Үслэг эдлэлийн холбоо байхгүй ч гэсэн олон улсын ямар тэмцээнд оролцох боломж байгаа, шаардлагыг хэрхэн хангах хэрэгтэйг сургууль нь судалж, дэмжих хэрэгтэй.
Үүнээс гадна хувь хүн өөрийгөө хөгжүүлж, ямар боломж байгааг харах хэрэгтэй. Фэйсбүүк гээд ухаад байж байсны оронд гадна дотны дизайнеруудын бүтээл, онцлогийг харах, суралцах, олон улсын стандартыг мэдэх, хэлээ сайжруулах гэх мэт өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг хийх нь чухал. Ер нь яагаад дадлагаа гадаадын компанид хийж болохгүй гэж.
Өөрийгөө боловсруулж чадаж байвал болохгүй, бүтэхгүй юм байхгүй. Авьяас байхад хэн ч Burberry, LV-нд дизайнераар ажиллаж болно шүү дээ. Тиймээс нэг өдөр манай дизайнер болооч гэнэ дээ гээд хүлээх хэрэггүй.
- Тэмцээнд орсны дараа хүмүүс их холбогдож байна уу?
- Тэгсэн шүү. Ахлах сургуулиа төгсөх гэж буй хүүхдүүд, АНУ-д суралцах хүсэлтэй залуус, мөн дизайнер болмоор байна гэх мэт зөвлөгөө хүссэн хүмүүс их холбогдож байгаа.
Залуучууд гэхгүй бүх хүмүүс ганцхан амьдрах юм чинь дуртай ажил, сурмаар, хиймээр байгаа зүйлээ хийгээд, хүссэн зорилгодоо хүрэх хэрэгтэй.
- Эцэст нь?
- Юуны өмнө ар гэрийнхэндээ маш их баярлаж явдаг гэдгээ хэлмээр байна. Намайг тэмцээнд орох гээд бэлтгэж эхэлж байхад бага охин маань 4 сартай, том нь 3 настай байсан. Ийм үед хань болж дэмжиж байсан гэр бүлийнхэндээ бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.
Залуучууд гэхгүй бүх хүмүүс ганцхан амьдрах юм чинь дуртай ажил, сурмаар, хиймээр байгаа зүйлээ хийгээд, хүссэн зорилгодоо хүрэх хэрэгтэй. Би хүссэн зүйлээ хийхийн жаргалыг биеэрээ мэдэж авсан. Тиймээс та нар ч гэсэн хүссэн зүйлээ хийгээрэй. Миний хувьд цаашид Ари Наранчимэг гэх биеэ л сайн ханатал нь ашиглах болно.
- Цаг гарган ярилцсанд баярлалаа. Монголд ирээд анх удаа ярилцлага өгөх боломжийг манай сайтад олгосонд баярлалаа.
- Танай хамт олонд ч гэсэн баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!