Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.
Аймаг, нийслэлийн хэмжээнд энэ арга хэмжээг зохион байгуулах 1,600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сургаж бэлтгэн, вакциныг хуваарилан хүргүүлжээ.
- Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын аяны хүрээнд хэдэн тун вакцин хийх вэ?
- Вакцин хийлгэх шаардлага хангасан хүнд нэг тун хийнэ.
- Дархлаажуулалтыг хаана хийх вэ?
- Өрхийн эрүүл мэндийн төв, эмнэлэг, Дүүргийн эрүүл мэндийн төв, их дээд сургууль, албан байгууллагуудаар хийнэ.
- Улаанбурханы эсрэг вакцины нэмэлт тунг хийлгэх нь аюулгүй юу?
- Өмнө вакцин хийлгэсэн, хийлгээгүй эсэхээс үл хамааран нэмэлт тунг хийлгэхэд аюулгүй. Гэхдээ улаанбурханы вакциныг нэг сарын дотор хийлгээд байгаа хүнд хийхгүй.
- Яагаад дан улаанбурхан биш улаанбурхан-улаануудын хавсарсан вакцин хийх гэж байгаа юм бэ?
- Монгол Улсад улаанбурхан-улаануудын хавсарсан вакцинаар нэмэлт дархлаажуулалтыг 2012 онд хийж 3-14 насны хүүхдүүдийг хамруулсан. Тиймээс 1998 оноос хойш төрсөн хүүхдүүд улаануудаас сэргийлэх вакцин хийлгэсэн гэсэн үг.
Одоо хийгдэх нэмэлт дархлаажуулалт улаанбурхан-улаануудын хавсарсан вакциныг хийх тул 18-30 насны бүх хүмүүст улаануудын эсрэг вакциныг хийснээр улаануудаар өвчлөх, тус өвчин хожим нь дэгдэх мөн улаануудаас үүдэлтэй төрөлхийн гажигийн синдромыг бууруудах боломжтой.
- 18-30 настнуудад хийх улаанбурхан-улаануудын нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж болохгүй сөрөг заалттай хүмүүс бий юу?
- 18-30 насныханд хийгдэх нэмэлт вакцин нь улаанбурхан-улаанууд өвчний эсрэг хавсарсан вакцин юм.
Хэдийгээр амьдрал дээр ил нотлогдоогүй ч онолын үүднээс жирэмсэн эхийн урагт төрөлхийн гажиг үүсгэх эрдсдэл бий гэж үздэг тул зарчмын хувьд улаануудын вакциныг жирэмсэн эмэгтэйд хийхээс зайлсхийх хэрэгтэй. Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүд жирэмслэлтээ улаануудын вакцин хийлгэснээсээ хойш 1 сарын хугацаагаар хойшлуулах хэрэгтэй.
Улаануудын вакциныг хийхийн өмнө тухайн эмэгтэйгээс жирэмсэн эсэхийг нь асуух ёстой. Мөн аливаа өвчний хурц үед байгаа эсвэл өмнө нь ямар нэг вакцинд харшил өгч байсан бол вакцин хийхгүй.
Эх сурвалж: ЭМСЯ, НЭМГ, ХӨСҮТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!