Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэлийн Зөвлөл 45 редакцид хаягласан гомдлыг шийдвэрлэжээ

Б.Ану
2016 оны 5 сарын 3
iKon.MN

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (МХМЗ) -өөс уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэе.


МХМЗ өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлж амжилттай ажиллаж байна. Монголд хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсаныг олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас Монголын хэвлэлийн эрх чөлөөт байдлын эерэг үзүүлэлтийн нэгээр нэрлэсэн юм. 

Тус зөвлөл нь нэг жилийн хугацаанд Сонин, Сэтгүүл, Сайт болон Радио,  Телевизийн салбарыг хариуцсан Ёс зүйн хоёр хороотойгоор ажиллаж, 45 редакцид хаяглагдсан 16 иргэний гомдлыг шийдвэрлээд байна. 

Салбарын өөрийн зохицуулалтын энэ байгууллага нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн төлөвшлийг бий болгон олон нийтийн мэдэх эрхийг хамгаалснаараа бүх төрлийн цензурын үндэс суурийг арилгахын төлөө ажиллах зорилготой байгууллага юм. 

Хэвлэл мэдээллийн салбар дахь ёс зүйн төлөвшил нь чөлөөт сэтгүүл зүйн хөгжлийн түвшинг илэрхийлэх чухал хэмжүүр билээ. Иймээс ч хэвлэл мэдээллийн салбарынхан өөрийн зохицуулалтын байгууллагыг санаачлан байгуулсан нь хэвлэл мэдээллийг төрийн хяналтаас иргэдийн хяналтад шилжүүлэх үйл явцыг хурдасгаж байгаа үйл явдал юм. 

Түүнчлэн аналогоос дижитал орчинд шилжих энэ үйл явц нь МХМЗ төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудад шинэ сорилтыг авчирч, ёс зүйн илүү хариуцлага, хэм хэмжээг шаардаж байна. 

Монгол Улсад дөрвөн жилд нэг тохиох сонгуулийн компанит ажил тулж ирээд байна. Энэхүү шийдвэрлэх цаг үед хэвлэл мэдээлэл улс төрөөс хараат бус байж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээн, ёс зүйн зарчмаа баримталж ажиллахыг МХМЗ-өөс уриалж байна. 

Хэвлэлийн зөвлөлтэй холбогдох:

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.