Өнгөрсөн оны аравдугаар сард Афганистаны Кундуз хот дахь “Хил хязгааргүй Эмч нар” байгууллагын эмнэлэгт агаарын цохилт өгч гэм зэмгүй олон хүний амийг хөнөөсөн явдал нь хүний болон техникийн алдаанаас үүдэлтэй болохыг АНУ-ын Төв Команд (CENTCOM) тогтоожээ.
Өчигдөр буюу Баасан гарагийн өглөө CENTCOM-ын командлагч, генерал Жозеф Вотел энгийн номхон 42 иргэний амь настай холбоотой уг хэргийн шалгалтын дүнг танилцуулсан байна.
Тэр “шалгалтын дүнд уг эмгэнэлт хэрэг нь хүний алдаа, түүн дээр нэмж үйл ажиллагаа болон техникийн доголдлоос үүдэлтэй гарсан байна” гэжээ.
Агаарын ажиллагааг анх төлөвлөж байснаасаа 69 минутын өмнө эхэлсэн байна. Энэ үед багийнхан зохих ёсны мэдээллийг, түүний дотор довтолгооны гадна үлдэх ёстой байрлалуудын мэдээллийг авч амжаагүй байна.
Үүнээс гадна хиймэл дагуулаас ирэх радио дохионд доголдол гараад байжээ. Багийнханд ирсэн байрлалын мэдээллийн дагуу цохилт өгөхөд тэр нь хоосон газар байсан тул үүнийг алдаа гэж ойлгосон тэд ойролцоох объектод цохилт өгч эхэлсэн байна.
Үүнд газраар ажиллагаа явуулж байсан байлдагчдын өгсөн алдаатай мэдээлэл ч нөлөөлсөн гэнэ.
Тиймээс CENTCOM эдгээр албан хаагчдад шийтгэлийн арга хэмжээ авахаар болсноо зарлажээ.
‘Хил хязгааргүй Эмч нар” олон улсын байгууллагын эмнэлэгт цохилт өгснөөр нийт 42 эмнэлгийн ажилтан болон өвчтөн амиа алдсан юм.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!