Хөхөөр хооллосон хүүхдийн дархлаа сайн байдаг нь эхээс урагт эхсээр, эхээс хүүхдэд хөхний сүүгээр дамжсан эсрэг бие буюу иммуноглобулин, дархлааны олон төрлийн факторуудтай холбоотой.
Ангир уураг нь иммуноглобулинаар баялаг эх үүсвэр юм. Ангир уураг нь дөнгөж төрсөн нярай хүүхдийн дархлааны системийг сайжруулах амьд цагаан эсүүдийг их хэмжээгээр (105–107 эс/мл) агуулдаг бөгөөд түүний 40–50%-ийг макрофаг, 40–50%-ийг нейтрофилүүд, 5–10%-ийг лимфоцит эс эзэлдэг.
Хөхний сүүнд эсрэг биеэс гадна нярайн дархлааны систем, өсөлт, хөгжлийг дэмжих 100,000 гаруй нэмэлт бодисууд агуулагддаг. Хөхний сүүнд олон төрлийн цитокин (IL-1, IL-8, TGF-β, TNF), хемокин (MCP-1, MIP-1, RANTES), өсөлтийн фактор (EGF, лактоферин, кортизол, IGF, полиамин болон нуклеотидууд), гормон (эритропоетин, пролактин, инсулин, лептин), витамин (А, В1, В2, В6, В12, Д), нейропептид (нейротенсин, соматостатин), энзим, мицин (MUC1, MUC4) болон зарим антиоксидантууд их хэмжээгээр агуулагддаг.
Нярай болон бага насны хүүхдийн дархлааны тогтолцоонд эхээс дамжсан эсрэг биеийн гүйцэтгэх үүрэг: Эхийн сүүн дэх эсрэг бие (ихэвчлэн IgA) нь микроорганизм, бусад хортой бодисууд гэдэсний хучуур эдээр нэвтрэн биед орохоос хамгаалах, бактерийн эсийг наалдуулж, бөөгнөрөл үүсгэн устгаж биеэс зайлуулах, бактер, вирүсийн хоруу чанарын хүчин зүйлсийг өөрчлөх, дархлааны эсүүдийг дэмжих зэрэг олон механизмаар хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Мөн хүүхдийн гэдсэн дэх хэвийн бичил биетний амьдрах орчинг бий болгох, үрэвслийн эсрэг хариу урвалыг зохицуулах, вакцинд үзүүлэх шингэний болон эсийн хариу урвалыг дэмжих үүргийг гүйцэтгэдэг.
Хөхний сүүний найрлага: Эхийн хөхний сүүнд агуулагдах тэжээлийн нэгдлүүдийг макро, микро гэж 2 ангилна.
Макро нэгдлүүдэд уураг (0.9–1.2 гр/дцЛ), өөх тос (3.2–3.6гр/дцЛ), лактоз (6.7–7.8 гр/дцЛ) орох бөгөөд лактацын буюу хөхүүл үеийн туршид хөхний сүүгээр ялгардаг.Хөхний сүүний уургийг шар ус (whey) болон казейны комплекс гэж 2 хуваадаг.Казейн, α-лактальбумин, иммуноглобулин А, лизоцим, ийлдсийн альбумин нь уургийн ихэнх хувийг эзэлдэг. Мөн хөхний сүүн дэх азотын 25 орчим хувийг уургийн бус азот агуулсан нэгдлүүд болох мочевин, шээсний хүчил, креатин, креатинин, амин хүчил, нуклеотидууд эзэлнэ.
Уургийг бүтээгч аминхүчлүүдийг үл орлогдох (изолейцин, лейцин, лизин, метионин, фенилаланин, триптофан, треонин, валин (гистидин – зөвхөн бага насны хүүхдэд)) орлогдох гэж 2 ангилдаг. Эхийн сүүний уургийн аминхүчлүүд нь 1 хүртэлх насны хүүхдийн амьдралын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц хамгийн зохистой харьцаатай болох нь судалгаагаар тогтоогдсон байна /П.В.Куретен, 1931;А.А.Шайхеев, 1971/.
Нярай хүүхдэд шаардагдах илчлэгийн үндсэн хэсгийг тос хангадаг /Коровкин Б.Ф, 1983/. Тос нь уургийн адил тархины эд эсийн бүрэлдэхүүн ба митохондрийн бүтцэд оролцдог. Хөхүүл үед тос, тосны хүчил бүрдэлтийн эх үндэс нь сүү байдаг. Хөхний сүүн дэх өөх тосны ихэнх хувийг пальмитин, олейны хүчил эзэлдэг. Өөх тос нь хөхний сүүн дэх хамгийн тогтворгүй, хувьсамтгай макрободис юм.
Хөхний сүүний үндсэн нүүрс-ус нь хамгийн бага хувьсамтгай шинж чанартай лактоз дисахар юм. Хөхний сүүнд А, В1, В2, В6, В12, Д зэрэг аминдэмүүд, иод болон олон төрлийн микро нэгдлүүд агуулагддаг бөгөөд эхийн хоол тэжээл, биеийн байдлаас хамаарч харилцан адилгүй хэмжээтэй байна. Эхийн хоол тэжээлийн байдал янз бүр байдаг учир хөхүүл хүүхдэд мультивитамин хэрэглэхийг зөвлөдөг.
Эхийн сүүний найрлаганд хоолны чанар нөлөөлөх нь: Эхийн сүүнд нярай болон бага насны хүүхдийн хэвийн өсөлтийг хангахад зайлшгүй шаардлагатай уураг, өөх тос, нүүрс-ус, витамин, фермент, янз бүрийн элементүүд зэрэг 70 гаруй төрлийн чухал хэрэгцээт бодисууд бий /Ю.Т.Алешко-Оновекий, 1985.; О.А.Войнор, 1960.; А.А.Покровский, 1975.; М.Я.Студяники, 1978/.
Судлаачид эхийн сүүний уураг, нүүрс-ус, тосны харьцаа 1:2:4 байвал хүүхдийн хэвийн өсөлт, гадны тохиромжгүй нөхцөлд зохицох чадварыг нэмэгдүүлдэг тохиромжтой биологийн харьцаа хэмээн үздэг /М.Я.Студяники, 1978/. Эхийн сүүнд эдгээр бодисыг зохих хэмжээгээр байлгахад эхийг сайн чанарын хоолоор, зөв хооллох нь ихээхэн ач холбогдолтой /Е.И.Новинова, 1983.; В.Д.Отт, 1973/. З.Ичинхорлоо нарын судлаачид эхийн сүүний химийн найрлага, гарцын хэмжээ хоол тэжээлийн чанараас хэрхэн хамаарч байгааг судлахад дараах үр дүн гарсан байна. Үүнд:
Иймээс жирэмсэн эхчүүдийг тодорхой найрлагатай, илчлэг ихтэй хоолоор хооллох нь эхийн эрүүл мэнд, ургийн хөгжилд сайнаар нөлөөлөхийг энэхүү судалгаа харуулж байгаа бөгөөд мөн эхчүүдийн хоол олон төрөл, чанар сайтай байх нь эхийн сүүний илчлэг чанарын эх булаг болох уураг, тос, нүүрс-ус зэрэг бодисын хэмжээг нэмэгдүүлэх, эхийн сүүний тэжээллэг чанар ялангуяа биологийн идэвхит элементүүдийн хэмжээг нэмэгдүүлж ураг-хүүхдийн физиологийн хэрэгцээг сайн хангах зэрэг ач холбогдолтой юм.
Бэлтгэсэн: Хүн амын генетик, биотехнологийн үйлдвэр, судалгааны төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!