Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

А.Гантулга: Дизайны чиглэлээр сурч буй оюутнууд бусдаас туршлага сурах томоохон наадам бол "Алтан хулгана”

ikon.mn
2016 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Үйлдвэрлэлийн Технологийн сургууль нь дизайны мэргэжлээр сурч буй оюутан залуусын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концептийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой зохион байгуулагдаж эхэлсэн “Алтан хулгана” наадам 2016 онд 11 дэх жилдээ “Бидний шийдэл” гэсэн сэдвийн дор монгол агуулга, сэтгэлгээг тусгасан бүтээлээр зохион байгуулагдах гэж байна. 

Энэхүү наадмыг дэмжигч байгууллага TBSM компанийн захирал А.Гантулгатай ярилцлаа.

- Сайн байна уу? Юуны өмнө таньд энэ өдрийн мэндийг хүргэе. TBSM компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

- Манай компани нь мэдээлэл технологийн салбарт онлайн програмчлал, вэб сайт түүнтэй холбоотой цогц үйлчилгээг үзүүлдэг.
Бид өөрсдийн бодит орон зайг бий болгохын төлөө өнөөдрийг хүртэл хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа, мөн цаашдаа дотоод болон гадаадын зах зээлд хүчтэй өрсөлдөгч үндэсний хэмжээний компани болохоор зорилго тавин ажиллаж байна.

-“Алтан хулгана” наадмын тухай юу гэж бодож байна вэ?

-“Алтан хулгана” наадам бол дизайны чиглэлээр сурч байгаа, сурах чин эрмэлзэлтэй оюутан залуучуудыг сорих, тухайн оюутан залуучууд өөрсдийгөө хаана байгаагаа харах, бусдаас туршлага сурах томоохон наадам гэж хувьдаа бодож байна.

-“Алтан хулгана 2015" наадам ямар онцлогтой байсан бэ?

- Жил болгон өөр өөрийн онцлогтой болдог. Өнгөрсөн жил нилээн өргөн цар хүрээтэй, оюутан залуучуудын өрсөлдөөн ихтэй жил болсон гэж бодож байна.

- “Алтан хулгана” наадмын үр дүнг хэрхэн харж байна вэ?

- Оюутан залуус өөрсдийгөө сорьж үзэх, хаана байгаагаа мэдрэх тэмцээн, тэгэхээр үзэж сонирхож байгаа хүмүүстэй ч, оролцож байгаа оюутан залуусдаа ч хэрэгтэй тэмцээн.

Цаашид цар хүрээгээ тэлэх, олон улсын хэмжээнийх болгочихвол бид дотроо биш бусад орны оюутан залуучуудын сэтгэлгээ авьяасыг харах, хөгжих боломжтой.

- Оюутнууд хэр чадвартай мэдлэгтэй санагдсан вэ?

- Алтан хулгана наадамд амжилт гаргасан оюутнуудтай хамтарч ажиллаж байсан.  Оюутны хувьд ур чадвар сайтай, сэтгэлгээ буюу шинэ арга барилаар орчин үеийн шийдэл бүхий саналуудыг гаргаж ирдэг нь их зүгээр санагдсан. Зарим тохиолдолд туршлага дутаж хэтэрхий хийсвэр сэтгэлгээ, технологийн шийдэлд нийцэхгүй зүйлсүүдийг тусгадаг нь ажиглагдсан. 

Цаашдаа оюутан залуус маань бодит байдал, онол, сэтгэлгээг хооронд нь уялдуулах тал дээр анхаарвал их зүйтэй санагдсан шүү.

- Алтан хулгана наадамд оролцож байгаа оюутан залууст зориулж урмын үг хэлнэ үү?

- Бүх оролцож байгаа оюутан залуустаа амжилт хүсье, хичээгээрэй.