Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим худалдаа хийхэд илүү ХЯЛБАР боллоо

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 4 сарын 20
iKon.MN
 

Монголбанкнаас өнөөдөр “Банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулах” нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Монголын банкны холбооны төлөөлөгч, “Картын нэгдсэн сүлжээ”-ний шууд оролцогч болох, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банк, Капитал банк, Хас банк, ХААН банкны төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

Цахим худалдаа /E commerce/- Интернет ашиглан бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ худалдан авах болон худалдах үйл ажиллагааг хэлнэ.

Банк хоорондын цахим үйлчилгээг нэвтрүүлснээр цахим худалдаа эрхлэгч нь бараа, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, борлуулалтын сувгаа өргөжүүлэх, үйл ажиллагааны зардлаа хэмнэх, зах зээлээ тэлэх зэрэг эерэг нөлөөтэй юм.

Мөн иргэд ямар банкны харилцагч байхаасаа үл хамааран бараа үйлчилгээний төлбөрөө интернетээр шимтгэлгүй төлөх, иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, шуурхай хүрэх өргөн боломж нээгдлээ.

 

Энэ тухай Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар “Цахим худалдан авалт дэлхий даяар хамгийн хурдтай хөгжиж байгаа. Жишээ нь дийлэнх худалдаа alibaba.com-оор явж байна. Монголд цахим худалдаа хийх боломж зуун хувь нээлттэй байгаагүй.

Бид сүүлийн гурван жил ажиллаж, дэлхийн аюулгүй байдал, өндөр стандартыг хангасан 3D Security-г авчирлаа. Нөгөө талаас бизнес эрхэлж байгаа компаниуд нэг банктай гэрээ хийхэд хангалттай. Дараа нь Монголын бүх банк болон гадаадын банкаар цахим гүйлгээ хийх боломж нээгдэж байна” гэв.

Банкуудыг төлөөлж ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар “Дэлхий даяар цахим худалдаа өргөжиж байна. Үүнийг банкны систем дэмжих ёстой. Дэмжинэ гэдэг нь технологийн асуудал.

Бид Монгол банкны систем дээр суурилж бие биенийгээ дэмжиж, гүйлгээ хийх болсон. Арилжааны банкууд энэ үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцсон байгаа” гэв. 

фото
 
 
 
 

Гэрэл зургийг MPA.mn