Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын үзмэрчдийг зорих жуулчдын тоо эрс нэмэгджээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ирээдүйг зөгнөх үйлчилгээний эрэлт нэмэгдэж гадны жуулчдын урсгалыг татах болсныг тоо баримт харуулж байгаа гэнэ.

Энэ оны эхний улирлын байдлаар үзмэрчидтэй уулзахаар ирэх гадаад жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 2.5 дахин нэмэгдсэнийг Косможин аялал жуулчлалын компанийн эх сурвалжаас уламжлан Ёнхап агентлаг мэдээллээ.

Сөүл хотын Мёндонг дүүрэгт Англи, Хятад, Япон, Франц хэлээр үйлчилдэг олон тооны үзмэрчид бий болж, ийш зүглэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн юм байна.

Өмнөд Солонгосын компаниуд ч энэ хандлагыг гярхай ажиглаж зөвхөн үзмэрчид үзүүлэх зорилготой аялалын хөтөлбөр гаргах, олон улсын хурал, үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд дээр “үзмэрчийн булан” нээх зэргээр ашиглах болжээ.

Энэ нь цаашлаад бусад салбарын бараа бүтээгдэхүүний борлуулалтад сайнаар нөлөөлж байна. Тухайлбал нэгэн Хятад жуулчинд үзмэрч энэ жилийн ивээл өнгө нь улаан гэж хэлсний дараа тэр жуулчин өндөр үнэтэй улаан чулуун зүүлт авсан гэнэ.

Косможин компанийн гүйцэтгэх захирал Жүн Мёнг-жин “Ихэнх жуулчид Өмнөд Солонгост ирэхдээ Солонгос үндэсний соёлтой танилцахаар ирдэг. Тэгвэл үзмэр нь аялал жуулчлалын шинэ сонирхолтой бүтээгдэхүүн болж байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Korea Times