Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Амарбат: Б.Булганы нөхцөл байдлыг албан ёсоор шалгаж байгаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 19
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Прокурорын байгууллагаас 2016 оны нэдүгээр улиралд хийсэн ажлаа танилцуулж, Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Прокурорын байгууллага 2016 оны нэгдүгээр улиралд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 14,767 хэргийн 4,529 хэрэг буюу 30.6 хувийг хэрэгсэхгүй болгож, 1,554 хэрэг буюу 10.5 хувийг шүүхэд шилжүүлж, хэргиин эцэслэн шийдвэрлэлт 41.1 хувь байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 27 гомдол хүлээн авч, 117 шалгалт хийж, 14,643 захиргааны зөрчлийн материалыг хянаж, 62 шийтгэврийг хүчингүй болгож, 2 материалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан ба шалгалтын явцад 1,714 зөрчил илрүүлж, 44 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад давхардсан тоогоор нийт 53 шаардлага хүргүүлж, 4 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах ажиллагаанд тавьсан хяналтын чиглэлээр 29,427 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өссөн дүнтэй байна. Үүнээс 7,473 буюу 25.3 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж 16,775 буюу 57 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр 14,767 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт хэргийн 5,240 буюу 35.4 хувь нь хөнгөн, 7,443 буюу 50.4 хувь нь хүндэвтэр, 1,348 буюу 9.1 хувь нь хүнд, 736 буюу 4.9 хувийг онц хүнд хэрэг эзэлж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат олны анхаарал татсан хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Прокурорын байгууллага олны анхаарал татсан ямар хэргүүдийг шалгаж байна вэ, Тухайлбал Г.Дэнзэнгийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

- Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг тэгж ингэж шийдлээ гэсэн албан ёсны шийдвэр надад алга байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа шувтрах шатандаа явж байсан. Прокурорт шилжиж ирсэн эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

- С.Зориг агсны эхнэр Б.Булганы эрх зөрчигдөж байна гэсэн мэдээллийг түүнтэй уулзаад ирсэн УИХ-ын гишүүд өгч байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын гишүүд очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна лээ. Б.Булганы нөхцөл байдлын талаар нийтэд мэдээлэл хүргэсэн байсан. 

Үүнтэй холбогдуулан прокуророос нөхцөл байдал ямар байгааг тодруулах, гишүүдийн ярьж байгаа зүйл үндэслэлтэй зөв байна уу гэдгийг албан ёсоор шалгаж байгаа. Энэ шалгалтын дүн ойрын хугацаанд гарах байх. Тухайн үед нь мэдээлнэ.

- Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" хоёр компанид нэгжлэг хийх үеэр "УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа, Х.Баттулгыг баривчлах гэж байна" гэх мэт мэдээллүүд тарж, зарим иргэд нэгжлэг хийх ажиллагаанд саад учруулсан үйл явдал болсон. Нэгжлэгийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй гэж мэдэгдэж байсан. Энэ тухайд?

- УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг Баянгол зочид буудлын зарим өрөөг түрээсээр ашигладаг хоёр аж ахуйн нэгжид нэгжлэг хийсэн.  Нэгжлэг хуульд заасан үндэслэлийн дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн. Нэгжлэгийн үеэр хүний эрх, эрх чөлөө үл зөрчигдөх  нөхцөл байдлыг хангах үүднээс прокурорыг оролцуулсан. 

Ажиллагааны явцад нэгжлэг явуулж байгаа газарт хөндлөнгийн этгээдүүд хүчээр түрж орсон, нэгжлэгийн үйл ажиллагаанд саад учруулахыг оролдсон, нэгжлэгийн дараа баривчлагаа явагдах юм шиг буруу мэдээллийг тарааж, олон нийтийг цуглуулсан гэх мэтчилэн олон асуудал болсон.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа өөрөө онцгой ажиллагаа байдаг. Тиймээс тусгайлан хуулиар зохицуулж, оролцогч байгууллага албан тушаалтны эрх үүргийг тодорхойлж өгсөн байдаг. Хуульд заасан аливаа ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, аливаа байдлаар  ажиллагааг тасалдуулахыг оролдохыг хориглодог. Энэ тохиолдолд  мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж үздэг. 

Цаашид УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгаж, аль нэг өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглаж хууль хяналтын байгууллагын зохих үндэслэл журмын дагуу явуулж байгаа ажиллагаанд  хэн нэгнийг хөндлөнгөөс оролцох, ажиллагааг тасалдуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлмээр байна.

Нэгжлэгийн ажиллагаа явагдаж байхад ямар нэг байдлаар саад хийвэл албадан гүйцэтгэдэг хуультай. Нэгжлэгийн үеэр тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой зарим  санхүүгийн баримт эд зүйлийг хурааж авсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

- Дээрх хэрэгтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд Цагдаагийн байгууллага, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны даргад албан бичгүүд хүргүүлж байсан. Энэ нь хууль тогтоох дээд байгууллага Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого мөн үү?

- Энэ асуултад хувийн байр сууринаасаа хариулъя.

Сонгууль ойртож зарим хүмүүсийн улс төрийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Магадгүй заримынх нь харж байгаагаар асуудал тодорхойгүй хэвээр үргэлжлээд байгаа ч юм шиг ийм ойлголтоор хандаж байгаа хүмүүс байгаа байх.

Ер нь бол сүүлийн үед хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, дүгнэлт хийсэн, ялангуяа хууль ёсны дагуу явуулж байгаа үйл ажиллагааг өөр бусад зорилгоор явуулж байгаа мэтээр нийтэд ойлгуулахыг эрмэлзсэн мэдэгдэл их явж байгаа.

Үйл явдал хэрхэн өрнөж байгаа, бодит байдал нь юу вэ гэдэг талаар бид өөрсдөө нээлттэй, нийтэд үнэн бодитой мэдээллийг аль болох шуурхай хүргэж байх ёстой юм байна гэж ойлгож байгаа. Цаашид энэ талаар анхаарч ажиллана.

 

 ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС 2016 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН