Баруун Африкийн Камерунд айлчилж байсан АНУ-ын НҮБ дэх суурин төлөөлөгч Саманта Пауерын машины цуваа бага насны хүүхдийг дайрч амийг нь хөнөөсөн эмгэнэлт явдал өчигдөр гарчээ.
Цуваанд явсан хуягласан жиип машин Хойд Камеруны Моколо хэмээх жижиг хотын зам дээр гарч ирсэн долоон настай хүүг дайрсан байна. Иргэний дайны хөлд нэрвэгдсэн дүрвэгчдийн нөхцөл байдалтай танилцахаар суурин төлөөлөгч болон түүнийг дагалдсан сэтгүүлчдийн бүрэлдэхүүн цуваанд явжээ.
Үйл явдлаас хэдэн цагийн дараа хатагтай Пауер хүүгийн гэр бүлтэй уулзаж эмгэнэл илэрхийлсэн байна.
Цувааныхан 60-аас дээш км/цагийн хурдтай явж байхад тосгоныхон замын хажууд ажиглан зогсож байсан гэнэ. Зам дээр хүү гэнэт гарч ирэхэд жолооч зогсож чадалгүй мөргөсөн бөгөөд аюулгүй байдлын үүднээс зогсож болохгүй гэж тушаасан тул цааш явсан байна.
Цуваанд явсан түргэний тэрэг хүүг ойрхон эмнэлэгт хүргэсэн ч нэгэнт оройтсон байжээ. Үүнээс хойш суурин төлөөлөгчийн цуваа хурдаа эрс багасган явсаар аяллыг дуусгажээ.
Эх сурвалж: Independent
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!