Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Норвеги: Их баялаг их эрсдэл дагуулдаг

www.mongolianminingjournal.com
2016 оны 4 сарын 13
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Байгалийн баялагтай улс орнууд баялгаа хэрхэн жинхэнэ баялаг болгох, үүний тулд юу хийх хэрэгтэй талаар  Улаанбаатар хотноо болсон олон улсын семинараар хэлэлцлээ.

Семинарт оролцогсод уул уурхайгаас олох мөнгийг нэг удаагийн хэрэглээнд зарцуулаад өнгөрөх бус хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглан, үр хойчдоо үргэлжлэн өгөөжөө өгдөг байх нь чухал гэдэгт санал нэгдэж байв.

Тус семинарыг Монгол Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сан, Норвегийн “Осло” төв хамтран зохион байгуулсан юм. Семинарт Монгол болон Норвеги, Киргиз, Зүүн Тиморын уул уурхайн салбарын өндөр дээд албаны төлөөлөгчид оролцлоо. 

Эйнар Стеенснас: Норвегид загас агнуурын аж ахуй уул уурхайгаас чухал салбар хэвээр үлдсэн

 

Норвегийн “Осло” төвийн шинжээч Эйнар Стеенснас гэх эрхэм улсдаа боловсролын салбар болон газрын тос, эрчим хүчний салбарт сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо энэхүү судалгааны төвд зөвлөхөөр ажиллаж байна. Эйнар семинарыг нээж, баялгийг зохистойгоор ашиглах нь сэдвээр илтгэл тавьсан юм. 

Норвегийн хувьд байгалийн баялаг, тэр дундаа газрын тос, байгалийн хийгээр үлэмж нөөцтэй, түүнийгээ зүй зохистой ашиглаж, тэрхүү баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш хуваарилж чадаж буй тэргүүлэх жишээ болсон улс гэдгээр нь монголчууд сайн мэднэ.

Өнөөдөр Норвеги улс байгалийн хий үйлдвэрлэлээр дэлхийд гуравт, газрын тос нийлүүлэлтээр дэлхийд эхний аравт орж байна. Тус улсад энэ чиглэлийн 82 орд үйл ажиллагаа  явуулж байгаа бөгөөд жилдээ энэ салбарын экспорт 90 тэрбум долларын орлого бүрдүүлж байна.

Тус улсын Засгийн газрын орлогын 23% нь энэ салбараас эхтэй. Тус улс 1969 онд далайд газрын тосны нэлээд том орд нээснээр олборлолтын түүх эхэлсэн байна. Гэхдээ тухайн үед Норвегичүүд байгалийн баялаг олборлох туршлагагүй, бэлтгэлгүй байсан ч том баялаг том эрсдэл дагуулдгийг ойлгож байсан.

Өөрөөр хэлбэл, Норвегийн эдийн засаг газрын тос, байгалийн хийн салбарт түшиглэхээс өмнө тус улсад аль хэдийнэ загасны аж ахуй нэлээд өндөр хөгжиж, эдийн засаг, хүмүүсийн аж амьдралд чухал байр суурьтай болсон байжээ.

Иймд тэд “гэнэт олдсон баялаг гэдсэнд цөвтэй”-г марталгүйгээр хэчнээн том баялаг олсон ч уул уурхай бус загас агнуурын аж ахуй илүү чухал гэсэн байр суурин дээр хатуу зогссоноо Эйнар илтгэлдээ тэмдэглэсэн юм. 

Үнэхээр ч загас агнуурын аж ахуй одоо ч гэсэн Норвегид олборлох үйлдвэрлэлээс илүү чухал салбар болон байр суурь нь ганхалгүйгээр үлдэж чаджээ. Газрын тосны үйлдвэрлэлд туршлагагүй “шинэ цэрэг” Норвеги баялгаа зөв ашиглахын тулд эрх зүйн зохицуулалт хийх, баялгаас олсон орлогоо зөв ашиглах, Норвегийн компанийн оролцоо, ашгийг аль болох өндөр байлгах, авлигыг арилгах, үйлдвэрлэлийн том осол гарахаас сэргийлэх, загас агнуурын аж ахуйг хэрхэн хамгаалах зэрэг асуудлыг шийдвэрлэх гээд  олон асуудалтай тулгарсан байна. 

Харин өнөөдөр тэд энэ бүгдийг ухаалгаар шийдэж, баялгаа эзэмшиж, борлуулж, орлогоо олж, иргэдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулах тогтолцоо бүрдүүлж чаджээ. Мэдээж үүний тод баталгаа нь Норвегийн тэтгэврийн сан юм. Дэлхийд энэ сан АНУ, Японы тэтгэврийн сангийн дараа буюу эхний гурав дахь томоохон санд тооцогдож буй юм. Норвегийн тэтгэврийн сан анх Газрын тосны сан нэртэйгээр 1990 онд байгуулагджээ. Тус санд хуримтлагдсан мөнгийг зөвхөн олон улсын томоохон хувьцаа, бизнест хөрөнгө оруулалт хийх зарчмаар улсын Төв банкны менежментийн дор ажиллуулдаг байна. 

Ингэхдээ зөвхөн үр ашигтай бизнест хөрөнгө оруулаад зогсохгүй архи тамхи, зэвсэг болон бусад хүний эрх зөрчсөн бизнес бус зөвхөн хууль дүрмийг сахисан зөв үйл ажиллагаанд санхүүжилт олгодог. Үүнийгээ баталгаажуулахын тулд 2004 онд Ёс зүйн зөвлөлдөх зөвлөл байгуулжээ.

Ирээдүй хойч үеийнхэнд хэрхэн баялгийг хадгалж үлдээх вэ гэсэн асуулт тус улсад одоо ч гэсэн мэтгэлцээний сэдэв хэвээр. Зарим нь нийгмийн хөгжилд сангийн мөнгөнөөс илүү ихийг зарцуулъя гэхэд зарим нь хадгалахыг илүүд үзнэ. Иймд Норвеги жилд сангийн мөнгөний 4%-иас дээшгүй хэсгийг нийгмийн шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулъя гэж тогтжээ. 

Гэхдээ газрын тосны зах зээл сайнгүй байсан учир өнгөрсөн онд зөвхөн 20 тэрбум доллар буюу 2.6%-ийн мөнгийг сангаас зарцуулсан байна. Харин ч нэмж 35 тэрбум долларыг төсвөөс сан руу орлого болгон шилжүүлжээ.

Өнгөрсөн оны сүүлээр уг сан 755 тэрбум долларын хуримтлалтай байв. Тус сангийн хөрөнгө эдийн засаг тогтвортой байвал 2030 он гэхэд 1.3-3.3 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй бөгөөд хамгийн сөргөөр тооцоход мөн онд 455 тэрбум доллар болж буурахаар Норвегийн Сангийн яам тооцжээ.  

Норвеги анхандаа гадаадын компаниудыг төсөл дээрээ шууд ажиллуулж байгаад улмаар Statoil төрийн өмчийн компанийг 1972 онд байгуулан, бүх төсөлд төрийн 50%-ийн эзэмшлийг бий болгожээ. Гэвч бүх төсөлд төр хувь эзэмших нь зарим тохиолдолд оновчгүй байсан тул төслийн хувь эзэмшлийг уян хатан байдлаар шийдэх боломжтойгоор зохицуулжээ.

Түүнчлэн Statoil-ийн зарим хувийг 2001 онд хувьчилсан байна. Норвеги 2001 онд төрийн өмчийн бүрэн эзэмшлийн Petoro компанийг байгуулсан бөгөөд тус компани нь ордуудын лицензийн асуудлыг удирддаг, эзэмшдэг, харин Statoil нь төслүүдийн менежмент, хөрөнгө оруулалтыг хариуцдаг байна. Үйл ажиллагаа явуулах тусгай эрх нь хувийн компаниудад үлдэнэ. 

Татварын тогтолцооны тухайд Норвегид улс нь эхлээд хайгуулын ажлыг бүрэн хариуцаж байгалийн баялгийн нөөцийг тогтоодог. Тэгээд цаашид тухайн баялгийн талбайд хувийн компаниудыг оруулахаар сонгон шалгаруулж тусгай зөвшөөрөл олгодог байна. Энэ явцад олон нийтийн хэлэлцүүлэг хийж, бүх талын санал хүсэлтийг авна.

Тус улсад энэ салбараас үндсэндээ 78%-ийн татвар авдаг. Учир нь улс баялгийг олж тогтооход хүч хөрөнгө гаргасан тул татварын ийм хувийг зохистой тэнцвэрт хэмжээ байж чадна гэж үзжээ. Компаниуд ч ашигтай ажиллахаа мэддэг тул төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байдаг байна. 

Тус улс мөнгөөр үнэлэх боломжгүй чухал хөрөнгө алдагдаж буй эсэхэд анхаарал тавих ажлыг нэн чухалчилдаг. Норвегид өнөөдөр загас агнуурын салбар тэргүүнд байгаа нь байгаль орчны хувьд хатуу шаардлага тавьдаг, бас хэрэгжүүлдгийнх юм. Туслан гүйцэтгэгч асуудал үүсгэсэн ч лиценз эзэмшигч хариуцлага үүрдэг зарчим энд үйлчилнэ.

Мөн Норвеги улсын хувьд газрын тос, байгалийн хий олборлох технологид хүлэмжийн хийн ялгаруулалт хамгийн бага байх шаардлага тавьдаг бөгөөд хүлэмжийн хийн ялгарлын татварыг компаниудад ногдуулж эхэлжээ.

Ингэснээр компаниуд технологийн шинэчлэлдээ илүү анхаарч, эдүгээ Норвеги улс олборлох үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг ч хүлэмжийн хийн ялгаруулалтаар хамгийн бага орнуудтай эн зэрэгцэн зогсож чадаж буй юм. Уурхайн хаалтын үед далайд байгуулсан байгууламжийг тэр чигээр нь нурааж, барилгын хаягдлыг үлдээлгүй цэвэрлэн тээвэрлэх хариуцлага компаниудад оногдоно. 

Норвегид мэдээж байгалийн баялгийг зөв ашигладгийн бас нэг “нууц” нь улс төрийн намууд зарим чухал асуудалд нэгдсэн зөвшилцөлд хүрч чаддагт оршдог. Тус улсад Консерватив болон Ардчилсан гэсэн хоёр гол нам бий. Гэхдээ энэ хоёр нам нь Гадаад хэрэг, Тэтгэврийн сан, Газрын тос, байгалийн хийн бодлогын тухайд нэг үзэл баримтлалтай, тогтвортой тууштай байх тухайд зөвшилцөлд хүрсэн байдгийг Эйнар онцоллоо. 

Зүүн Тиморын Газрын тосны санд 16 тэрбум доллар хуримтлагдсан

 

Австрали, Индонез гэсэн хоёр том хөрштэй Зүүн Тимор улсын Засгийн газрын орлогын 92% нь газрын тос, байгалийн хийн салбараас хамааралтай. Олон улсын валютын сан тус улсыг газрын тосны орлогоос хамгийн их хамааралтай улс хэмээн нэрлэдэг. Тус улсын Газрын тосны сайд Алфредо Мануэл да Крюз Валерио Пайрес энэхүү семинарт оролцож илтгэл тавьсан юм.

Зүүн Тимор буюу Тимор-Лесте улс нь 2002 онд тусгаар тогтнолоо олж авсан. 15 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Зүүн Тиморын газрын тосны олборлолт далайн эрэг хавиар оршино.

Зарим ордыг Австралитай хамтран олборлохоор төлөвлөж байгаа ажээ. Харин өөрийн газар нутаг дээрээ хайгуулын ажлыг аль хэдийнэ эхлүүлээд байна.  

Зүүн Тимор өдөрт 100 мянган баррель нефть олборлодог байсан бол газрын тосны зах зээл уналтад орсон тул одоо олборлолтоо 40 мянган баррель болгож бууруулсан байна. Жил бүр Зүүн Тиморын Засгийн газарт газрын тосны салбараас 1.8-3.7 тэрбум долларын орлого ордог ч өнгөрсөн онд уг хэмжээ зах зээлийн нөхцөл байдлаас үүдэн 1 тэрбум ам.доллар болж буурчээ.

Зүүн Тимор улс 2005 онд ирээдүй хойч үеийнхэндээ зориулж Газрын тосны сан байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 16 тэрбум долларын хөрөнгө цуглажээ. Гэхдээ тус улсын төсвийн орлого газрын тосны орлогоос ихээхэн хамааралтай байгаа нь цаашид сангийн хөрөнгийн тогтвортой менежментэд саад учруулж байна. 

Тус улсад одоогийн байдлаар 6-8 тэрбум баррель нефтийн нөөц бийг тогтоожээ. Цаашид далайн хэсэг болон эх газрын хэсэгт хайгуулын ажлыг илүү эрчимжүүлэх шаардлага Зүүн Тиморт бий. Иймд чадварлаг хүний нөөцийн баазыг бүрдүүлэх ажил ч зэрэгцэн ургаж буй.

Одоогийн байдлаар тус улсад газрын тосны салбарын мэргэжилтнүүдийг бэлдэх ажил ид өрнөж буй бөгөөд 8 жилийн өмнө боловсон хүчнээ гадаад улс орнуудад сургах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Эдүгээ тус улсад 500 геологийн мэргэжилтнүүд байна. Зүүн Тиморын хувьд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын чиглэлээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. 

Тус улс цаашид эдийн засгаа “солонгоруулах” чиглэлд анхаарч байгаа бөгөөд шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, Австралитай холбогдсон хий дамжуулах хоолой байгуулахаар төлөвлөж буй юм. Мөн үхрийн мах, ойн аж ахуй, аялал жуулчлалын бизнесийн төслийг эхлүүлэхээр судалж байна. Салбарын сайдынх нь үзэж буйгаар тус улс Австрали руу 50-70 тэрбум долларын бараа, үйлчилгээ нийлүүлэх боломжтой ажээ.  

Киргизийн уул уурхай хөгжиж байна

Семинарын үеэр мөн Киргиз улсын Геологи, ашигт малтмалын газрын дарга Зилалиев Душенбек Текшербекович өөрийн орны олборлох үйлдвэрлэлийн боломж, бэрхшээлийн талаар илтгэл тавьсан юм. Киргиз улс 25 жилийн өмнө тусгаар тогтносон. 490 орд 800 гаруй илэрц одоогийн байдлаар тогтоогдоод байна.

Алт, нүүрс, цагаан тугалга, антимони, вольфрам, мөнгөн ус, зэсийн багагүй нөөцтэй. Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогын тухайд 2013-2017 онд баримтлах Тогтвортой хөгжлийн үндэсний стратеги, 2015-2035 онд баримтлах уул уурхайн салбарын хөгжлийн стратегиа гаргасан.

Салбарын хөгжлийн стратегийн үндсэн зорилгод хойч үеийнхний сайн сайхан байдал, байгаль орчны асуудлыг тэргүүнд тавьж, төр улс, хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн эрх ашгийг тэнцүүлэх замаар уул уурхайн салбарын динамик болон олон талт хөгжлийг бий болгох гэсэн агуулгыг тусгажээ.  

Өнөөдөр уул уурхайн салбар Киргизийн дотоодын нийт бүтээгдэхүүний 8.35%, нийт хөрөнгө оруулалтын 31.8%, аж үйлдвэрийн салбарын 47.1%-ийг эзэлж байна. 

Одоогоор тус улсад алт, антимони, уран, зэсийн уурхай ажиллаж байгаа бол цаашид газрын тос, алт, вольфрам, цагаан тугалгын уурхай, үйлдвэрлэлийн төсөл эхлэх төлөвтэй. Нийт 1,950 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаагийн 234 нь эрлийн, 741 нь хайгуулынх, 968 нь ашиглалтын зөвшөөрөлд хамаарна. Эдгээрийн дийлэнх буюу 879 зөвшөөрлийг металын бус зөвшөөрөл эзлэх бөгөөд 316 нь нүүрснийх, 91 нь металынх, 319 нь алтных, 296 нь усных, 61 нь газрын тос, байгалийн хийн зөвшөөрөл юм. 

Монгол алт, зэс, нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлдэг

Уул уурхайн сайд Р.Жигжид тус семинарын үеэр “Монгол Улсын уул уурхайн салбарын стратеги, хөгжил” сэдэвт илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг ихэд татсан бөгөөд ялангуяа Киргиз, Зүүн Тиморын оролцогчид маш олон асуулт асуусан юм.

Р.Жигжид сайдын илтгэлд дурдсанаар, 2015 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын эзлэх хувь 18%, экспортын орлогын 79%, төсвийн орлогын 21%-ийг тус тус бүрдүүлжээ.

Монгол Улсын хэмжээнд нийтдээ 80 төрлийн эрдсийн 1,950 орд, 8,000 гаруй илэрц одоогоор тогтоогдсон.

Тэрбээр, Монгол Улсын нийт газар нутгийн 34%-д 1:50000 масштабын геологийн зураглал хийсэн бөгөөд цаашид уг үзүүлэлтийг 40%-д хүргэхээр зорьж байна.

Монгол Улсын хэмжээнд нийтдээ 80 төрлийн эрдсийн 1,950 орд, 8,000 гаруй илэрц одоогоор тогтоогдсон. Зэс, алт, нүүрсний нөөцөөр манай улс дэлхийд эхний аравт багтдаг хэмээн илтгэлдээ дурдсан юм. Одоогийн байдлаар Монголын алтны ашигтай нөөц 2,493 тонн, зэсийнх 117 сая тонн, нүүрсний нөөц 175.5 тэрбум тонн гэж тогтоогджээ. 

Өнгөрсөн оны сүүлийн байдлаар Монгол Улсад 1,835 хайгуулын лиценз, 1,494 ашиглалтын лиценз олгогдсон нь нийт газар нутгийн 8.9%-ийг хамарч байв. Эдүгээ 300 уурхай идэвхтэй ажиллаж буй бөгөөд уул уурхайн салбарт 50 мянган ажилтан байгааг тэрбээр дурдсан юм. 

Дээрх орнуудын төлөөлөгчдийн илтгэлүүдээс харахад, уул уурхайн баялгийг хэрхэн зөв ашиглаж, жинхэнэ баялаг болгох нь ихээхэн ур чадвар, ухаан шаардсан ажил байдаг нь харагдана.

Монгол Улсын хувьд уул уурхайн супер циклийн үед зарцуулалтаа огцом тэлсэн ч хуримтлал бага хийсэн нь Норвегийн туршлагын эсрэг үйл явдал юм. “Осло” төвийн судалгаагаар дэлхийн 81 орон байгалийн баялгийн орлогоос ихээхэн хамааралтай байгаа ч энэ төрлийн баялаг жинхэнэ орлого авчрахаасаа илүүтэй хүндрэл бэрхшээл болж хувирах нь бий ажээ. 

Байгалийн баялгаа жинхэнэ хөрөнгө болгох талаар шинэ залуу Монгол шиг орны тухайд эрдсийн зах зээлийн оргил мөчлөгийн дараа ийм төрлийн семинар зохион байгуулж, бусадтай туршлага солилцож буй нь ихээхэн цагаа олсон үйл явдал болсон юм. 

The Mongolian Mining Journal /2016.3 №088

Зураг