Энэ сарын 15-нд нээлтээ хийх "БҮҮ МАРТ" түүхэн киноны уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ерөнхий найруулагч А.Мөнхсүх хэлэхдээ "Хүмүүн фильмээс "БҮҮ МАРТ" түүхэн киногоо үзэгч түмэндээ хүргэх болсондоо баяртай байна. Энэхүү кино нь бидний гурван жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд бүтсэн.
Бид "Монгол хүний шинж чанарыг агуулсан түүхэн дүр"-ийг харуулахын тулд тус киног хийсэн.
Манай баг хамт олон Монгол хүн уужуу сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, хүнд нөхцөлд асуудалд тайван ханддаг гэж дүгнэсэн. Гэвч энэ араншин нь хүнд хэцүү үед илэрдэг бөгөөд, 1990-иэд оныг хамгийн хэцүү үе байсан хэмээн бид үзсэн.
Ингээд 1990-иэд оны "Ардчилсан хувьсгал"-ын үед тухайн үеийн удирдагч Ж.Батмөнх агсан ямар шийдвэр гаргаж, юунд хэрхэн хандаж байсан зэргийг харуулах нь зүйтэй гэж шийдсэн.
Түүх бол өөрөө давтагддаг. Тиймээс залуучууд маань үнэн бодит түүхийг манай киноноос мэдэж, суралцаасай гэж хүсч байна.
Энэ сарын 15-нд "Hunnu mall" кино театрт нээлтээ хийнэ. Та бүхнийг хүрэлцэн ирээсэй гэж хэлмээр байна" гэв.
Ерөнхий зураглаач Крис Мартин хэлэхдээ "Миний хувьд тус кинонд зориулсан аппарат, тоног төхөөрөмжийг бэлдэхээс гадна зургийн багтай хамтарч ажилласан. Та бүхэн манай киноноос сүүлийн 40 жилийн үйл явдлыг харах боломжтой.
Би энэ кинонд ажилласандаа их баяртай байна. Маш их зүйлийг суралцаж авсан. Дахиад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Төрийн шагналт, МУГЖ ЦТөмөрбаатар /Ю.Цэдэнбалын дүр/ хэлэхдээ "Ю.Цэдэнбал агсны дүрд надаас гадна 3,4 хүн шалгуулж байсан. Миний хувьд нас ойролцоогоос гадна өмнө нь Ю.Цэдэнбал агсны дүрийг бүтээж байсан гэдгээрээ сонгогдсон байх.
Намайг яагаад энэ дүрд тоглов гэж олон хүмүүс хэлж байгаа.
Би уран бүтээлч хүн. Найруулагч хүн ямар даалгавар өгнө. Тэрийг л биелүүлээд явж байна гэдгийг хэлмээр байна.
Ю.Цэдэнбал агсны эр зориг, тэвчээр, эх орноо гэх сэтгэл зүрхийг нь харуулсан түүхэн баримтууд бидэн бий. Бид түүхийг мэдэх хэрэгтэй.
Ж.Батмөнх агсны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "БҮҮ МАРТ" киног БИТГИЙ МАРТ-аарай" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!