Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭВШМЭЛ ХЭЛЦИЙН ТОЛЬ: Идээ эзнээ танихгүй...

МОНСУДАР
2016 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Идээ эзнээ танихгүй –Зочин гийчинд архи дарс өгөхөд эзэнд нь эгүүлэн барьж эхний хундагыг өөрөөр нь уулгах заншилд хэлдэг үг

“Эрт нэгэн цагт хаанаа хорлохоор түшмэд нь хортой архи өгөх гэж буйг урьтан мэдээд мэргэн хүний зөвлөсөн ёсоор хор шингээсэн архийг өөрсдөд нь буцаан өгч амиа аварсан домог”-оос үүдэн хэлдэг болжээ.

Уулын бугыг хараад
Унасан бухаа хаяав
– Бүтэшгүй их зүйлд санаархсанаар өөрт байсан зүйл ч үгүй болох гэсэн утгатай хэлц

“Эрт урьдын цагт нэгэн эр бухаа унаад алс газар айлчлахаар явж байтал ууланд нэг буга зогсож байв. Тэр хүн: “Би энэ хашин бухыг унаж явснаас хурдан бугыг солиод уначихвал” гэж бодоод бухаа хаяад, бугыг барихаар гүйв. Буга цааш буруулан зугтаасанд тэр хүн хойноос нь салалгүй гүйгээд байсан боловч бугыг яахин гүйцэх билээ. Буга ч ойн гүнд орж, харагдахгүй болжээ. Тэр эр ядарч зүдэртэл бугыг хөөсөн боловч барьж чадсангүй урам нь хугарч, уруу царайлсаар бухаа хаясан газарт ирэхэд бух нь ч алга болжээ. Аргаа барж гэрийн зүг буцан явсаар гэртээ хүрч ирэхэд, эхнэр нь:

-    Чи юунд буцаж ирэв? Бухаа яав? гэж асуусанд тэр эр: 
-    Уулын бугыг хараад унасан бухаа хаяв. Аргагүй алхаж ирэв гэж хэлсэн гэнэ” гэх үлгэрийн санаагаар ийн хэлэх болсон аж.

Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
– Үнэн үг хатуу байдаг учир хүн үнэн үгийг хүлээж авах дургүй, үнэнийг нь хэлэхэд өөрт нь муу санаж, өсөрхөж байна гэх утгатай хэлц

“Эрт урьд цагт юм гэнэ. Бурхан багш шавраар хүн бүтээгээд юманд яваад ирэх завсарт нь үхэр ирж хүний эгмийг нь эврээрээ сэжээд, хэсэг шавар эмтлээд унагачихаж. Тэр эмтэрсэн шавар нь нохой болсон юм гэнэ. Эрдэнэт хүний биеийг олох сайхан заяатай байтал минь саад хийв гэж нохой үхэрт өсөрхдөг болсон ажээ” гэсэн домогтой учир эл хэллэгт ийн тусгах болсон байна.

Эх сурвалж: МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭВШМЭЛ ХЭЛЦИЙН ТОЛЬ-оос бэлтгэв.