Хойд Солонгост хоол хүнсний хомсдол өндөр байдаг тул амьтны сэг зэм ч олдоход бэрх болжээ.
Өмнөд Солонгосын Экологи, Байгаль орчны Хүрээлэнгийн судлаачид шувуудын өвлийн нүүдлийг судалж байгаад нэгэн сонирхолтой баримт олж тогтоосон байна.
Махчин тас шувуу Монголын нутгаас Солонгосын хойг хүрч өвөлждөг бөгөөд эрдэмтэд тэдний нүүдлийн замыг GPS-ээр сүүлийн таван жил судалжээ.
Гэтэл сүүлийн үед таснууд зориудаар Хойд Солонгосын нутгийг алгасан нисдэг болсон нь сонирхол татаж байгаа гэнэ.
Тэд Хойд Солонгостой хиллэдэг Зүүн Хойд Хятадын Ляонинь мужид буудаллаж хүчээ сэлбээд зогсолтгүй Хойд Солонгосын нутаг дээгүүр гарч Өмнөд Солонгосын нутагт хүрдэг болжээ.
Хүрээлэнгийн захирал Ли Хан-сугийн хэлснээр Хойд Солонгост тэдний гол хоол хүнс болох амьтдын сэг зэм олдохоо больсонтой энэ үзэгдэл холбоотой гэнэ.
Евразийн хар тас гэгддэг энэ шувуу нь хавар дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосоос нүүдэллэн тавдугаар сарын сүүлээр Монголын нутагт хүрч зусдаг аж.
Судалгаагаар намар нь таснууд Ляонинь мужид хэдэн долоо хоног саатаж хүчээ сэлбэсний дараа шууд Өмнөд Солонгосын Жандан хойг хүртэл нисдэг болсон гэнэ. Ингэж бэлтгэл хангах шалтгаан нь тас шувуу өдөрт 330 орчим километр зам туулах чадвартай байдагтай холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ.
Эх сурвалж: Telegraph
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!