Бельгийн хууль хүчний байгууллагууд өчигдрийн Завентем нисэх буудалд болсон дэлбэрэлтийн өмнөхөн хяналтын камерт бичигдсэн террористуудын дүрсийг нийтэд ил болгосон байна.
Зураг дээр гурван этгээдийн дүрс үлдсэн байгаа бөгөөд хоёр хар хувцастай нь амиа золиослогчид гэж үзэж байгаа аж. Сонирхолтой нь тэр хоёр хоёул зүүн гартаа бээлий өмссөн байжээ. Мэргэжилтнүүд үүнийг нь тэсрэх бодисыг ажиллуулах түлхүүрээ нуусан гэдэгт итгэлтэй байна. Мөн ингэж бээлий өмссөн нь ямар төрлийн тэсрэх бодис ашигласныг нь ч харуулж байгаа гэжээ.
Харин зургийн баруун гар талд байгаа цайвар хувцастай хүнийг халдлагын зохион байгуулагч гэж үзэн цагдаа нар хайж байгаа юм.
Тэд гурвуулаа ачаа зөөвөрлөх тэрэг түрж яваа нь мөн сонирхол татаж байгаа гэнэ. Магадгүй тэсрэх бодис, зэвсэг зэргийг тээвэрлэж явсан байх гэж үзэж байна.
Нисэх буудлаас сүүлд дэлбэрээгүй тэсрэх бодистой бүс, Калашников буу олдсон гэнэ.
Мягмар гарагийн өглөө Завентем нисэх буудалд болсон хоёр, Маелбик метроны өртөөнд болсон нэг дэлбэрэлтэнд нийт 30 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархдаад байгаа юм.
Дэлбэрэлтийг Исламын улс бүлэглэл зохион байгуулснаа өөрийн мэдээллийн сувгаар зарлаад байна. Тэд Бельги улсыг өөрийнх нь газар нутагт болж байгаа цэргийн ажиллагаанд оролцсоных нь төлөө шийтгэж байгаагаа мэдэгдэлд дурджээ.
Хэрэг явдлын дараа Европын олон хотуудад аюулгүй байдлын хяналтыг чангатгаад байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!