-Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан-
Засгийн газрын дөрвөн гишүүн нь УИХ-ын гишүүн байх хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилжээ. Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар дээрх зохицуулалтыг хийх бөгөөд төслөө УИХ-д өргөн бариад байгаа юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай дэлгэрэнгүй ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал нь юу вэ?
-Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өмнө нь Ерөнхийлөгчөөс, санаачлан УИХ-д өргөн мэдүүлж байсан. Харамсалтай нь, уг хуулийн төсөл парламентын дэмжлэг хүлээгээгүй. Энэ удаагийн хуулийн төслийг олон нийтийн нэрлэж заншсан "давхар дээл"-тэй холбож ойлгож болно.
Хэдийгээр энэхүү өөрчлөлт цомхон харагдаж байгаа боловч агуулгын хувьд өргөн цар хүрээтэй. Төсөлд Ерөнхий сайд болон бодлогын гурван сайд нь УИХ-ын гишүүн байж болно хэмээн тусгасан.
Хууль зүй, Гадаад хэрэг болон Сангийн сайд нь “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн байж болно гэсэн үг.
Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Засгийн газар хоорондын зүй зохистой хамаарал, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог тодорхой болгож, төрийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах боломжийг бий болгох зорилгоор Ерөнхийлөгч Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан.
-Бодлогын гурван сайдад аль яам харьяалагдаж байгаа вэ?
-Хууль зүй, Гадаад хэрэг болон Сангийн сайд нь “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн байж болно гэсэн үг. Харин бусад сайд УИХ-ын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж болохгүй хэмээн тусгасан. Өмнөх өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд зөвхөн Ерөнхий сайд “давхар дээл”-тэй байхаар тусгасан байсан.
-Дээрх бодлогын гурван сайдыг ямар үндэслэлээр ийнхүү “давхар дээл”-тэй байж болно хэмээн үзсэн бэ?
-Төрийн аливаа бодлого, шийдвэр хуулиар дамжиж, хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, хуулиас гадуур бодлого, шийдвэр гэж байхгүй. Энэ утгаараа Хууль зүйн сайдыг бодлогын гурван сайдад багтаасан.
Төрийн болон бизнесийн үйл ажиллагаа төсөв, мөнгөтэй холбогдож байдаг. Тиймээс Сангийн сайдыг “давхар дээл”-тэй ажиллаж болно гэж үзсэн. Үүнээс гадна аливаа улсын гадаад бодлого, эдийн засаг болон аюулгүй байдалтай холбогдож байдаг. Өргөн цар хүрээтэй бодлогыг зангидаж байгаагийн хувьд Гадаад хэргийн сайдыг бодлогын гурван сайдад багтаасан.
-Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд хэзээнээс мөрдөж эхлэх ёстой гэж үзэж байгаа вэ?
-2016 оны сонгуулийн үр дүнд шинэ Ерөнхий сайд томилогдсон өдрөөс хэрэгжихээр хуулийн төсөлд тусгасан байгаа. Хуульд Ерөнхий сайд томилогдсоноор Засгийн газар байгуулагдсанд тооцохоор тусгасан байдаг шүү дээ. Энэ зарчмын дагуу хэрэгжих хугацааг дээрх байдлаар тусгасан.
-Өмнө өргөн мэдүүлсэн хуулийн төсөл УИХ дээр маргаан дагуулж, унасан. Энэ удаагийн төсөл батлагдах найдвар хэр байгаа вэ?
-Хуулийг хэлэлцэж, батлах эрх нь УИХ-д байгаа. Харин Ерөнхийлөгчид хуулийн төсөл санаачлах эрх бий. УИХ-ын гишүүд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын гишүүн “давхар дээл”-тэй байх нь оновчтой биш бөгөөд төрийн ажил цалгардаж байгааг хаана хаанаа ойлгосон байх.
Мөн хариуцлагын тогтолцоо ч суларч байгааг харсан байх гэж ойлгож байгаа.
УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн нь тусдаа байх нь илүү оновчтой.
Төр эрх мэдлээ хуваарилах зарчим гэж бий. Энэ нь төрийн ажлыг хуваарьтай байлгахын сацуу эрх мэдэл нь холилдоход ашиг сонирхлыг зөрчил үүсдэг шүү дээ.
УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн нь тусдаа байх нь илүү оновчтой. УИХ бол ард түмнээ төлөөлдөг, хууль тогтоож, хяналт тавьдаг байгууллага. Засгийн газар бол төрийн нэгдсэн бодлого боловсруулж, салбар салбараараа ажилладаг. Энэ чиглэл рүү явах ёстой хэмээн үзсэн.
-Хэзээ хэлэлцэхээр төлөвтэй байгаа вэ. Улс төрийн томоохон маргаан дагуулах байх?
-Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж хүлээж байна. Гэхдээ улс төрөөс илүүтэйгээр улс орон чухал байна шүү дээ. УИХ зөв алхам хийе гэж бодож байгаа бол хэлэлцээд явах байх.
-Засгийн газрын гишүүдийг парламентын гаднаас томилсон тохиолдолд тогтворгүй байдал үүсдэг хэмээн шүүмжилдэг шүү дээ. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Засгийн газрын гишүүн парламентын гадна, дотроос томилогдохоос илүүтэйгээр УИХ өөрөө дэгээ сайжруулах хэрэгтэй. Манайх шиг нэг асуудалд бүх гишүүн нь ярьдаг парламент дэлхийд байхгүй.
Өөрөөр хэлбэл, бүх асуудал дээр улс төрждөг эрх зүйн орчинтой улс орон ховор байх.
Гэтэл дэлхийн бусад оронд ажил хэрэгч парламент ажиллаж байна шүү дээ. Энэ чиглэл рүү хуулиа сайжруулах ёстой болохоос биш “дан”, “давхар дээл”-ний асуудлаас үүдэн парламент дээр дэмжлэг хүлээгээд байгаа зүйл байхгүй.
Өөрөөр хэлбэл, “дан дээл”-тэйгээс үүдэн Засгийн газрын бодлого нь УИХ дээр унаад байгаа зүйл байхгүй гэж бодож байна. Хуулиараа Ерөнхий сайд нь кабинетын зарчмаа тодорхойлох боломжгүй байгаа учир Засгийн газрын тогтворгүй байна.
Засгийн газрын гишүүдийг хүн тус бүрээр нь УИХ дээр хэлэлцэж, томилдог. Энэ нь парламент дэх улс төрийн сонирхол Засгийн газрын томилгоо руу орох бололцоог нэгээд байна. Бусад оронд Ерөнхий сайд нь кабинетаа бүрдүүлэхдээ гол үүрэг гүйцэтгэж, Ерөнхийлөгч гүүр болдог жишиг бий. Тиймээс бид аливаа асуудлыг олон талаас нь харах ёстой.
-Олон нийтийн нэрлэж заншсан “шүд сугалах” тактикийг халах заалт хуулийн төсөлд тусгагдсан уу?
-Үгүй ээ. Энэ асуудал нь Үндсэн хуулийн түвшнийх. Үүнийг цаашид өөр хуулиудаар засах боломж бий. Ерөнхийлөгч ч энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж байсан удаатай.
Тухайлбал, А гэх Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд түүний оронд томилогдох Б гэх Ерөнхий сайдын нэр байх ёстой. Энэ тохиолдолд Б Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд асуудал улам хүндэрнэ хэмээн үзвэл А Ерөнхий сайдыг огцруулахгүй үлдээж болно. Түүний оронд хэн очих гэж байгаа нь тодорхой болсон цагт асуудлыг шийдэх ёстой.
Гэтэл өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулаад, Засгийн газрыг татан буулгачихлаа. Үүний дараа Ерөнхий сайдын суудлын төлөөх марафон улс төрийн намуудад өрнөж, улс төрийн акц үргэлжилдэг. Үүнээс үүдэн олон үүрэг гүйцэтгэгч томилогдож, төрийн ажил цалгарддаг.
Хэрэв дээрх зарчим мөрдөгдвөл кноп дарах гэж буй УИХ-ын гишүүд болон ард түмэнд ойлгомжтой болно. Ийм байдлаар өөрчлөлт хийж, засах боломж бий.
Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төсөлд ч Засгийн газрын гишүүнийг огцруулахаар өргөн мэдүүлэхдээ заавал Ерөнхий сайдаар дамжуулахаар тусгасан байгаа.
-Ерөнхийлөгчөөс санаачлан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Г эвч парламентын босго давж чадаагүй. Уг төслийг хэзээ дахин өргөн мэдүүлэх вэ?
-Хуулийн төслийг илүү чамбайруулахаар ажиллаж байна. Холбогдох байгууллага болон судлаачдын саналыг авч, нэгтгэж байна. Харин хэзээ өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгч шийднэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!