Газрын гүний эрдсийг шингээсэн өвчин эмгэгийг илааршуулахад тустай байгалийн ундарга усыг рашаан гэнэ. Монголчууд эртнээс рашааныг ихэд хүндэтгэн, сүсэглэж хэрэглэсээр ирсэн бөгөөд рашаан уухдаа “Рашаан рашаан болох болтугай, арьс махны завсар гүйж аливаа муу өвчнийг арилгаж хайрлах болтугай” гэж залбиран хүртдэг байжээ. Рашааныг тусгай цаг улиралд, сонгосон дэг горимын дагуу тодорхой хэмжээгээр уугаад, дараа нь сайтар гам сахивал аливаа өвчнийг анагаах, эрүүлжүүлэх увдистай хэмээн эрхэмлэнэ.
Хэрэглээ: Монгол нутагт халуун, хүйтэн, хийжсэн зэрэг олон төрлийн рашаан бий. Хамгийн хүйтэн нь 0°С байхад хамгийн халуун нь 50°С орчим байдаг бөгөөд энэ байдал нь жилийн дөрвөн улиралд хувирдаггүй. Монголчууд рашааныг хэрэглэхдээ эмт чанарыг анхаардаг байна.
Энгийн үедээ 7-21 хоног орж, 49 хоног гам барих буюу 100 хоног гам барьж рашааны хүчийг төгөлдөржүүлдэг. Рашааныг эхний 7 хоногт бага багаар, хоёр дахь 7 хоногт ихээр, сүүлчийн 7 хоногт бага багаар хэрэглэхээ багасгах учиртай. Хэрэглэсний дараа хүйтэн нойтныг идэх, сэрүүн чанартай идээ идэх зэргийг анхааран цээрлэдэг бөгөөд халуун хүйтнээ тэнцүүлж, мах шөлөө зохицуулахыг хичээн, гам барьдаг. Мөн хонины шөл ууж, биеийн тамирыг нөхдөг ёс ч буй.
Ач холбогдол: Рашааныг ямар өвчинд, хэрхэн хэрэглэх тухай нарийн жор байдаг. Тухайлбал, ходоодны рашаан нь ходоодны салст бүрхэвчийг цочроон, хоол боловсруулах эрхтэн болоод элэгний үйл ажиллагаанд нөлөөлж бодисын солилцоог сайжруулдаг байна. Рашаан бүхэн өөр өөрийн ач тустай. Тухайлбал, үе мөчний рашаан нь үе мөчний үрэвсэл болон хуян, шар уснаас үүдэлтэй нуруу, хөлийн үрэвсэлд сайн байдаг.
Цээр ёс:
“МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ” 2-Р БОТЬ
“ИДЭЭ УНДААНЫ ТАЙЛБАР ТОЛЬ” НОМООС БЭЛТГЭВ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!