Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Цаг агаарын гамшигт үзэгдлийн үеэр 68 МЯНГАН МАЛ ХОРОГДЖЭЭ

Г.Номин, iKon.mn
2016 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХХААЯ-наас хаваржилт болон мал төллөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай байгаа нь хоёрдугаар сарын 20-ны байдалтай харьцуулахад 38 сумаар, 15 аймгийн 51 сум “Цагаанаар зудархуу” байгаа нь 69 сумаар буурчээ.

Зэрэглэл

2015.12.31-ны байдлаар

2016.02.20-ны байдлаар

2016.03.10-ны байдлаар

1

Зудтай

 16 аймгийн 50 сум

18 аймгийн 98 сум

17 аймгийн 62 сум

2

Зудархуу

18 аймгийн 97 сум

20 аймгийн 120 сум

15 аймгийн 51 сум

 

Нийт нутагт эзлэх хувь

38.1

62.4

33.9

 

ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд "Засгийн газраас 2015 оны 480, 2016 оны 55, 67 дугаар тогтоолууд гарган нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 11 мянган тн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй олгох, 7.4 мянган тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгох  шийдвэр гарган олгосон.

 

Энэ сарын 3-5-нд нийт нутгаар тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдлийн үеэр 68 мянган мал хорогдож, одоогийн байдлаар нийт малын хорогдол 416.5 мянга болж нэмэгдээд байна.

Хорогдсон мал:

  • Тэмээ 130, 
  • Адуу 15.3 мянга, 
  • Үхэр 39.9 мянга, 
  • Хонь 142.2 мянга, 
  • Ямаа 219.0 мянга буюу оны эхний нийт малын 0.7 хувийг эзлээд байна. 

Хамгийн их хорогдолтой нь Увс (71,740), Сүхбаатар (69,139), Завхан (58,390), Баянхонгор (40,279), Архангай (36,593) аймаг байна. 

Цаашид мал их хэмжээгээр хорогдохоос урьдчилан сэргийлж  малын тэжээл, эрдэс долооцыг сувилгааны эм бэлдмэлтэй хослуулан хэрэглэж малыг тэнхрүүлэх шаардлагатай байгаа тул малын тэжээл хивэг, долооцууд, эм тариа, витамины тусламж үзүүлэхээр НҮБ-ын ХХААБ-тай хамтран 4.2 сая ам.долларын тусламжийн бэлтгэл хангаж байна" гэлээ.

Одоогийн байдлаар 209.4 мянган эх мал төллөж,  204.7 мянган төл буюу 2,568 ботго, 301 унага, 5,215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж, төл бойжилт 98 хувьтай байна. 

Монголын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооноос Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл зэрэг найман аймгийн зарим сумын 1,800 малчин өрхөд нийт 134 сая төгрөгийг бэлнээр тарааж, хоёр сарын хэрэгцээний зургаан нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн нийт 2.7 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ.

Дэлхийн мал, амьтныг хамгаалах нийгэмлэгээс дээрх найман аймагт 1,850, Дундговь аймагт 250, нийт 2,100 ширхэг 54 сая төгрөгийн үнэ бүхий малын хашааны дулаалгын хаалт хүргүүлсэн байна. 

Мөн Швейцарийн хөгжлийн агентлагаас Ногоон алт төсөл хэрэгжиж байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 33 сумын 9,000 малчин өрхөд 450 тн хивэг, 72 сая төгрөгийн шатахууны талон нийт 264 сая төгрөгийн тусламж үзүүлснийг ХХААЯ-наас мэдээллээ.