Монголчууд бид эрүүл мэндийн аялал жуулчлалыг тултал нь хөгжүүлж, олон орны жуулчдыг татах боломж байна. Солонгосчууд гоо сайхны мэс заслаараа дэлхийд тэргүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид очиж байгаа шүү дээ. Дээрээс нь эрүүл мэндийн чиглэлээр ч тэргүүлж байна.
Манай улс мэс засал чиглэлээр дэлхийд тэргүүлэх нь юу юм. Харин эрүүл мэндийн бүтээгдэхүүн, уламжлалт эмчилгээгээр дэлхийд гарч, энэ чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж манайд байна. Өнөөдөр чацаргана жимстэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компани байгаа.
Дэлхийн зах зээлд гаргаад эхэлчихлээ. Хар ямааны бэлдмэл, адуу бэлдмэл гээд эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг Монголд битгий хэл олон улсад мэддэг болж эхэллээ. "Төгс титэм” компанийн захирал Э.Батсайхан “ВЕВ” нано биотехнологийн бүтээгдэхүүний төслийг удирдаж, Монгол, Хятадын эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байна. Улмаар эрүүл мэндийн чиглэлийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.
Энэ мэтээр дэлхийд таниулж чадвал бид олон улсын анхаарлыг татахаар эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаж байна. Түүнээс гадна Монголын уламжлалт эмчилгээг дэлхийд таниулах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр зүүгээр хатгаад, олон төрлийн өвчнийг анагааж чадаж байгаа мундаг хүмүүс Монголд бий.
Гадаад орноос тэднийг зорьж ирж, эмчлүүлж байгаа хүмүүс ч байна. Одоо гагцхүү зохион байгуулалт, гадаадад сурталчлан таниулах шаардлагатай байгаа юм.
Төрийн бодлого гэхээр л засгаас мөнгө нэхдэг гэж ойлгож болохгүй.
Ер нь Монгол Улс онгон дагшин байгаль, байгалийн гаралтай эрүүл хүнсээ өмнөө барьж, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн ч болохоор байна.
Ходоодонд, элгэнд, зүрхэнд сайн рашаан ус монголоор л дүүрэн байгаа биз дээ. Дээрээс нь янз бүрийн өвчнийг анагаах чадалтай шавар хүртэл манайд байгаа. За тэгээд цагаан идээ, гүүний саамнаас авахуулаад жинхэнэ цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр гадныхныг татаж болж байгаа юм.
Ерөөс дэлхийд таниулж, олон улсад сурталчилж чадвал монголчуудад боломж байна. Тиймээс төрийн бодлого хэрэгтэй байгаа юм. Төрийн бодлого гэхээр л засгаас мөнгө нэхдэг гэж ойлгож болохгүй. Зарим нэг бизнес эрхэлж байгаа хүмүүстээ тамгатай бичиг хийгээд өгчихөд л дэмжиж байгаа нь тэр. Түүнээс биш Монголын эрүүл мэндийн болоод бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дэлхийд таниулахад төр засгийг хараад, мөнгө аваад суугаад байгаа юм байхгүй шүү дээ.
Өөр өөрсдийн чадлаар л бүтээгдэхүүнээ дэлхийн тавцанд гаргах гэж үзэж байна. Тиймээс олон улсад Монголын эрүүл мэндийн чиглэлийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, хэрэглээ болгох талаас нь ажилламаар байгаа юм. Хоёр, гуравхан бүтээгдэхүүнийг бид олон улсад таниулж чадвал түүн дээрээ дөрөөлөөд эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж болж байна.
Гадаадын жуулчин ирэхэд бүх зүйл гологдохооргүй, сайхан орчинтой, аятайхан бие засах газартай сувилал байгуулаад, түүгээрээ цогц үйлчилгээ үзүүлэхгүй юу. Дэлхийд таниулж чадсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ нэн тэргүүнд тавиад, араас нь уламжлалт эмчилгээ, хатгуур, төөнүүр, рашаан ус, цагаан идээ гээд юу эсээр эмчилж болох билээ. Жаахан хичээгээд өгвөл манай улс эрүүл мэндийн аялал жуулчлалаар дэлхийд танигдах боломж байгаа. Гагцхүү олон улсад л гаргах хэрэгтэй байна даа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!