Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюутан цэрэг" хөтөлбөр энэ жил гурван аймагт хэрэгжинэ

Ж.Мягмар
2016 оны 3 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Оюутан цэрэг” Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт нэгэн зэрэг хэрэгжих юм байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатараас тодрууллаа.

-Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” захирамж гаргасан.

Захирамжийн дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өчигдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар болоод байна.

-Суралцаж буй бүх оюутан хөтөлбөрт хамрагдах уу. Сурч буй мэргэжил нь хамаарах уу?

-Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй нэгдүгээр курсийн хоёрдугаар хагаст суралцаж байгаа хүүхдүүд буюу хугацаат цэргийн алба хаагаагүй оюутнууд хамрагдаж болно.

Өөрөөр хэлбэл, тухайн оюутны оршин суугаа нутаг дэвсгэр, суралцаж буй мэргэжлээс үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаах юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа залуус сурч боловсорч байх үедээ цэргийн үүргийн биелэлтийг хангачихвал их, дээд сургууль төгсөөд шууд төрийн албанд орох болзол нь хангагдаж буй.

-Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд яаж бүртгүүлэх вэ?

-Энэхүү хөтөлбөрт хамрагдах оюутнууд сургалтын албандаа бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.

Өөрөөр хэлбэл, цэргийн хэргийн ачаалал даах хүүхдүүдийг элсүүлж авна гэсэн үг. Улмаар цэрэгт татагдан, цэргийн тусгай бэлтгэлийн төвд хоёр cap цэргийн тусгай бэлтгэл хийнэ.

Энэ үедээ хугацаат цэргийн албан хаагчийн нэгэн адил цэргийн байранд байрлаж, эрх, үүргийг биелүүлж, суралцах бөгөөд энэ хугацаандаа мото буудлагын цэргийн тасгийн дарга буюу буудагч гэсэн тусгай мэргэжил эзэмшүүлж гаргах юм.

-Энэ жил гурван аймагт хэрэгжинэ гэж байсан. Энэ талаар тодруулаач? 

-Улаанбаатар хотоос гадна Дорнод, Ховд Говьсүмбэр аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр нэгэн зэрэг зохион байгуулагдахаар болсон.

“Оюутан-цэрэг” хөтөлбөр өнгөрсөн 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1,500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байгаа юм. Батлан хамгаалахын сайдын тушаалаар энэ онд “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1,000 оюутныг хамруулахаар шийдвэрлээд байна.

-Хөтөлбөрт хамрагдах оюутнууд яагаад заавал нэгдүгээр курсийн оюутан байх ёстой юм бэ?

-Учир нь оюутнууд хоёрдугаар курсийн зуны амралтаараа үйлдвэрийн дадлага хийдэг. Харин гуравдугаар курсийн амралтаараа байгууллагын дадлага хийдэг юм байна. Дөрөвдүгээр курсийн хүүхдүүд төгсөөд явчихдаг учир боломжгүй байдаг. Тиймээс нэгдүгээр курсийн хүүхдүүд л зуныхаа амралтаараа албан ёсны төлөвлөгдсөн ажил байдаггүй юм билээ.

Хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд ирэх дөрөвдүгээр сарын 01-нээс зургадугаар сарын 01-ны хооронд онолын хичээл үзээд явна. Харин зургадугаар сарын 01-ээс наймдугаар сарын 15-ны хооронд цэргийн хэргийн мэдлэг гээд хоёр сар каринтелагдана.

-Оюутан уг хөтөлбөрт хамрагдсанаар дайчилгаа болон энхийг сахиулах олон улсын арга хэмжээнд оролцож болох уу?

-Хөтөлбөрт хамрагдсан оюутан гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд элсэх, энхийг сахиулах олон улсын арга хэмжээнд оролцох эрхтэй болно. Түүнчлэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ оюутнуудыг цэргийн нэгдүгээр зэргийн үүрэгтнээр бэлтгэх бөгөөд тухайн оюутан дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн болж бэлтгэх юм.

Өөрөөр хэлбэл, хэрэгцээтэй үед салаа цэрэг ахалж үйл ажиллагаанд оролцох залуусыг бэлтгэнэ гэсэн үг. Ер нь энэхүү хөтөлбөр нь цэргийн жинхэнэ албыг хаах бололцоо, нөхцөлийг нэмэгдүүлж байгаа, эрүүл мэнд, бие бялдрын өв тэгш хөгжил олгох гэж буй, мөн төрийн албан хаагчийг цэргийн жинхэнэ алба хаасан байх нөхцөлөөр авдаг болох тохиолдолд түүнд бэлтгэлтэй байх зэрэг ач холбогдолтой юм.

Зураг