Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М.Болормаатай ярилцлаа.
-Жендерийн талаарх ойлголт нэг үеэ бодоход харьцангуй сайжирч байгаа ч зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж хардаг хүмүүс байсаар л байна?
-Жендер гэдэг нь хүний биологийн хүйснээс ялгасан нийгмийн нэршил юм. Түүнээс эрэгтэй, эмэгтэй хүйсийг ялгасан зүйл биш. Жендерийн асуудал бол хөгжлийн асуудал, хүний эрхийн асуудал, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх тэгш оролцоо, тэгш боломжийн асуудал гэдгийг хүмүүс мэддэг болжээ.
Энэ бол Монголын эмэгтэйчүүдийн байгууллагуудын олон жилийн үйл ажиллагааны үр дүн юм. Ерөөсөө л баялаг бүтээхэд эрэгтэй, эмэгтэй хүн гэж ялгалгүй оролцох ёстой. Бүтээсэн баялгаасаа адил тэнцүү хүртэх ёстой гэсэн зарчим үйлчилж байна. Хамгийн гол нь өнгөрсөн он жилүүдэд бодлого, хөтөлбөр, хууль эрхзүйн орчин бүрдэж чадсан нь нэг том давуу тал юм.
-Хууль эрхзүйн орчин бүрдсэн ч хэрэгжүүлэх арга зам нь байна уу?
-Хуулиа хэрэгжүүлэхийн тулд улсын төсөв маань хэрхэн оновчтой хуваарилагдаж байна гэдгийг ярих хэрэгтэй. Тиймээс сүүлийн үед жендерийн мэдрэмжтэй төсөвлөлд гэдэг зүйлийг ярьж байна. Энэ асуудлыг үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд мэдээж төсөв хувиарлалтын бодлогыг барьж байгаа Сангийн яамтай ойлгогдох ёстой.
Бүтээсэн баялгаасаа адил тэнцүү хүртэх ёстой гэсэн зарчим үйлчилж байна.
Үүний тулд Сангийн яаман дээр жендерийн мэдрэмжтэй төсөвлөлийн асуудлаар цуврал ажлууд хийгдэж байна. Сангийн яам салбарынхаа жендерийн стратегийг боловсруулж байна.
Энэ нь эргээд татвараар бүрдсэн улсын төсөв маань нийгэмд хэр үр ашигтай байна, хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт нь нийгмийн зорилтот бүлгүүдэд хэрхэн хүрч байна. Ялангуяа нийгмийн эмзэг бүлэг, өрх толгойлсон ээж, аавууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд яаж хүрч, ямар үр дүн гарч байгааг бид ярих хэрэгтэй.
Цаашлаад бид эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийн асуудлыг ярих хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэд бизнесээ өргөжүүлэх зээл авах гэхээр барьцаа хөрөнгөгүй, гэр бүлийнх нь өмч өрхийн тэргүүний нэр дээр байдгаас болж эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй
Тиймээс эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулж, бие даасан хараат бус болгох хэрэгтэй. Залуу охид өндөр цалинтай ажилтай болох, боловсролтой болох хүсэл эрмэлзлээсээ болж хүний наймаанд өртөх эрсдэлтэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөд эдийн засгийн хараат байдал ч нөлөөлж байна.
-Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг та хэрхэн үнэлж дутаж байгаа вэ. Амьдралд нийцсэн, та бүхний хүсч байсан шиг сайн хууль болж чадсан уу?
-2011 онд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан. Хууль эрхзүйгээр дамжуулж бид үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг учраас хууль батлагдана гэдэг улс орны хувьд том алхам. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль нь хүнийг эрэгтэй, эмэгтэй хүйсээр нь ялгаварлахгүй, тэгш боломжийг олгож байгаагаараа нийгэмд хүчтэй нөлөө үзүүлэх юм.
ХЭҮК 2013 онд хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар үнэлгээ хийж, ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг хөндөж зөвлөмжөө хүргүүлсэн. Энэ чиглэлээр Жендерийн үндэсний хороо зохих арга хэмжээнүүдээ авах ёстой.
-Төрийн өндөр албан тушаалд эрчүүд голдуу байдаг. Үүнийг хуулийн дагуу өөрчлөх боломж бий юу?
-2015 онд УИХ-аас эхлээд сум, дүүргийн нийтийн хурал хүртэл эмэгтэйчүүд төр захиргааны томилогддог болон сонгогддог албан тушаалууд дээр ногдох квотыг тогтоож өгсөн. Үүн дээр ч ХЭҮК үнэлгээ хийж өгөх ёстой.
Жендерийн үндэсний хорооноос төрийн байгууллагуудын түвшинд хуулийн хэрэгжилтийг сурталчилсны дүнд төрд ажиллаж байгаа хүмүүс мэдээлэлтэй болж, хөдөө орон нутгийн хөгжлийн бодлого, салбарын бодлогууддаа уялдуулаад салбарын жендерийн стратеги гаргаж эхэлж байгаа нь нэг ахиц юм. Хууль хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, салбар дундын зохицуулалт зайлшгүй байх ёстой.
Ийм маягаар олон жилийн үр дүнд олж байгаа амжилт ололтоо бататгахаасаа илүү эргээд улстөрийн тогтворгүй байдлын шуурганд үгүйсгээд байгаа нь харамсалтай.
-Өнгөрсөн жил Жендерийн үндэсний хороо салбар яамныхаа дэргэд очсон. Энэ нь хорооны ажлын чиг зорилгод нөлөөлсөн үү?
-2005 оноос хойш Жендерийн үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд даргалж байгаа. Дэргэдээ ажлын албатай болсон. Энэ нь бүтэц тогтолцооны хувьд нэг алхам урагшилж ахиц, гарсан. Ингэснээрээ тогтмол үйл ажиллагаатай болж хуультайгаа уялдуулж салбарын бодлогоо зохицуулдаг, хянадаг, шаарддаг болсон.
Гэтэл 2015 оны хоёрдугаар сараас үндэсний хороогоо татан буулгаад, Засгийн газрын тогтоол гаргаж ажлын албаны найман хүний орон тоог цомхотгож дөрөв болгоод, салбарын яам руу шилжүүлсэн. Хэдийгээр хорооны дарга нь Ерөнхий сайд хэвээрээ боловч ажлын алба нь яаманд харьяалагдаад явчихаар үйл ажиллагааны уялдаа холбоогүй болж, бүтэц тогтолцооны хямралд орж байгаа юм.
-Та Жендерийн хорооны анхны даргаар томилогдож байсан. Өнөөдрийг хүртэл энэ байгууллага хэр үр дүнтэй ажилласан бэ?
-Би 2005 онд анхны ажлын албаны даргаар томилогдоод 2006 он хүртэл ажилласан. 2006 оноос МАН-аас Ерөнхий сайд томилогдсоноор солигдож, 2012 оны аравдугаар сард дахин би томилогдсон. 2015 оноос ажлын алба яам руу шилжингүүт даргаа болиод нарийн бичиг гэсэн албан тушаалтай байна.
Бид 2014 онд Жендерийн үндэсний хорооны дэргэд олон жил энэ салбарт ажиллаж байгаа туршлагатай хүмүүсийг нэгтгэн Жендерийн үндэсний шинжээчдийн бүлэг байгуулсан. Бүлгийн гишүүд салбарын бодлого хуулиудад жендерийн аудит үнэлгээ хийх юм.
-Үнэн зов, эерэг мэдээллийг олон нийтэд түгээснээр нийгмийн хандлага, хүмүүсийн мэдрэмжийг өөрчлөх байх. Үүнд хэвлэл мэдээллийг оролцуулж чадаж байна уу?
-Сэтгүүлчид жендерийн мэдрэмжтэй байвал бичсэн бүтээлээрээ хүмүүст зөв мэдээлэл түгээж, нийгэмд өөрчлөлт авчирч чадна. Сэтгүүлзүйн салбар нийгэмд маш хүчтэй. Сэтгүүлчийн бичсэн болон хэлж ярьж буй зүйлийг хүмүүс үнэн гэж ойлгодог учраас жендерийн асуудалд зөв мэдлэгтэйгээр, маш хариуцлагатай хандах хэрэгтэй.
Бүх чиглэлээр бичдэг сэтгүүлчид жендерийн мэдрэмжтэй байх ёстой. Тиймээс бид сэтгүүлчдээ системтэйгээр сургаж ирсэн.
Сэтгүүлчид жендерийн мэдрэмжтэй байвал бичсэн бүтээлээрээ хүмүүст зөв мэдээлэл түгээж, нийгэмд өөрчлөлт авчирч чадна.
Гэхдээ ахиц сайн гарахгүй байгаад дүн шинжилгээ хийхэд редакцийн зөвлөлөөс шалтгаалдаг нь харагдсан.
Хэдийгээр сэтгүүлчид жендерийн мэдрэмжтэйгээр асуудлыг гаргаж ирлээ ч хэвлэн нийтлэх зөвшөөрөл өгдөг эрх мэдэлтнүүд жендерийн тухай өрөөсгөл ойлголттой бол гаргадаггүй юм байна. Тиймээс Жендерийн үндэсний хорооны дэргэд хэвлэл мэдээллийн зөвлөлийг байгуулж редакцийн бодлогод нөлөөлөх ажлыг хийж эхэлсэн.
Одоо жендерийн асуудалгүйгээр ямар ч бодлого явахгүй байна. Бүх асуудалд жендерийн дүн шинжилгээ хэрэгтэй болсон. 2016-2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлогыг өнгөрсөн оны есдүгээр сард улс орнуудын тэргүүнүүд Нью Иорк хотноо очиж баталснаар жендер дэлхийн улс орнуудын бие даасан тав дахь зорилт болсон. Монгол Улс ч олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж энэ чиглэлд анхаарлаа хандуулах ёстой.
-Та Эмэгтэй удирдагч санг байгуулаад олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Танайх нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх сургалтуудыг явуулж байна уу?
-Эмэгтэй хүн энэ хорвоо дээр зөвхөн өөрийгөө бодож амьдардаггүй. Үр хүүхэд, хань ижил, аав ээж, ах дүү, хадмууд, ажил төрөл гээд бүгдийг багтаан бодож амьдардаг хүмүүс. Эмэгтэй удирдагч сан 2000 онд байгуулагдсанаас хойш олон үйл ажиллагаа явуулж байна.
Эмэгтэй удирдагч сан маань жендерийн боловсрол, хүний эрхийн боловсрол олгох, иргэний нийгмийг хөгжүүлэх, энэ салбарт ажиллах сонирхолтой залуу үеийн эмэгтэйчүүдийг, сэтгүүлчдийг тасралтгүй сургадаг байхын тулд Жендерийн боловсрол сургалт судалгааны төвийг байгуулсан. Энд судалгаа мэдээллүүдээр хангах дата баазыг бүрдүүлж, жендерийн чиглэлээр үе шаттайгаар цуврал сургалтыг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж байна. Мөн эмэгтэйчүүддээ манлайллын сургалтуудыг хийж байх ёстой юм байна.
-Та Монголын улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн харж байна. Улстөрд хүйсийн харьцаа чухал уу, хувь хүний мэдлэгээс шалтгаалах уу?
-Хүйс өөрөө чухал л даа. Нийгэмд байгаа ядуурлыг бууруулах, шударга ёсыг тогтоох сайн засаглалтай байхад эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй чухал. Учир нь нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэгцээ шаардлага онцдог ялгаатай байдаг.
-Та УИХ-ын 11 эмэгтэй гишүүнд ямар дүн тавих бол. Тэд өөрсдийн үүргээ биелүүлж эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж чадаж байна уу?
-УИХ-д 11 эмэгтэй гишүүн сонгогдсон нь бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн. Эмэгтэйчүүд зөв хандлагаар явах юм бол нийгмийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулж чаддагийг манай 11 эмэгтэй гишүүн харуулж байна. Тиймээс бид сонгуулийн нэгдсэн хуулинд эмэгтэйчүүдийг нэр дэвших квотыг 30 хувь болгоод батлуулсан нь ахиц юм.
Тэгэхээр улс төрийн намууд эмэгтэйчүүдийг зайлшгүй нэр дэвшүүлэх шаардлагатай. Улстөрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд ч дуу хоолойгоо хүчтэй гаргаж, удирдлагууддаа нөлөөлөх хэрэгтэй. Хууль бидэнд боломжийг бий болгосон. Үүнийг зөв ашиглаж чулуу болгох ажил үлдээд байна. 2016 онд эмэгтэйчүүд маань зоригтой нэр дэвшиж, нийгэм улс орноо хөгжүүлэхэд хүчтэй баг болж ажиллаж чадна гэж найдаж байна.
-Сүүлийн үед хүн бүр УИХ-д өрсөлдөх тухай ярих болж. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-д сонгогдохоор хүсэх нь Үндсэн хуулийн дагуу хүн бүрт нээлттэй. Гэхдээ хүн бүр нэр дэвших сонирхлыг бий болгоно гэдэг өнөөдрийн ажиллаж байгаа улстөрийн тогтолцоо систем алдагдсаныг харуулж байгаа юм.
Улстөрд орно гэдэг улс орны иргэдийн эрх ашгийн төлөө бодлого боловсруулж шийдвэр гаргах учраас ур чадвар, мэдлэг, хариуцлага зайлшгүй шаардлагатай. Тиймээс өнөөдөр бид эрүүл бус улстөрийн тогтолцоо системээ хурдан өөрчлөх хэрэгтэй байна. Үүний тулд улстөр, бизнесийг салгах ёстой. Үүнийг засч сайжруулахад эмэгтэйчүүдийн оролцоо чухал.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!