Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаалагчдын “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Үүгээрээ тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Делоитт Онч” компанийн ерөнхий захирал Д.Ончинсүрэнтэй ярилцлаа.
Тэрбээр татварын “Arhtur Andersen” -аас ажлын гараагаа эхэлжээ. Түүнчлэн Москва дахь аудитын “Big 4”-ийн нэг болох “Ernst and Young”-д жил гаруй хугацаанд ажиллаж байгаад эх орондоо ирсэн байна. 2004 онд өөрийн компаниа үүсгэн байгуулж “Онч аудит” гэж нэрлэсэн аж. Гэхдээ түүнд “Big 4”-тэй хамтарч ажиллах чин хүсэл байжээ.
Хэдийгээр “KPMG’’-тэй гэрээтэй ажиллаж байсан ч эдийн засаг эрчтэй өсч байх үе буюу 2011 онд “KPMG” болон “Deloitte” компани руу 21 асуулт бүхий хамтарч ажиллах хүсэлтийг илгээсэн байна. Ингээд тун удалгүй “Deloitte”-ooc салбараа болгохыг зөвшөөрч буйгаа илэрхийлэн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс явуулж байсныг хатагтай Д.Ончинсүрэн дурслаа.
Анх зөвхөн аудит хийж үйл ажиллагаагаа эхэлсэн “Онч Аудит” компани өнөөдөр дэлхийн “Big 4”-н тэргүүлэгч компани болох “Deloitte” болон хөгжиж, аудит, татварын болон бизнесийн зөвлөх үйлчилгээг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон үндэсний тэргүүний компаниудад амжилттай хүргэж байна.
Одоогоор манай улсын эдийн засаг хямарч, хүмүүсийн амьдрал хүнд байдалд орчихлоо гэж байгаа ч түүний учир шалтгааныг олох хэрэгтэй.
Миний харж байгаагаар 2010,2011 оны үед эдийн засаг өндөр хурдаар өссөн нь байнга энэ төвшинд байх юм гэдэг сэтгэгдлийг хүмүүст бий болгосон. Тэр ч бүү хэл дэлхийн улс орнууд Монголыг өндөр өсөлттэй хэвээр байна гэж харсан. Тухайн үедээ зэсийн арвин нөөцтэй орд болох Оюутолгойг илрүүлсэн.
Мөн гадны мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан, хөгжилтэй орны хэмжээнд хүртэл цалин хөлс өгч эхэлсэн зэрэг маш олон зүйлийг амжуулсан ч байнга өсөлттэй байна гэсэн хүлээлт талаар болсон юм шүү.
Эцсийн дүндээ энэ явдал богино хугацааны бодлого төлөвлөснөөр хөгжихгүй алсыг харж, бодлого боловсруулах, урт хугацаанд төлөвлөх хэрэгтэй гэдэг сургамж болсон.
Бизнест бол урт хугацааны стратеги, төлөвлөгөө боловсруулж, холыг харж ажилласан нь амжилтад хүрдэг. Манай улсын хувьд уул уурхайгаа түшиж хөгжих гэж байгаа бол түүхий эдийнх нь ханшийн унаж, босох мөчлөгийн талаарх судалгаа, таамаг, шинжилгээг ашиглаж ёстой.
Бизнест бол урт хугацааны стратеги, төлөвлөгөө боловсруулж, холыг харж ажилласан нь амжилтад хүрдэг.
Мөнхийн хоёр хөршийнхөө эдийн засгийн өсөлт, бодлогын чиг хандлагыг харгалзах хэрэгтэй. Бид газрын доорх баялгаа эргэлтэд оруулахгүйгээр хөгжинө гэвэл өрөөсгөл. Тиймээс баялгаа эргэлтэд оруулахад нөлөөлөх бүх хүчин зүйлсийг урд, хойд хөршийнхөө бодлого, баримталж буй бодлого, чиглэлийг нь харж урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр хөдлөх хэрэгтэй юм.
Одоогоор уул уурхайн түүхий эдийн үнэ хэдийд өсөх вэ, хэд хамгийн их нөлөө үзүүлж байна вэ гэдгийг анхааралтай ажиглах ёстой. Тэгэхээр яалт ч үгүй Хятад Улсын төлөвийг харах хэрэгтэй болно.
НЭР: Дэндэвсамбуугийн Ончинсүрэн
ЛИНКЭДИН: Onchinsuren Dendevsambuu
TWITTER: @Onchinsuren
ЗӨВЛӨМЖ: Өрсөлдөх ялгаатай давуу талыг бий болгох хэрэгтэй.
Учир нь Хятадын эдийн засгийн огцом өсөлт уул уурхайн түүхий эдийн тухайлбал коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнийг нэмэгдүүлсэн. Харин одоо урд хөрш нэг оронтой тоогоор эдийн засгийн өсөлт нь хэмжигдэж, хэт өндөр өсөлтийг биш чанартай өсөлтийг чухалчилж байна.
Мөн ойрын хугацаанд таван жилийн төлөвлөгөөгөө батална. Үүнийг бид анхааралтай судалж, өөрийн орны өсөлт хөгжлийг төлөвлөх, хэрэгжүүлэх хэрэгтэй. Хөгжил шинэтгэлийн хороо, сүүлд Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг байгууллага ажиллах хэрэгтэй гээд байгуулсан ч татан буулгасан.
Эдийн засгийн хэтийн төлөвийг судалж шинжлэн ирээдүйгээ төлөвлөн, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэхийн чиглүүлэх, удирдлага тодорхой чиг үүрэг бүхий байгууллага ажилла ёстой ч байгуулсанаа, татан буулгах юм даа. Магадгүй салбарынхаа яам, агентлагуудаа хэрэгжүүлж болох байх. Гэхдээ зайлшгүй удирдах чиглүүлэх байгууллага хэрэгтэй гэдгийг цаг хугацаа харуулж байна.
Одоогоор манай улсад амьдрах чадвартай, төлөвлөгөө бодлого хэрэгтэй. Гэтэл бидэнд төлөвлөгөө боловсруулсан ч хэрхэн хэрэгжүүлэх вэ, хэрэгжүүлэх дэд бүтэж, арга механизм, боловсон хүчний чадавхи байна уу гэдэг асуудал тулгарна. Дөрвөн жилийн мөчлөгөөр төрийн ажил явж байгааг хүмүүс шүүмжилсээр байгаа. Саяхан 2030 он хүртэлх Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан.
Гэвч уг урт хугацааны хөгжлийн стратегийг дунд, богино хугацааны төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэх, урт хугацааныхтайгаа уялдаж байгаа эсэхийг хянаж, сануулж байдаг, уялдааг нь хангадаг систем байхгүй. Засгийн газар, улс төрийн албан тушаалтан солигдохоор дараагийн албан тушаалтны өөрийнх нь боловсруулсан төлөвлөгөө хэрэгжиж эхэлдэг.
Тиймээс урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө тунхаг болж үлдэх эрсдэл байгаа юм. Уг нь үүнийг болон стратегийг өдөр тутмын шийдвэр, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх систем, арга механизм ажиллах ёстой.
Төр хувийн хэвшил хамтран ажиллахаас гадна өөр өөрийн үүргээ дээд зэргээр гүйцэтгэдэг байх хэрэгтэй байна. Бизнесийнхэн төрийн ажлыг илүү хийж чадах юм шиг шүүмжлээд, харин төрийн байгууллага, албан тушаалтнууд нь бизнесийг ингэж удирдаж, явуулах ёстой гэж заах гээд байх юм.
Төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж, төр нь эдийн засгийн өсөлтийн салбараа сайн бодлогоор хангаж, зохицуулж байх хэрэгтэй. Харин бизнесийнхэн тэрхүү бодлогыг харгалзан өөрсдийн санхүүгийн өсөлтийн бодлого, төлөвлөгөөгөө боловсруулан ажилламаар байгаа юм. Мэдээж өөрийн хариуцсан ажлаа дээд зэргээр гүйцэтгэх ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!