Финланд, Нидерланд, Швейцарь зэрэг улсууд иргэддээ сар бүр сул мөнгө олгодог болохыг сонирхож байгаа. Тэгвэл Канадчууд тэдэнтэй нэгдэхээр шийджээ.
Канадын Онтарио муж өнгөрсөн хоёрдугаар сард ийм туршилтыг 2016 оны сүүлээр хэрэгжүүлэхээ зарласан байна.
Ингэхдээ иргэддээ сар бүр хоол хүнс, тээвэр, хувцас, бусад хэрэглээний зардлыг нь хаах мөнгийг ямар нэг нөхцөлгүйгээр олгоно.
Зүгээр мөнгө тараах ийм зарчмыг бүр 1960-аад оноос олон газар ярьж эхэлсэн юм. Үүнийгээ “суурь орлого” гэж нэрлэж байв.
Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн туршилтыг өөр өөр улс орнуудын засгийн газрууд, судлаачид явуулж үзсэн ч үр дүн нь харилцан адилгүй гарч байжээ.
Туршилтыг хэрэгжүүлэх гэж байгаа Basic Income Canada Network байгуулага харин илүү өөдрөгөөр ирээдүйг харж байна. Тэд туршилт амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа ба цаашлаад Канад орон даяар хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа гэнэ.
Одоогоор Онтариогийн засаг захиргаа яг хэзээ эхлүүлэх, иргэн тус бүрт хэр хэмжээний мөнгө олгохоо эцэслэн шийдээгүй байна.
Финландад иргэд нь сар бүр 800 евро авахаар төлөвлөгдсөн бол Нидерландын зарим хотуудад иргэн бүрт $1,000-тай тэнцэх мөнгө олгох гэж байгаа гэнэ.
Зарим хүмүүс ийм аргыг нийгэмд залхуурал бий болгоно гэж үздэг бол өөр хэсэг судлаачид харин эсрэг нөлөөтэй гэж дүгнэдэг.
Тэдний тооцоолж байгаагаар хүмүүс санхүүгийн баталгаатай орлоготой болсноороо 17 хувь илүү цаг ажиллаж, 38 хувь илүү баялаг бүтээнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хүмүүс ахуй амьдралдаа бага санаа зовж, ажил бизнестээ илүү анхаарал тавих боломжоор хангагдах гэнэ.
Эх сурвалж: Tech Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!