Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн ТАВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ зээл олгох журам батлагдлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Орон сууцны ипотекийн таван хувийн хүүтэй зээл олгох журмыг баталлаа. 

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан байна.

Уг журамд зааснаар эхний ээлжинд: 

  • Шинэ суурьшлын бүс,
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс,  
  • Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг,
  • 21 аймгийн нутагт дэвсгэрт баригдсан орон сууцнаас худалдан авсан тохиолдолд таван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой юм байна. 

Харин нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас таван хувийн хүүтэй зээлээр хэрхэн худалдан авахыг зохицуулсан журмыг удахгүй батлах юм байна. Мөн үүнтэй цуг өмнө нь найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээл таван хувь руу шилжих журмыг тодорхой болгох ажээ. 

Ипотекийн зээлийн хүүг таван хувьд шилжүүлснээр Улаанбаатар хотод 18,450 айл өрх найман хувийн зээлээс шилжин орох боломжтой болох юм.

Засгийн газрын хуралдаанаас Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан тус сангийн 2016 төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, сангийн 2016 оны төсвийг батлах хүртэлх хугацаанд хууль болон журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд  заасны дагуу Монголбанктай гэрээ байгуулах, ипотекийн зээл олгох үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгажээ.