УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлаад байгаа билээ. Тодруулж хэлбэл, сонгуулийн жагсаалтын 28 мандатаас зургааг нь хасч нийслэлийн тойргуудад нэг нэгээр нь нэмж өгөх агуулгатай тогтоолын төсөл юм.
Уг тогтоолын төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлснийг өнгөрөгч Даваа гарагийн хуралдаанаар хэлэлцжээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Тусгайлан өгөх саналгүй” гэсэн хариу өгсөн байна. Тиймээс хууль санаачлагч нь тун удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх гэж буйгаа илэрхийлсэн.
Ш.Түвдэндорж гишүүн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын намрын чуулганы төгсгөлд УИХ-ын тойргийг 26 байхаар тогтоож түүнд хуваарилагдах мандатын тоог тогтоосон. Энэ үеэр нийслэлийн сонгогчдын тоо өмнөх сонгуулийнхтай харьцуулбал ихэд өссөн, хот хөдөөнөөс сонгогдож байгаа УИХ-ын гишүүдийн сонгогчдыг төлөөлөх мандат, сонгогчдын тоо нь харьцангуй зөрүүтэй байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэсэн шүүмжлэл их гарсан.
Гэсэн ч тухайн үед хөдөө орон нутгийн тойргийн мандатыг хот руу татах нь засаг захиргааны нэгжийг харгалзан үзэх үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэж шүүмжилснээр энэ асуудал УИХ-аар дэмжигдээгүй.
28 мандатын зургааг нь нийслэлийн зургаан тойрогт нэмнэ.
Харин нэрсийн жагсаалтаар сонгогдох мандатаас нийслэл рүү шилжүүлж болох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэх замаар сонгогчдын төлөөллийг тэнцвэржүүлэх боломжтой гэж үзсэн. Энэ үзэл санааны дагуу намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28-н мандатаас зургааг нь нийслэлийн зургаан тойрогт тус бүр нэг, нэг мандатаар нэмж оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж харсан юм.
Одоогийн байдлаар нийслэлд нэг гишүүн 100,000 орчим сонгогчийг төлөөлж, орон нутагт 50,000 орчим сонгогчийг төлөөлж байгаа. Энэ хол зөрүүг тодорхой хэмжээгээр багасгаж нийслэлийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах тэдний төлөө дуугарч, ажил хийх төлөөллийнх нь тоог нэмэх боломж нээгдэж байгаа юм” хэмээн хууль санаачлах болсон шалтгаанаа тайлбарлажээ.
Нийслэлийн квотыг нэмэх асуудалтай зэрэгцэн одоо Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болох билүү гэсэн асуулт гарч ирсэн.
Уг нь өмнөх хуулиудаар сонгууль болохоос зургаан сарын өмнөх хугацаанд Сонгуулийн тухай хуульд “гар дүрэх”-ийг хориглодог байсан. Гэтэл оны өмнөхөн батлагдсан хуульд энэхүү заалтыг оруулалгүй орхигдуулсан нь өдгөө маргаан дагуулаад байна.
Нэгэнт хуульд өөрлөлт оруулах боломжийг нээлттэй үлдээсэн учир Ш.Түвдэндорж гишүүн тогтоолын төсөл санаачлан УИХ-д өргөн барих гэж буй нь энэ юм.
Энэ асуудалд зарим гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал сонгууль болох жилийнхээ нэгдүгээр сарын 1-нээс тасалбар болсон байх ёстой. Сонгуульд оролцох гэж байгаа нам, нэр дэвшигчдэд хууль маш тодорхой нэг ижил гарааны нөхцөл байдлыг бий болгож өгсөн байх ёстой.
Тийм учраас одоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, нэмэх хасах асуудал байж болохгүй.
Өмнө нь хөдөө орон нутгийн квотыг бууруулаад, хотын квотыг нэмэх тухай асуудлыг УИХ-аар оруулж ирж байсан. Энэ хуулийн төслийг бид тэр үед нь дэмжээгүй. Яагаад гэвэл Монгол Улс тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлаа хамгаалах хэрэгтэй. Хөдөө орон нутагт алслагдсан ард иргэд маань нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээгчид. Нөгөө талаар хилээ манаж, Монгол Улсын тусаар тогтнолын баталгааг авч яваа хүмүүс юм. Тийм учраас эдний төлөөлөл Монгол Улсын Их Хуралд сууж байх ёстой. Мөн хот хөдөөгийн ялгааг арилгах, хөрөнгө оруулалтыг илүү татах бодлогыг авч явах ёстой юм.
Тиймээс харалган бодлого битгий явуулаасай гэж бодож байна. Намын листээр ордог 28 гишүүн нийслэл хотод ажиллаж үйл ажиллагаа явуулдаг. Үндсэндээ нийслэл маань 50 гаруй гишүүнтэй болдог. Энэ бол бага тоо биш.
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь буруу. Сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор өөрчлөлт оруулахгүй гэсэн зарчмаар явж ирсэн. Саяын хуульд тийм заалт ороогүй ч гэсэн зарчим нь өөрөө зөв. Засгийн газар ч юм уу аль нэг гишүүн хууль өргөн барингуут ойролцоогоор дөрөвдүгээр сард УИХ-аар хэлэлцэнэ гэж бодъё.
Тэгвэл намууд сонгуульд оролцох эсэхээ илэрхийлдэг цаад талын хугацаа дөрөвдүгээр сарын 29. Сонгуульд оролцох үгүйгээ шийдээд, тактик, стратегиа боловсруулж байтал долоохон хоногийн өмнө хэлэлцэх нь маш буруу.
Нийслэлийн мандатыг нэмэх нь зөв ч, шийдэх гэж байгаа арга нь буруу юм.
Хуулийн төсөлтэй сайн танилцаагүй ч миний мэдэж байгаагаар Улаанбаатар хотын мандатыг нэмэх гэсэн юм шиг байна. Уг нь зөв гэхдээ нэмж байгаа арга нь буруу юм. Хот, хөдөөг төлөөлж байгаа мандатын тоо ойролцоо байх ёстой. Хотыг төлөөлж байгаа мандат нь хөдөөг төлөөлж байгаагаасаа хэд дахин илүү болчихоод байна. Үүнийг өөрчлөхийн тулд пропорциональд ногдож байгаа 28-ыг бууруулж байгаа нь буруу.
Манайх олон жил мажоритар тогтолцоогоор явж ирсэн. Мажоритар тогтолцоо нь нэгдүгээрт, хүчээр хоёр намын тогтолцоо руу түлхдэг. Хоёрдугаарт сонгогчдын өгсөн санал яг тэр хэрээрээ тусгалаа олж чаддаггүй. Арай жаахан илүү хувь авсан нь хамаагүй илүү суудал авдаг тийм тогтолцоо юм.
Хуульдаа өөрчлөлт оруулахгүйгээр УИХ мандатын асуудлаа шийдэж болдог. Энэ асуудлаа нэгдүгээр сард шийдэж чадаагүй учраас ийм байдлаар оруулж байгаа юм болов уу гэж бодож байна.
|
Тойргийн дугаар |
Тойргийн нутаг дэвсгэр |
Тойргийн төв |
Тойрогт ногдох мандатын тоо |
|
1 |
Архангай |
Эрдэнэбулган сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
2 |
Баян-Өлгий |
Өлгий сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
3 |
Баянхонгор |
Баянхонгор сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
4 |
Булган |
Булган сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
1 |
|
5 |
Говь-Алтай |
Есөнбулаг сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
1 |
|
6 |
Дорноговь Говьсүмбэр |
Сайншанд сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
1 |
|
7 |
Дорнод |
Хэрлэн сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
8 |
Дундговь |
Сайнцагаан сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
1 |
|
9 |
Завхан |
Улиастай сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
10 |
Өвөрхангай |
Арвайхээр сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
11 |
Өмнөговь |
Даланзадгад сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
1 |
|
12 |
Сүхбаатар |
Баруун-Урт сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
1 |
|
13 |
Сэлэнгэ |
Сүхбаатар сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
14 |
Төв |
Зуунмод сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
15 |
Увс |
Улаангом сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
16 |
Ховд |
Жаргалант сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
17 |
Хөвсгөл |
Мөрөн сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
18 |
Хэнтий |
Хэрлэн сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
19 |
Дархан-Уул |
Дархан сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
20 |
Орхон |
Баян-Өндөр сум, Аймгийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
21 |
Хан-Уул Багахангай Багануур дүүрэг |
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
22 |
Баянзүрх Налайх дүүрэг |
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар |
3 |
|
23 |
Сүхбаатар дүүрэг |
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
24 |
Чингэлтэй дүүрэг |
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
25 |
Баянгол дүүрэг |
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар |
2 |
|
26 |
Сонгинохайрхан дүүрэг |
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар |
3 |
|
ДҮН |
48 |
||
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!