2016 оны гуравдугаар сарын 03-04-ний өдрүүдэд ихэнх нутгаар их цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цасанд хаагдах нөхцөл байдал үүссэн тул гуравдугаар сарын 03-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл байдал сайжиртал тодорхойгүй хугацаагаар түр хязгаарлаад байна.
Их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 83 иргэнээс (үүнээс 14 малчин малтайгаа шуурганд уруудсан) 53 иргэнийг эсэн мэнд олж, 30 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.
Цасан шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал цасанд дарагдсаныг тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай арга хэмжээ авснаар нийт 10 толгой мал хорогдсон.
Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагаас 24 албан хаагч, 4 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 155 хүн, 28 автомашин, нийт 179 хүн, 32 автомашинтай ажиллажээ.
Эх сурвалж: ОБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!