Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн ил тод байдал ба засаглалд тулгарч буй сорилт

ikon.mn
2016 оны 3 сарын 3
iKon.MN

Одоогоос арав гаруй жилийн өмнө  манай улсын далд эдийн засгийг хууль бус сектор маш бага, харин албан бус секторын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 10-25 хувьтай дүйцэж байна гэж үнэлэгдэж байв.

Хууль бус секторт хууль бус хил дамнасан худалдаа, хуулиар хориглогдсон барааны үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, үйлчилгээ (мансууруулах бодис, галт зэвсэг, мөрийтэй тоглоом, хүний биеийг үнэлэх)-с олсон орлого, улсын, олон нийтийн болон хувийн өмчийг шамшигдуулах, мөнгө угаах, татвар нуун дарагдуулах, авилгал зэргийг хамруулж ойлгож болно. Харин албан бус секторт хуулиар зөвшөөрөгдсөн бизнесийн үйл ажиллагааг бүртгэлгүйгээр явуулах, бүртгэлгүй өрхийн үйлдвэрлэл, жижиг худалдаа зэргийг оруулан тооцдог ба голчлон хувиараа эрхлэх аж ахуйн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус салбарын орлогыг бүрдүүлдэг. Албан бус сектор нь эдийн засгийн хөгжлийн тодорхой түвшин хүртэл аль ч улс оронд тохиолддог үзэгдэл бөгөөд албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгааг сайжруулах нь бодлогын асуудал болж тавигддаг.

Гэтэл манай улсад албан секторт ажиллагчид 2006-2007 онд нийт хөдөлмөр эрхлэгчдийн 33,4% байсан бол 2013 онд 42,6% болж өссөнөөс үзвэл хөдөлмөр эрхлэлт аажмаар албан секторт шилжиж байна. Өөрөөр хэлбэл албан бус сектор аажмаар хумигдаж байна гэж хэлж болно. Албан бус секторт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн орлого, ажилчдын тоо нэмэгдэхийн хэрээр албан секторт шилжих сонирхол нь нэмэгддэг зүй тогтолтой. Үүнийг аж ахуйн нэгжийн тоо 2005 онд 39,677 байснаас 2015 онд 64,301 болж өссөнөөс ажиглаж болно. Тиймээс манай эдийн засаг дахь албан бус секторын хэмжээ нэмэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй байгаа юм.

2005 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн гурван их наяд төгрөг байсан бол 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр хорин гурван их наяд төгрөг байна. Үүнийг 2005 оны зэрэгцүүлэх үнээр засварлан харьцуулбал бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3,3 дахин нэмэгджээ.

УИХ 2007 онд “Татварын өршөөл үзүүлэх тухай хууль” батлахад нийт 4,5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болж байсан нь тухайн оны дотоодын нийт бүтээгдэхүүний 92%-тай тэнцүү байсан бол 2015 онд батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль”-ийн хүрээнд 34,7 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болж тус оны дотоодын нийт бүтээгдэхүүнээс 1,5 дахин их болсон байна. Мөн тус хуулийн хүрээнд чөлөөлөгдсөн татварын нийт дүн найман их наяд төгрөг болсон нь 2015 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн хэмжээнээс давж байна.

2007-2015 оны хооронд нуун дарагдуулсан нийт хөрөнгийн хэмжээг илүү амьдралд ойр тоогоор илэрхийлбэл, арван долоон тэрбум доллар буюу Оюу толгойн хөрөнгө оруулалтаас даруй гурав дахин их тоо болох нь.

Зөвхөн авч чадаагүй татварыг тооцож үзвэл, 2015 онд төрөөс зарцуулсан бүх мөнгө буюу бүх төрийн болон төсөвт байгууллагын ажилчдын цалин, дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалт, сургууль, цэцэрлэгийн барилга, тэрчлэн хүүхдийн хорин мянгыг өгч хүрэлцэхүйц мөнгө байсан гэж ойлгож болно. 

Өмнө дурдсанчлан манай эдийн засаг дахь албан бус салбарын орлого ийм хэмжээнд өсөх бололцоогүй. Тиймээс дээрх ил болсон хөрөнгө орлого нь хууль бус үйл ажиллагааны үр дүн гэж шууд хэлж болно. Үүнд татвар нуун дарагдуулах, татвараас зайлсхийх, авилга авах, ашигт малтмалын болон бусад төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн худалдаа, төрийн болон олон нийтийн өмчийг завших, хууль бус газрын худалдаа зэргийг онцлон дурдах нь зүйд нийцнэ.

Энэ бол Монголын төрийн чадавхигүй байдлыг харуулсан үйл явдал бөгөөд төр энэхүү хариуцлагагүй байдлаа хүлээн зөвшөөрч, хууль бус үйлдлийг удаа дараа өршөөж байгаа нь цаашид хариуцлагатай бизнес хөгжихөд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Дүгнэвэл

Манай улсад сул засаглалаас үүдсэн хууль бус секторын орлого маш өндөр байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд улс төрийн хүрээнд засаглал, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэгдсэн дорвитой алхам хийгээгүй байна. Түүнчлэн улс төрийн хүрээнд засаглалын чадавхигүй байдлаас үүсч буй асуудлыг үндсээр нь шийдвэрлэх бус харин түр зуурын арга хэмжээ авч, татварын өршөөлийн болон эдийн засгийн ил тод байдлын хуулиудыг батлан гаргалаа. 2007 онд татварын өршөөлийн хуулийг батлах үед эдийн засгаа нэг удаа ил болгож авах нь чухал байсан бол 2015 онд эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлах үед мөн л энэ шалтаг хууль батлах үндэс болж байв.

Эдгээр хуулиуд нь хуулийн дагуу татвараа төлж, шударгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн аж ахуйн нэгжүүдийг өрсөлдөөнд сул талтай болоход нөлөөлөхүйц, төрийн болон олон нийтийн хөрөнгө завших, авилгал авах зэрэг хууль бус аргаар орлого олсон иргэд хуулийн хариуцлагаас мултарсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдалд дүгнэлт хийж дараах асуултад хариулсанаар эдийн засгийн гэмт хэрэг, хууль бус орлого олох боломжийг хязгаарлах, улмаар засаглалыг бэхжүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжихийн тулд дараах асуултуудад хариулах шаардлагатай болж байна.

  1. Өнгөрсөн хугацаанд нийт хөдөлмөр эрхлэгчдийн дүнд эзлэх албан секторт ажиллагчдын жин нэмэгдэж байхад дотоодын нийт бүтээгдэхүүнээс 1,5 дахин их хөрөнгө, орлого хаанаас бий болов?
  2. Манай эдийн засаг дахь далд (сүүдрийн)эдийн засаг ямар хэмжээтэй вэ? Далд эдийн засгийн орлогын эх үүсвэрүүдийг ангилан авч үзвэл ямар бүтэцтэй байгаа вэ?
  3. Хөрөнгө орлогыг дахин бүртгэх, хууль бус үйлдлүүдийг цагаатгахад чиглэгдсэн эдийн засгийн ил тод байдлын, татварын өршөөлийн гэхчлэн хуулийг санаачлах, батлах сонирхол хаана илүү бүрэлдэн бий болж байна вэ? Дахин ийм хууль батлагдах боломжтой юу?
  4. Эдийн засгийн гэмт хэргийн ямар төрлүүд байна вэ, эдгээр төрлүүдтэй тэмцэхэд чиглэгдсэн эрх зүйн тогтолцоо бий болж чадсан уу?

Хэрэв засаглалын өнөөгийн байдал цаашид энэ хэвээр үргэлжилбэл манай эдийн засгийн талаас илүү нь хууль бус салбарт шилжиж, авилгал улам гаарах нь дамжиггүй бөгөөд зөвхөн цаг хугацааны асуудал болно.

Хамгийн гол асуудал нь, хэдийгээр хуулийн хариуцлага хүлээлгэхгүй боловч эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд хөрөнгө орлогоо ил болгосон аж ахуйн нэгжүүд, иргэдийн ил болгосон хөрөнгө, орлогын мэдээллийг ил болгох нь зүйд нийцнэ.

Эдийн Засагч, Хөдөлмөрийн Бодлого Судлаач М.Чимэддорж

Тоо баримт эш татсан сурвалжууд:

  • Нээлттэй Нийгэм Форум, АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Үндэсний Статистикийн хороо. (2005) . Монгол улсын албан бус секторын хамрах хүрээ, төлөв байдал. Улаанбаатар: АНУ-ын Мэриландын их сургуулийн зөвлөх багийн удирдлага дор.
  • АНУ-ын РАНД корпораци, Хөдөлмөрийн Яамны харьяа Хөдөлмөрийн Судалгааны Институт. (2014) . Монголын хөдөлмөрийн зах зээлийг сайжруулж, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь. Улаанбаатар
  • Үндэсний Статистикийн Хороо. Статистик мэдээллийн нэгдсэн сан: Бизнес регистр, аж ахуйн нэгж байгууллагын тоо. http://www.1212.mn/statHtml/statHtml.do
  • Үндэсний Статистикийн Хороо. Статистик мэдээллийн нэгдсэн сан: Дотоодын нийт бүтээгдэхүүн. http://1212.mn/statHtml/statHtml.do
  • Г.Дарь. (2016, 02/25). Б.Болор: Гадаадын хөрөнгө оруулалт бага байна. News.mn . Мэдээллийг хайсан 2016, 02/25 . http://politics.news.mn/content/236448.shtml