Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ болохыг анхаарууллаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 3 сарын 1
iKon.MN

Гуравдугаар сарын 3, 4-нд ихэнх нутгаар ЦАС орж, хүчтэй цасан шуурга шууран ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ болох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2016.03.01/ Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар хамтран мэдээлэл хийлээ.

 

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэн секторын эрхлэгч Ж.Цогт "Гуравдугаар сарын 2, 3-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.

Хангайн нуруу, Хан Хөхийн нуруу, Орхон, Сэлэнгийн сав газраар тэгээд зүйн аймгуудын нутгаар илүү их цас орох шинжтэй байна

Монгол Улсын Засгийн газраас салхи 16 м/с-ээс дээш хурдтай салхилж, цас зургаан цагаас дээш хугацаагаар үргэлжлэн орох болон 12 цагийн дотор 10 мм болон түүнээс  дээш хэмжээний цас орохыг бас цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг.
Хөх өнгөөр тэмдэглэгдсэн газруудад хур тунадас их орно.
Улбар шар, улаан өнгөөр тэмдэглэгдсэн газруудад 16 м/с-ээс дээш хурдтай салхилна.

Энэ цаг агаарын гамшигт үзэгдэл нь баруун Сибирээс шилжин ирж байгаа бага даралтын оронтой холбоотой бөгөөд энэ бага даралтын орон нь 3-ны шөнө баруун аймгуудын нутгаар орж ирээд, Хангайн нурууг давж,Орхон, Сэлэнгийн сав газарт гүнзгийрч өндрийн бага даралтын орон үүсэх нөхцөл бүрэлдэж байгаа" гэлээ.

ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ болох төлөвтэй байгаатай холбогдуулан ОБЕГ-аас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Хөдөө, орон нутагт зорчиход зам даваа хаагдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн хөдөө, орон нутгийг зорихдоо дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах
     
  • Малчдын хувьд малын бэлчээрлэлтэд онцгой анхаарах 
     
  • Холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж мөрдөх
 

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян "Хүчтэй салхи шуурганы үеэр авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан авто замын хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авч ажиллана.

Монгол Улсын хэмжээнд 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий байнгын цасанд боогдох эрсдэлтэй байдаг. 

Өнгөрсөн жил дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд нийт нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Энэ үеэр 150 гаруй малчин малаа дагаж яваад салхинд уруудаж төөрсөн. Төөрсөн иргэдийг хайх, аврах ажиллагааг ОБЕГ-аас зохион байгуулж 147 малчныг олсон байгаа.

Мөн орон нутгийн замт төөрч, цасанд боогдсон 540 гаруй  тээврийн хэрэгсэлтэй 2,100 гаруй иргэнийг авран тусалсан. Тиймээс шаардлагатай тохиолдолд замын хөдөлгөөний хязгаарлалт хийх болно" хэмээн ярилаа.