Долоо хоног бурийн Пүрэв гарагт болдог "Сайдын цаг" уулзалт өчигдөр Засгийн газрын хуралдааны танхимд боллоо. Уулзалтад Сангийн сайд Б.Болор болон ТГЕГ-ын дарга С.Пүрэв нар оролцож, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж дууссантай холбогдуулан тодорхой мэдээлэл өгсөн юм.
Хуулийн хугацааг УИХ-аас анх батлахдаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн дотор нуусан болон далд хөрөнгөө ил болгох шаардлагатай гэж баталсан.
Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард уг хуулийн төслийн хэрэгжиж дуусах хугацааг сунгах ёстой гэж үзэн хоёрдугаар cap хүртэл сунгасан юм. Сангийн сайд Б.Болор хэлэхдээ "Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл зорьсон зорилгодоо хүрсэн. 2007 оны хуулиас үр дүн нь эрс ялгаатай гарлаа.
Гэхдээ энэ тоо урьдчилсан байдлаар гарсан тоо гэдгийг анхаарах хэрэгтэй. Эцсийн дүн гарахад төдийлөн өөрчлөлт орохгүй болов уу гэж бодож байна” гэсэн юм.
Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21,275 санхүүгийн тайлан, 89,394 татварын тайлан, 4,165 нийгмийн даатгалын тайлан, 8,140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.
Түүнчлэн 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1,176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа аж. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ.
Ингээд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбоотойгоор Сангийн сайд Б.Болороос зарим зүйлийг тодрууллаа.
-Хууль хэрэгжиж дуусах өдөр буюу энэ сарын 20-ны өдрийн 17.00 цагаас шөнийн 00.00 цагийн хооронд сервер шатсан талаар зарим байгууллагуудаас гомдол гараад байгаа. Уг асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Энэ асуудлыг өнгөрсөн Даваа гарагийн шуурхай хуралдааны үеэр нэлээд ярьсан. Гомдол гаргаад байгаа байгууллагуудыг бүртгэх тал дээр хуулийн хүрээнд ямар боломж байна гэдгийг бид судалж үзэж байгаа.
Ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийднэ. Уг нь өнгөрсөн жилээс эхлээд л хоёрдугаар сарын 20-ныг хүртэл хугацаа өгсөн. Гэтэл энэ сарын 20-нд бөөнөөрөө орж, серверийн ачааллыг нэмэгдүүлснээс асуудал үүсэн. Одоо хуулийн хугацааг дахин сунгах боломжгүй.
-Хуулийн хэрэгжилтийн хүрээнд нэлээд их хэмжээний хөрөнгийг ил болголоо. Ер нь иргэд ямар аргаар болон ямар шалтгаанаар хөрөнгөө нууж байгааг судалж үзсэн үү?
-Олон улсын байгууллагуудын судалгаагаар манай оронд далд эдийн засаг цэцэглэж байна гэсэн судалгаа гардаг. Энэ судалгаан дээр үндэслэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Улмаар хуулийн хэрэгжилтийг үр дүн ч сайн гарлаа. Манайхан яг хаанаас ямар байдлаар хөрөнгө орж ирж байгаа вэ гэдгийг тогтоохоор судлаачид ажиллаж байна. Нарийн судалгаа хийгдэж дуусаагүй байгаа. Судалгааны хариу гарахаар нь хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.
-Сангийн яам, Монголбанкны зүгээс шалтгаалсан орон сууцны таван хувийн зээлийн ямар асуудлууд хүлээгдэж байгаа бэ?
-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох ажил хэрэгжинэ. Монголбанк, Сангийн яам хамтран ажиллаад явж байгаа. Хамгийн ойрын хугацаанд шийдэхээр төлөвлөж байна. Засгийн газраас журам нь батлагдсан.
-“Мазаалай бонд” Олон улсын зах зээл дээр босгох яриа гараад намжсан. Бонд босгох асуудал юу болсон бэ?
-Зах зээлийн эдийн засагтай улс орон жил бүр үнэт цаас гаргадаг. Энэ эрхээ УИХ-аас төсөв батлах үеэрээ авдаг байгаа. Өрийн таазандаа багтааж, тодорхой эрхийнхээ хүрээнд Олон Улсын зах зээл дээр бонд босгох ажлыг бид эхлүүлсэн байсан. Энэ ажил эхэндээ нэлээд амжилттай явж байсан.
Гэвч улстөрийн нөхцөл байдлаас үүдэн зогсонги байдалд орсон. Биднийг бондын зах зээл рүү гарч байх үед хүү 8-9 хувьтай байсан бол одоо 13 хувь руу орчихсон байгаа.
Хүү өндөр байгаа учраас бонд авах талаар дахин ямар нэгэн алхам хийх төлөвлөгөө алга.
Засгийн газрын огцруулахаар санал өргөн барьсан өдөр хүү огцом өсч, завсарлага авсны дараа мөн огцом өссөн. Нэгэнт хүү огцом өсчихсөн учраас амархан буурахгүй байна. Тиймээс түр зогсоод бангаа.
-Засгийн газраас бонд босгох талаар дахин ажиллах уу. Ер нь бондоор хэдий хэмжээний хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байгаа юм бэ?
-Хүү өндөр байгаа учраас бонд авах талаар дахин ямар нэгэн алхам хийх төлөвлөгөө алга. Яг хэдий хэмжээний хөрөнгө босгох талаар ярилцсан зүйл байхгүй.
-Хэрвээ хүү буурвал бонд босгох ажлыг эхлүүлэх үү. Хүү хэд байвал Засгийн газарт ашигтай вэ?
-Зээлийн хүү мэдээж нэг оронтой тоо руу орсон нөхцөлд бондын талаар ярилцах боломжтой.
-Хятадын Экспорт, импортын банкнаас 1.3 тэрбум долларын зээл авах гэж байна гэсэн мэдээлэл бий. Хэзээ ажил хэрэг болох вэ?
-БНХАУ-тай өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр тохирсон хөнгөлөлттэй зээл байгаа юм. Энэ асуудлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт Бээжинд очиж албан уулзалтууд хийгээд ирсэн. Төслүүд анхнаасаа тодорч, ирэх дөрвөн сараас бүтээн байгуулалтын үр дүн харуулах бололцоо харагдаж байгаа.
Гадны экспертүүд хэлж байна, дотоодын эдийн засагчид ч хэлж байгаа. Гол нь эдийн засгаа сайжруулах шаардлагатай байгаа үед улстөрчид нэгдмэл байж, улс төрийн популизмаас татгалзаж, УИХ-ын сонгууль болох гэж байгаа үед эдийн засгаа алахааргүй юм руу яваасай л гэж бодож байна.
2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө гадаадын хөрөнгө оруулалтаа их хэмжээгээр бууруулах шийдвэр гаргаснаар хөрөнгө оруулалт буурсан байгаа. Сонгуулийн жил ч гэлээ эдийн засгаа зөв голдрилд нь оруулах төсөв оруулж ирж байсан.
-УИХ-ын намрын чуулганаар Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хэд хэдэн хууль баталсан. Хэдий хэмжээний татварын чөлөөлөлт хийгдсэн бэ, төсөвт нөлөөлөх үү?
-Хуулийн төслийг өргөн барих үеэрээ төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээг байнга хийж байгаа. Хуулийг баталснаараа орлого яаж нэмэгдэх вэ гэдгийг судалж байгаа. Судалгаа дууссаны дараа нэгдсэн мэдээлэл өгнө.
-НӨАТ-ын азтан болсон ч хонжвороо авч чадахгүй байна гэсэн гомдол Засгийн газрыг 11-11 төвд ирсэн. Энэ асуудлыг судалж үзсэн үү?
-Энэ асуудлыг судалж үүсэн. Судалж үзээд саадгүй олгохоор болсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!