Өнгөрсөн Баасан гарагт АТГ-аас өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүн болон нийгэмд дуулиан, тарьж буй хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллийг тоймлон хүргэе.
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг төмөр зам барихтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахдаа мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байгаа.
АТГ-ынхан энэ талаар хэлэхдээ ‘‘Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас анх эрүүгийн хэрэг үүсгэн шал гаж УЕП-оос манай байгууллагад харьяалал тогтоогоод цагдаатай хамтран ажлын хэсэг байгуулан шалгаж байна. Тухайлбал, энэ хэрэгт хамааралтай гадаадад байгаа нэг хүн нь нь эх орондоо ирж өөрийн биеэр мэдүүлэг өгч байцаагдах тухайгаа бичсэн мэдэгдэл олон нийтэд цацагдсан байгаа.
Үүнийг бид мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр тэр хүмүүс эх орондоо ирж, хэргийн талаар тайлбарлаж яриагүй байна. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа холбогдох хуулийнхаа дагуу олон улсын хэмжээнд явагдаж байгаа. Тухайн этгээдүүдийн оршин сууж байгаа тус улстай Монгол Улс эрхзүйн харилцан тусгай гэрээтэй тохиолдолд авчрахад ямар нэгэн саад учрахгүй. Харин гэрээгүй тохиолдолд тухайн эрэн сурвалжилж байгаа тохиолдолд Интерполын байгууллага өөрсдөө бариад авчирч өгөхөөс бид нар очиж авчрах боломжгүй юм” гэсэн юм.
АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнд холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорын газарт шилжүүлжээ.
Тус газраас мөрдөн байцаалт явуулж байгаа уг эрүүгийн хэрэгт өнгөрсөн оны тавдугаар сарын 21-ний өдөр Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн орон байранд прокурорын баталсан үндэслэл бүхий тогтоолоор нэгжлэг хийсэн юм.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явж байх хугацаанд Г.Дэнзэн нь гадаад улсад зорчиж байгаад ирсэн байдаг. Түүнийг ирсний дараагаар хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох авлигын хэргийг УЕП-оос АТГ-руу мөрдөн байцаалтад буцаасан. Ямар үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан талаараа тэд хурлын үеэр тайлбарласан юм. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр Т.Шийлэгдамба гэдэг хүн сайдаар ажиллаж байсан хүн манай байгууллагад авлигын хэргээр шалгагдаж байгаад хэргийг нь прокурорын байгууллага руу шилжүүлсэн. Тус газраас хянаж байтал тэрбээр олон нийтэд хандаж сонордуулга маягийн ил захидал хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан гаргасан.
Үүнийгээ гаргах явцдаа өөрийнхөө авлигын гэмт хэргийн талаар болон авлига авсан мөнгөө хэнд өгсөн, тус мөнгийг хувьдаа хэрэглээгүй, өөрийн харьяа намын эрх бүхий албан тушаалтнууддаа өгсөн тухай мэдээллийг цацсан. Ийм үндэслэлийг дахин шалгаж үргэлжлүүлэн мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг прокуророос гаргаж АТГ руу хэргийг буцаасан.
Тиймээс энэ хэрэгтэй холбогдуулж, тус намын санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг нь шалгаж эхэлсэн. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа болохоор
П.Цогтбаатарын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт шалгаж байгаа. Хандив, авлига хоёр шал өөр зүйл" гэв.
АТГ өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 8,283 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 8,119 нь мэдүүлгийг хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ. Эдгээрээс
1. 279 хүнд ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан,
2. 163 хүнд ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнийг тогтоож анхааруулсан,
3. 706 этгээдийн материалыг хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцаасан,
4. 38 нэр дэвшигчийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!